Увс аймгийн ИТХ, Хүн амын
хөгжил нийгмийн асуудлын хороо, Аймгийн
Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран
хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд “Хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн эцэг эхийг сонсоё” сэдвээр уулзалт ярилцлага зохион байгуулсан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг эцэг эхчүүдийн хувьд орлогын эх үүсвэртэй
болоход төрөөс бодлогоор дэмжиж өгөхийн хүссэн байна. Учир нь Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэдтэй өрхүүд нь тухайн хүүхдээ
асрах, эм тариа авч өгөх гээд халамжийн мөнгө нь хангалттай хүрэлцдэггүй.
Хүүхдээ орхиод цагийн ажил хийх боломжгүй байдаг учраас өрхийн үйлдвэрлэлийн
хэмжээнд ажиллаж амьжиргаагаа дээшлүүлэх шаардлагатай байдаг байна. Уулзалтын
үеэр гарсан өөр нэг санал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн амьдралд
оролцох орчин байхгүй байгааг хэлж, жилд нэг удаа хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүдийн дуу хоолойг сонсдог арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай
хэмээн үзсэн байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн рашаан сувилал байгуулж
өгөхийг хүсчээ. Уулзалт ярилцлагын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд
нийгмийн халамжийн байгууллагын зүгээс ямар үйлчилгээ үзүүлдэг, ямар хөнгөлөлт
тусламж үзүүлдэг, талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.