Авто замын
хөдөлгөөнийг түр зогсоох, зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай Увс
аймгийн Засаг даргын захирамж
- Монгол Улсад Шинэ коронавирусын
сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан 2020.11.11-нээс 2020.11.14-ний
өдрийг дуустал хугацаанд Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд гарах автозамын
хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.
- Мөн аймгийн хэмжээнд өмчийн
төрөл хэлбэр үл хамааран ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт
үйлдвэрлэлийн төв, их дээд сургууль болон сургуулийн өмнөх боловсролын
байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг дээрх хугацаанд түр зогсоолоо.
- Аймаг, сумын төвөөс гарах, орох
автозамын хөдөлгөөнд хяналт тавьж, Коронавируст халдвар КОВИД-19–ын цар тахлаас
урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах, ариутгал
халдваргүйжүүлэлтийг чанартай зохион байгуулж ажиллахыг аймгийн гамшгаас
хамгаалах албадын дарга болон сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт
тус тус даалгасугай.
- Аймгийн хэмжээнд нийтийг
хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, хурал цуглаан, спортын тэмцээн
уралдаан, соёл урлагийн арга хэмжээ, баар, караоке, PC тоглоомын газар, сүм
хийд, шашны байгууллага, архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй
байх, барааны захын үйл ажиллагааг түр зогсоох, төрийн болон төрийн бус
байгууллага амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг
сахиж ажиллахыг сум, албан газар аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт тус тус
үүрэг болголоо.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт
тавьж ажиллахыг аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч
дарга хурандаа Б.Баттулга, Онцгой комиссын гишүүн, Цагдаагийн газрын дарга,
цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Мөнхбаяр,
Эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Мянганбаяр, Авто тээврийн төвийн
дарга У.Золбоо нарт тус тус үүрэг болголоо.