Аймгийн ИТХ-ын 2013 оны 12-р сарын 02-ны өдрийн 5-р хуралдааны
5/05 тоот тогтоолын
2-р хавсралтаар батлав.
Аймгийн ИТХ-д асуудал
санаачлан өргөн мэдүүлэх, хуралдааны
бэлтгэл
хангах
журам
Нэг. Хуралд асуудал
санаачлан өргөн мэдүүлэх, танилцуулах
1.1 Хурлын Тэргүүлэгчид, хороо, төлөөлөгчид, аймгийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд
хэлэлцүүлэхээр өргөн барих эрхтэй. Бусад байгууллага, иргэд аймгийн Хуралд
асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж, төлөөлөгч, эрх бүхий этгээдээр дамжуулан
өргөн бариулна.
1.2 Хуралдаанаар хэлэлцэх
асуудлаар асуудал оруулах эрх бүхий хүмүүсээс бичгээр албан ёсны санал авсны
дараа хуралдаан болохоос 15-аас доошгүй
хоногийн өмнө Тэргүүлэгчдийн хурлаас хуралдаан хийх газар, хугацааг
товлож, хэлэлцэх асуудал, хэн оруулах тухай тогтоол гаргаж төлөөлөгчид, асуудал
оруулагчид мэдээлнэ. Батлагдсан асуудлын нэр, хариуцсан эзнийг өөрчлөх бол
асуудал оруулагч саналаа тавьж зохих шийдвэр гаргуулна.
1.3 Хуралдаанд оруулах үндсэн мэдээлэл нь илтгэл, хавсралт илтгэл, сонсгол-мэдээлэлийн хэлбэртэй, холбогдох тооцоо, судалгаа, гарах
шийдвэрийн төслийг хавсаргасан байх бөгөөд танилцуулах хугацаа нь 45 минутаас илүүгүй,
- Хуралдааны
тогтоол, бусад шийдвэрийн биелэлттэй
холбоотой асуудлаар байгууллага, албан тушаалтнаас бэлтгэж хуралдаанд
танилцуулж байгаа мэдээлэл нь 15 минутаас илүүгүй,
- Нэг
буюу хэд хэдэн төлөөлөгчид хамтарч эсвэл хороо, түр хороо, ажлын хэсэг, намын
бүлгээс хууль тогтоомж, хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх,
хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой
асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон асуудлаар Засаг дарга, холбогдох байгууллага,
албан тушаалтны бодлого, байр суурийг тодруулах, үр дүнг сонсох, тодорхой үйл
ажиллагаа явуулахыг шаардаж бичгээр хандсан асуулгын хариуг 10 минутаас илүүгүй,
-
Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар мэдээлэл авах, тодруулга хийх
зорилгоор асуудал оруулагч, хурлын
шийдвэр хариуцагч нарт хандаж төлөөлөгчдөөс амаар болон бичгээр тавьсан
асуултын хариуг 5 минутаас илүүгүй хугацаанд багтааж танилцуулахаар бэлтгэнэ.
1.4 Эрх бүхий этгээдээс Тэргүүлэгчдийн
хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаархи
саналаа 7-оос доошгүй хоногийн өмнө
албан бичгээр ирүүлж төлөвлөгөөнд тусгуулна.
Хоёр.
Хуралдааны бэлтгэл хангах
2.1 Хуралдааны зардлыг тооцон,
бэлтгэл хангах төлөвлөгөө, хөтөлбөр,
ажил үүргийн хуваарийг Хурлын дарга батласнаар аймгийн ИТХ-ын ажлын
алба, аймгийн ЗДТГ, асуудал оруулагчид биелэлтийг хангана. Зардалд хуралдаан
явуулах, хороодыг ажиллуулах, бичиг хэрэг, гарын авлага, тараах материал бэлтгэх, урлаг, соёлын арга хэмжээ,
төлөөлөгчдийн байр, хоол, цай, техникийн хэрэгсэл, тээвэр унааны үйлчилгээ
болон бусад зардлууд багтана.
2.2 Хуралдаанаар хэлэлцэх асуудлаар аудит, бусад хөндлөнгийн хяналтын
байгууллага, Хурлын хороод асуудлыг судлах, санал дүгнэлт гаргах, шийдвэрийн
төсөл бэлтгэх зорилгоор урьдчилан ажиллана.
2.3 Асуудал оруулагчид нь хуралдаанаар хэлэлцэх асуудлын төслийг
телевиз, сонин, вэб сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилж,
иргэний танхимаар дамжуулан ярилцлага, олон нийтийн хэлэлцүүлэг явуулан иргэд,
төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын санал, дүгнэлтийг авч илтгэл, мэдээлэлдээ тусгасан байна.
2.4 Дунд, урт хугацааны болон төрөлжсөн
хөтөлбөр, төлөвлөгөө зэрэг эдийн засаг, нийгэм соёлын хөгжлийн бодлогын
баримт бичгүүдийн төслийг бэлтгэгч байгууллага, албан тушаалтан нь уг асуудалд
холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийн санал дүгнэлтийг тусгасан
илтгэл, мэдээлэл, зардал, үр дүнгийн тооцоо, судалгаа, хууль эрх зүйн лавлагаа,
гарах шийдвэрийн төслийг хурлын Тэргүүлэгчдэд
ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө
урьдчилан хүргүүлнэ.
2.5 Аймгийн хөгжлийн үндсэн чиглэл/ мөрийн хөтөлбөр/-ийн биелэлт, шинэ
оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт, төсвийн төлөвлөгөөний гүйцэтгэл,
шинэ оны төсвийн төслийг аймгийн Засаг дарга, эсвэл түүний зөвшөөрөл өгч
томилсон этгээд Хуралдаанд
танилцуулж болно.
2.6 Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Засаг даргын зөвлөл, холбогдох
байгууллагын хурлаар урьдчилан хэлэлцүүлсний дараа Тэргүүлэгчдийн хуралд эцсийн
найруулгаар сонсож зөвлөмж өгч, асуудал танилцуулах хугацаа, хуралдаан явуулах
төлөвлөгөө, дотоод журмыг эцэслэн тогтооно.
2.7 Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан санал, зөвлөмжийг тусган эцэслэн
боловсруулсан материалыг хуралдаан эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө ажлын
албанд ирүүлж, төлөөлөгчид, хурлын хороодод хүргүүлэх ажлыг асуудал бэлтгэн
оруулагч хариуцаж зохион байгуулна.
2.8 Хэлэлцэх асуудлыг бэлтгэх, санал дүгнэлт гаргах, гарах шийдвэрийн
төсөл боловсруулах зорилгоор тухайн асуудлыг эрхлэх Хурлын хороод асуудал
оруулагчидтай нэгдсэн болон хэсэгчилсэн ярилцлагыг хуралдаан болохоос өмнө,
шаардлагатай бол хуралдааны үеэр хийнэ. Хурлын хороод, бусад хороо болон
төлөөлөгчдийн саналыг авч нэгтгэн,тухайн хороод дангаараа, эсвэл хамтран санал дүгнэлт гаргаж болно. Хороодын
ажиллах хуваарь, хөтөлбөрийг ажлын алба
төлөвлөж зохион байгуулна.
2.9 Хурлын хороод, шаардлагатай тохиолдолд
намын бүлгүүд нь санал дүгнэлтээ бичгээр үйлдэж, хуралдаан эхлэхээс ажлын 8–аас
доошгүй цагийн өмнө хурлын даргад танилцуулж хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.
2.10 Хуралдааны үеэр хэлэлцэж байгаа асуудлаар гарах шийдвэрийн
үндэслэлийг оновчтой болгохын тулд тодруулга, тайлбар авах, судалгаа шинжилгээ
хийлгэж дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээчдийг түр томилон ажиллуулах, урьж
тайлбар авах, асуулгын хариутай холбоотойгоор
төлөөлөгчид нэмэлт тодруулга хийж
хариу авах шаардлагатай бол хуралдааны шийдвэрээр түр хороо, ажлын хэсэг
байгуулан ажиллуулж болно.
2.11 Хэлэлцэх асуудал нь боловсруулалтын шаардлага хангаагүй, өгсөн
зөвлөмж чиглэлүүдийг тусгаагүй, аймгийн бодлого, иргэд, орон нутгийн нийтлэг
эрх ашигт нийцээгүй гэж үзвэл урьдчилан Тэргүүлэгчдийн хурлаас, түүнчлэн
хуралдаанд оролцогчдын ердийн олонхийн саналаар тодорхой хугацаатай үүрэг өгч
буцааж болно.
2.12 Хуралдаанд холбогдох албан тушаалтнуудыг урилгаар оролцуулах,
хуралдааны явцыг нь орон нутгийн
телевизээр шууд болон хэсэгчлэн дамжуулах, улс төрийн болон ТББ-ууд, иргэд,
хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад ажиглах, сурвалжлах нөхцөл бүрдүүлж
ил тод нээлттэй байдлыг хангана.
Аймгийн ИТХ-ын 2013 оны 12-р сарын 02-ны өдрийн 5-р хуралдааны 5/05 тоот тогтоолын
3-р хавсралтаар батлав.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн
ажиллах журам
Нэг. Ерөнхий зүйл
1-1. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нь (цаашид
төлөөлөгч гэнэ) Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа нутаг
дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, аймаг, сум дүүргийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжууд дахь
холбогдох заалтуудыг үйл ажиллагаандаа
удирдлага болгоно.
1-2 Аймгийн ИТХ-ын төлөөлөгч бол
НӨУБ-д сонгогдсон иргэдийн төлөөлөл мөн бөгөөд аймгийн нийт иргэдийн ашиг
сонирхлыг эрхэмлэн ажиллана. Төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх,
эргүүлэн татах эсэх асуудлыг зөвхөн хурлын хуралдаанаар шийдвэрлэнэ.
1-3 Энэхүү журам нь сумдын ИТХ-ын
төлөөлөгчдийн ажиллах журмын нийтлэг
үндэслэл болно.
Хоёр.
Төлөөлөгчийн үүрэг
2-1
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нь төрийн алба, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ёс
зүйн дүрмийн хэм хэмжээг чанд сахин, хуулийг дээдлэж, төрийн нууцыг хадгалж
ажиллахын дээр хуралдаанд үг хэлж, санал гаргах, дүгнэлт хийхдээ асуудалд
нотолгоо үндэслэлтэй, хариуцлагатай хандана.
2.2 Төлөөлөгч нь хурлын хуралдаанд дэг, дотоод
журмыг чанд сахиж, хуралдаан даргалагчийн зөвлөлгөө, шаардлагыг биелүүлж,
идэвхитэй бүрэн, таслах эрхтэйгээр оролцож, асуудал санаачлан хэлэлцүүлнэ.
2.3 Хурлын хороодод хуваарилагдаж,
хороодын ажиллах журмын хүрээнд үйл ажиллагаанд нь оролцож, тухайн асуудлаар
өөрийн саналаа нэгдсэн санал дүгнэлтэнд тусгуулна. Хэрэв намын бүлгийн болон
хороодын санал дүгнэлтэнд цөөнх болсон бол саналаа хуралдаанд танилцуулж болно.
2.4 Олонхийн саналаар шийдвэрлэгдсэн
асуудлыг хүндэтгэн сахиж, түүнийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион
байгуулахад оролцоно .
2.5 Сонгогдсон тойргийнхоо болон нийт
иргэдийн санал, захиа даалгавар, бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр
дэвшүүлсэн зорилтоо ИТХ-ын шийдвэр, баталсан хөтөлбөр, чиглэлүүдэд тусгуулах,
зохион байгуулж хэрэгжүүлэх санаачлага гарган ажиллаж, сонгогчдоо төлөөлөн
нийтлэг ашиг сонирхолыг нь илэрхийлэн хамгаалж, иргэдийн өргөдөл гомдол, санал
хүсэлтийг хүлээн авч, бүртгэн тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд
уламжлан шийдвэрлүүлж хариу өгүүлэн сонгогч-иргэдэд ажлаа тайлагнаж, тэдэнтэй
байнгын холбоотой ажиллана.
2.6 Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид,
хурлын хороодын удирдамж хуваариар хууль тогтоомж, төр засгийн бодлого, зорилт,
аймгийн ИТХ-ын шийдвэр зорилтыг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах,
хянан шалгах ажил, төлөөлөгчийн болон хурлын нэрэмжит өдөрлөг, зөвлөлгөөн,
сургалт семинарт бүрэн оролцоно .
2.7 Шаардлагатай асуудлаар сум баг,
аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын
удирдлагад амаар болон албан хуудсаар санал зөвлөмж, шаардлага, асуудал,
асуулга тавина.
2.8 Тухайн нутаг дэвсгэр, сум
байгууллага, иргэдийн тулгамдаж байгаа нийтлэг асуудлыг судлан тогтоож, дүгнэлт
хийн түүнийг төр засгийн болон нутгийн захиргааны шийдвэр, үйл ажиллагаанд
тусгуулах, төслийн болон бусад эх сурвалжаар шийдвэрлэх замыг эрэлхийлж, цаг
алдалгүй арга хэмжээ авахуулахаар холбогдох талуудад танилцуулах зэргээр бүх
нийтийн анхааралд оруулж, иргэдийг идэвхтэй татан оролцуулах замаар хэлцэл
зөвшлийн зарчмаар зохистой шийдвэрлэхэд нь нөлөөлнө.
2.9 Төрийн үйлчилгээний чанар,
хүртээмжийг дээшлүүлэх, халамж, дэмжлэг тусламжийн хуваарилалтыг оновчтой
болгох, мэдээ мэдээлэл, холбоо харилцааны шуурхай байдлыг сайжруулах, аливаа
хууль тогтоомж, бодлого, шийдвэр амьдрал дээр хэрхэн нийцэж тохирч байгаад
иргэдийн саналыг судлан дүгнэлт хийж
холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх, нийгмийн дэг
журмыг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчлийг бууруулах, архидан согтуурахтай
тэмцэх ажлыг эрчимжүүлэх талаар явуулж байгаа ажилд дэмжлэг үзүүлж,
шаардлагатай асуудалд хяналт шалгалт хийлгэж хариуцлага тооцуулан зөрчил
дутагдлыг арилгуулах зэргээр хурлын хяналтыг хэрэгжүүлж ажиллана.
2.10 Төлөөлөгч нь сонгуульт ажилдаа
НӨУБайгууллагууд, тэдгээрийн төлөөлөгчид, ажилтан сонгуультан нар, ТББ,
үйлдвэр, аж ахуйн нэгж, хөдөлмөрийн хамт олон зэрэг иргэний нийгмийн бүтцүүд,
иргэдийн идэвхтэй оролцоо, дэмжлэг туслалцааг өргөнөөр авч, тэдний идэвх
санаачлагыг өрнүүлэх замаар НӨУБ, сонгогчдын харилцан итгэлцэл, төр ард түмний
холбоог бэхжүүлэхэд онцлон анхаарч ажиллана.
2.11 Төлөөлөгч нь хийсэн ажил, хүрсэн
үр дүн, шийдвэрлэх шаардлагатай асуудал, орон нутгийн ажил амьдралын асуудлаар
саналаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, сонгогчиддоо тайлагнан, сонгуульт ажлын
дүнгийн талаарх мэдээлэл, олгосон зардлын зарцуулалтын тайланг хагас жил тутам
хурлын ажлын албанд ирүүлж байна.
Гурав. Төлөөлөгчийн үйл
ажиллагааны баталгаа
3.1 Төлөөлөгчийн бүрэн эрхээ
хэрэгжүүлэхэд нь НӨУБ-ууд, бүх шатны засаг дарга тамгын газрууд ,тэдгээрийн
албан тушаалтан, төрийн албан хаагчид
дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
3.2 Төлөөлөгчийг сонгуульт
үүргээ гүйцэтгэхэд нь шаардагдах гарын авлага, мэдээлэл удирдамжаар
хангаж, мэргэжил арга зүйн туслалцаа
үзүүлэх, сургалт семинарит оролцуулах, гадаад дотоод туршлага судлах аялалд
хамруулах ажлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, ажлын алба хариуцаж зохион
байгуулна.
3.3 Орон нутагт сонгогчидтой уулзалт
хийх, сурталчилгаа явуулах, сонгогчдыг хүлээн авч санал хүсэлтийг нь сонсоход
байр, унаагаар үйлчлэх, зарлан мэдээлэх ажлыг сум, багийн Засаг дарга , ИТХ,
ИНХ-ын тэргүүлэгчид, хөдөөгийн төлөөлөгчдийг Хурлын хуралдаанд оролцоход
унаагаар үйлчлэхийг сумдын Засаг дарга, томилолтыг үндсэн байгууллага нь тус
тус хариуцна.
3.4 Төлөөлөгчийн хурлын хуралдаан,
хурлын хороодын ажилд оролцох үеийн байр, хоол, соёлын арга хэмжээ, бичиг
хэрэг, нэгдсэн тээврээр үйлчлэх зардлыг аймгийн ИТХ-ын төсөвт тусган зарцуулна.
3.5 Төлөөлөгч бүрэн эрхийнхээ
хугацаанд үнэмлэх, энгэрийн тэмдэг, албан хуудас хэрэглэнэ. Тэмдэг, үнэмлэх,
албан хуудасны загварыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид баталж төсвөөс зардлыг гарган захиалан хийлгэж , бүрэн эрхийн
хугацаанд 1 удаа олгоно.
3.6 Хурлын төлөөлөгч нь Монгол улсын
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12-р
зүйлд заасан бүрэн эрхийн хүрээд
ажиллана.
3.7 Төлөөлөгчдийн сонгуульт ажлын
хэрэгцээнд үйл ажиллагааны зардлыг аймгийн ИТХ-ын төсөвт тусгаж зарцуулж болно.
3.8 Нутаг дэвсгэрийн тулгамдсан
асуудлууд, иргэдийн санал хүсэлтийг судлан шийдвэрлэх, сонгогчдын захиа
даалгавар, итгэлийг биелүүлэхэд төлөөлөгчийн хүлээх хариуцлага, гүйцэтгэх
үүргийг өндөржүүлэх, хууль тогтоомж, төр, засгийн бодлого зорилт, шийдвэр,
аймгийн ИТХ, тэргүүлэгчдийн шийдвэрийг сурталчлан хэрэгжүүлж, олон нийтийн
хяналтыг ил тод, шуурхай болгож, төр ард түмний холбоог бэхжүүлэн НӨУБ-ын
чадавхийг нэмэгдүүлэх үүднээс төлөөлөгчийн ажлыг дүгнэж, эсвэл тодорхой
асуудлаар болзолт уралдаан зарлан дүгнэж
урамшуулал олгож болно.