Жил бүрийн 4-р сарын 30 бол хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр. Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг дэлхий дахинд 2001 оноос хойш, харин манай улсад 2006 оноос хойш Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар тэмдэглэж ирсэн. Энэ өдөр хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлууд зохион байгуулж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг эцэг, эх, асран хамгаалагч нарт уриалж сануулдаг уламжлал тогтсон. 2021 онд хатуу хөл хорионы үе таарсан ч Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар, Хүүхдийг ивээх сан хамтран “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” уриан дор цахим орчинд тэмдэглэж байна.