Увс аймгийн
ЗДТГ, ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, БОАЖГ, УНАСУТХГНХЗ-аас хамтран
зохион байгуулж буй “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь“
Увс аймгийн аялал жуулчлалын хоёрдугаар форум Ойрад ХЖТ-т зохион байгуулагдаж
байна.
Форумыг нээж
аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч Д. Мягмарсүрэн,
ХОХБТХ-ийн дарга Б. Бат-Ерөөлт нар аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримталж
буй бодлого, чиг хандлагын талаар мэдээлэл өгч, мэндчилгээ дэвшүүллээ.
Тус арга
хэмжээнд аймгийн аялал жуулчлалын салбарын төлөөлөл, байгаль хамгаалах
нөхөрлөлийн гишүүд, малчид иргэд оролцож “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал
жуулчлал тухай ойлголт, дэлхийн чиг хандлага, түүнийг хэрхэн ашиглах,
тогтвортой орлогын эх үүсвэр болгох, аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэг хэсэг
болох, чиглэлийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах арга замууд, боломж,
нөөцийн талаар мэдээлэл сонсож байна.
Салбар
хэлэлцүүлгүүдийн хүрээнд аялал жуулчлал-байгаль хамгаалалд тулгамдсан асуудлыг
тодруулж, шийдвэрлэх гарцуудыг дэвшүүлж, оролцогчдын саналыг нэгтгэж, тусгасан
зөвлөгөөний нэгдсэн зөвлөмж “Ирвэсийн эх нутаг-Ирээдүйн хөгжил” Улаангомын
тунхаглал боловсруулна.
Байгаль
хамгаалах нөхөрлөлийн гишүүд болон малчдын хоршоо зэрэг санаачлагат нэгдсэн
иргэд, малчдын нэгдлүүд өөрсдийн амьдарч буй нутгийнхаа байгаль, хүрээлэн буй
орчин, түүх соёлын дурсгал, онцлогийг бүрэн судалж, нөхөрлөлд суурилсан байнгын
судалгаа, мониторинг явуулдаг арга зүй болон түүний үр дүнг аялал жуулчлалд
хэрхэн ашиглах талаар шинэ мэдээ мэдээлэл, мэдлэг олж авах юм.