Увс аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Увс аймагт “Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд
хөтөлбөр” /2017-2021/-ийг хэлэлцэн баталлаа.
ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Монгол Улсын Их хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол улсын
тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Монгол Улс нүүдлийн соёл, аялал
жуулчлалын олон улсын төв болон хөгжих зорилтыг тавьсан бөгөөд 2016-аас 2020
онд Байгаль, соёлын өвийн үйлдвэрлэл, үзэмрүүдийг голлох төвүүдэд жуулчлалын
дэд бүтэц, үйлчилгээний чанарыг сайжруулах, олон улсын тавцанд Монголын аялал жуулчлалын
онцлог дүр төрхийг бүрдүүлэх, байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан эко
аялал жуулчлалын бүсүүд, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж гадаадын жуулчдын
тоог 1.0 саяд хүргэхээр тодорхойлсон байна.
Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 324 дүгээр
тогтоолоор Монгол Улсын “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг
батлан хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл
ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг бүс нутгийн хэмжээнд
дээшлүүлж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг
нэмэгдүүлэх зорилт тавин, үндэсний зан заншил, уламжлал, түүх соёл, унаган
байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж,
нийслэл, аймаг, бүс нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын дэд хөтөлбөр
боловсруулж, хэрэгжүүлэхээр тусгасан.
Увс аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Манай Увс” үйл
ажиллагааны хөтөлбөрийн Эдийн засгийн хөгжлийн нэг үзүүлэлт нь аялал жуулчлалын
хөгжил байхаар тусгагдсан. Иймээс аймаг, сумын онцлогт тохирсон аялал
жуулчлалын дэд хөтөлбөр шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх, аялал жуулчлалын
салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх, аялал
жуулчлалын материаллаг баазыг бэхжүүлэх, менежментийг боловсронгуй болгох,
үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх зэрэг шаардлагыг үндэслэн Увс
аймгийн “Аялал жуулчлалын дэд хөтөлбөр”-ийг боловсруулсан байна.
Хөтөлбөрийг 2 үе шаттайгаар 2017 оноос 2021 он хүртэл хэрэгжүүлэх
ба
1-р үе шат: 2017 – 2019 онд: “Аймгийн аялал
жуулчлалын салбарын бүтэц, зохион байгуулалт, маркетингийг тогтвортой байлгаж,
жуулчны бааз, үйлчилгээний байгууллагуудын материаллаг хангамж, боловсон хүчний
нөөцийг бүрдүүлэх, гадаад, дотоодын үзэсгэлэн яармагт оролцож байгалийн
үзэсгэлэнт байдал болон үндэстэн ястны ахуй амьдрал, ёс заншлыг сурталчлах,
аялагч жуулчдыг татах
2-р үе шат: 2020 – 2021 онд: Тогтвортой аялал жуулчлалыг
хөгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ард иргэдийн аялал жуулчлалаас
олох орлогыг нэмэгдүүлэх юм байна.
Мөн хурлаар Аймгийн Засаг даргын орлогч томилох тухай, Зарим сүм хийдийн
зөвшөөрөл сунгах тухай, ОНӨ-ийн асуудал, Шагналд тодорхойлох тухай, Аймгийн
ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 6-р хуралдааны тов зарлах тухай асуудлуудыг
хэлэлцэн шийдвэрлэнэ.