Дэлхийн байгаль
хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй “Ирвэстэй
нутгийн ирээдүй” төслөөс 2019 оны 03-р сарын 23-28-ний өдрүүдэд Говь-Алтай
аймгийн Дарив сумын Улсын тэргүүний “БУЯН УНДРАЛ”, “ХУЖИРТ ЖАВХЛАНТ” хоршоодыг
түшиглэн хоршоодын туршлага солилцох, үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд төсөл хэрэгжиж буй Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн нэр бүхий
11 сумын удирдлага, нөхөрлөл, хоршоодын төлөөлөл, аймгуудын ХХААГ-ын дарга,
мэргэжилтэн, тусгай хамгаалалттай газруудын төлөөлөл зэрэг нийт 150 гаруй хүний
бүрэлдэхүүнтэй томоохон сургалт, зөвлөгөөн боллоо.
Сургалтаар “Төрөөс хоршооны талаар баримталж буй бодлого”, “Хоршоо
хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III” төслийн танилцуулга, Хөдөөгийн хоршооны хөгжлийн загвар сэдвүүдээр
танилцуулга, мэдээлэл өгөхийн зэрэгцээ Улсын тэргүүний “БУЯН УНДРАЛ”, “ХУЖИРТ
ЖАВХЛАНТ” хоршоо, “Ихэс нуурын хишиг” ХЗХоршооны үйл ажиллагаатай газар дээр нь
танилцсан онол, практик хослуулсан үр дүнтэй сургалт боллоо.
Ирвэстэй нутгийн ирээдүй төсөл нь нутгийн иргэд болон малчдын оролцоотойгоор
нэн ховор цоохор ирвэсийн амьдрах орчин, идэш бологч амьтдыг хамгаалах ажлыг
сайжруулах төдийгүй, ирвэс-малчид хоорондын "зөрчил"-ийг бууруулах,
бэлчээрийн зөв менежментийг хэрэгжүүлж бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг
хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах өртгийн сүлжээг
дэмжих замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажилладаг байна.