Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Аймгийн сүлд

2015-01-26 16:22
Увс аймгийн Сүлд тэмдэг нь 1999 оны 12-р сарын 21-нд Аймгийн ИТХ-ын  IX-р хуралдаанаар батлагдсан.
Сүлд тэмдэгийн тайлбар: Дэлхий өөрөө бөөрөнхий бөгөөд нарыг тойрон тасралтгүй хөдөлгөөнд оршдог тул амьдрал, ертөнцийн үйл түүний нэгэн адил байдгийг харгалзан Увс аймгийн бэлгэдэл, сүлд тэмдэгийг дугуй дүрстэй байхаар сонгож авсан байна.
Доторх дүрс: 
  1. Тойргийн дээд талын хагасыг цэнхэр өнгөтэй харуулсан нь Монголчуудын энх мэндийн бэлгэдэл болсон мэндийн цэнхэр хадгийг илэрхийлсэн юм.
  2. Улаан өнгөтэй гурван галын дөл нар, сараар өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг харуулахын хамт мандан бадарч явахын бэлгэдэл дүрсэлсэн.
  3. Улаан зураасан тойргоор тойргийн дотор хүрээг хийсэн нь аймгийн төв Улаангом гэдгийг харуулсан.
  4. Тойргийн доод хагасыг шар өнгийн суурь дээр хар хүрэн өнгийн дүрсээр зурсан. Үүнд: Мориор мал аж ахуйг арвай тарианы түрүүгээр газар тариалан, хүрдээр аж үйлдвэрийг дүрслэн харуулсан.
  5. Тойргийн дотор талд ногоон өнгийн суурин дээр Увс аймгийн нэрийг тод үсгээр бичсэн. Ногоон өнгөөр тал хээрийн бүсийг тод үсгээр баруун Монголын эртний уламжлалт соёлыг харуулж байгаа юм.
  6. Тойргийн төвд цайвар бор болон цагаан шар өнгөөр элсэн манхан зурж говь цөлийн бүсийг харуулахыг эрмэлзсэн. Манхны цаана өнгө ялгасан цагаан цэнхэр давалгаанаар Увс аймгийнхаа нууруудыг илэрхийлсэн. Нуурын цаана мөнх цасан дуулгатай Хархираа, Түргэний уулсаа зурсан. Уулын цагаан оргил нь нисэж байгаа цагаан шонхор шувуу, монгол гэрийн өрхийг давхар илэрхийлсэн.
Сүлд тэмдэгийг Улаангом сумын 5-р багийн 12-ын 24 тоотод оршин суугч зураач Б.СОНИНБАЯР бүтээжээ



2015-01-26 16:22

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд