Увс нутгийнхаа гал голомтыг сахин ажиллаж,
амьдарч буй эрхэм нутгийн ард иргэдээ, эрхэмсэг ноёд хатагтай нараа...
Хөгжил дэвшлийн аясыг дагаж хорвоо
ертөнцийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй нутаг нэгт Увсчууд аа...
Та бүхэндээ тулгар төр байгуулагдсаны 2226,
Их Монгол улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо
сэргээсний 106, Ардын хувьсгалын 96, Увс аймаг байгуулагдсаны 92 жилийн ой,
аймгийн баяр надмын чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Бид бүхэн Монгол хүн бүрийн тусгаар
тогтнолын бэлэг тэмдэг болгож өв соёлоо хөгжүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх
Монгол түмний их баяр цэнгэл наадмаа тэмдэглэж байна.
Увсын цэнхэр хязгаарт дэлгэр сайхан зун
болж байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд
ээлжит 5-р хурлаа амжилттай зохион байгуулж аймгийн Засаг даргын 2020 хүртэл
хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, ИТХ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэлээ тодорхойлж
Тэргүүлэгчдийн хурлаар Боловсролын багц хөтөлбөр, Монгол хэл бичгийн
хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталлаа.
Аймгийн ИТХ-аас энэ 2017 онд Нутгийн өөрөө
удирдах байгууллагыг бэхжүүлэх, бүх шатны төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг
зохион байгуулж сумдын ИТХ-ын төлөөлөгчид МУ-ын Нийслэл Улаанбаатар хотод очиж
сургалтанд хамрагдаад байна.
Увс аймгийн ИТХ-ын гадаад харилцааг
өргөжүүлэх зорилгоор ОХУ-ын Тува улсын дээд хуралтай хамтран ажиллах санамж
бичигт гарын үсэг зурж цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөөд байна.
Аймгийн боловсролын салбарт
багц хөтөлбөрийн хэрэгжилт, сурагчдын сургалтын үнэлгээ, гарааны мониторинг
ИТХ-ын төлөөлөгчдийн санаачлагаар зохион байгууллаа. Цаашид энэхүү үнэлгээний
ажлыг аймгийн ИТХ-ын нэрэмжит ажлын нэг болгож Тэргүүлэгчдийн хурлаар баталсан
“Боловсрол багц хөтөлбөр”-үүдийн хэрэгжилтийг хангуулан ажиллах болно.
Аймгийн ИТХ-ын зүгээс энэхүү 2017 оныг
“Согтуу жолоочгүй жил” болгон зарлаж ГХУСАЗСЗ нь аймгийн Цагдаагийн газартай
хамтран ажиллаж, нэн шаардлагатай сүүлийн үеийн техник хэрэгслээр хангаад байна.
Наадмын маргааш Намар гэдэг. Тиймээс зуны
урин дулаан цагийг тайвширч, удааширч өнгөрөөлгүй намар, өвлийн бэлтгэлээ
базааж эхлэх нь иргэд хөдөлмөрчид Та бидний ойрын зорилт болоод байна. Тиймээс
энэхүү баяр наадмаасаа ихийг бүтээж туурвих эрч хүчийг авч, орон нутгийнхаа
хөгжил дэвшил, өрх, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө хичээн зүтгэцээе.
Баяр наадмын минь Хүчит бөхчүүд нь бяртай,
Уран мэх нь даацтай,
Аргамаг хүлгүүд нь шандастай, Харваачдын
нум нь хөвчтэй, сум нь онч
Мэргэн байх болтугай.
ТА БҮХЭНДЭЭ ЭРҮҮЛ ЭНХ ЭНЭ ХОРВООГИЙН
ХАМГИЙН
САЙН
САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ