МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН
МААМУУГИЙН ЖАРГАЛ (1930-2021)
Бидний дотны хүн, хайрт хатан эжий, Хан хөхий нутгийн алдарт дууч Монгол Гавьяат жүжигчин Маамуугийн Жаргал нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны таалал төгсөж Соёл урлагийн салбар, аймаг орон нутагт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Маамуугийн Жаргал нь 1930 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн. 1950-1957 онд Аймгийн клуб, 1957-1972 онд аймгийн Соёлын ордон, 1972 оноос аймгийн Хөгжимт Драмын Театр, Соёлын ордон, клубын 8 үеийнхэнтэй хамтран ажиллаж ирсэн Ойрад театрын "Хатан эжий" юм. Маамуугийн Жаргал нь уран бүтээлийнхээ 60 жилийн хугацаанд Ханхөхий Нутгийн ардын дуу "Улаан торгон уут", "Зэс гуа", "Сээрийн дундаас", "Хондон өнгөтэй торго", "Нахиугийн харгай", "Мянган цагаан сарлаr", Монгол ардын дуу “Үлэмжийн чанар", Дүүриймаа", "Цонхон дээр суусан ялаа", Дугаржавын хөгжим "Баян Монгол". “Үхэрчин хүү Цэрэндорж", Л.Мөрдоржийн хөгжим “Дөрвөн цагийн тал", С.Цоодолын хөгжим "Хүү минь хаана дуулж суугаа бол”, Э.Цэрэвийн хөгжим "Мөнгөн цагаан онгоц”, "Үглээ шаазгай", "Шигширгийн ай” зэрэг 600 гаруй дуу, Ч.Лодойдамбын “Итгэж болно" жүжгийн Долгор, Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн Пагмаа, Э.Цэрэвийн хөгжим Бизъяагийн зохиол "Хувь тавилан" хөгжимт драмын жүжгийн намын дарга Цэрэн, Д.Лувсаншаравын "Цагаан сар ба хар нулимс" жүжгийн Цэрмаагийн Эх, Д.Нацагдорж, Б.Дамдинсүрэн нарын "Учиртай гурван толгой” жүжгийн Нансалмаа, Бүүвэйч, Д.Лувсаншаравын "Сүнжидмаа" дуулалт жүжгийн Бадмаанямбуу, Түхийн ухааны доктор На.Сүхбаатарын зохиол "Ээрэн хүрээ” түүхэн дуулалт жүжгийн Хөгшин ээж зэрэг 120 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн гавьяат юм. Монголын үндэсний радио телевизийн "Алтан фонд"-д түүний дуулсан Ханхөхий нутгийн ардын бэсрэг дуунууд нь дахин давтагдашгүй үнэтэй бүтээлүүд болон үлдсэн байдаг. Түүний нөр их хөдөлмөр, зүтгэл, авьяас чадварыг төр засаг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, "Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдэг, "Хөдөлмөрийн хүндэт медаль", "Алтан гадас" одон, "Монгол улсын гавьяат жүжигчин" цол тэмдгээр шагнасан байна. Тэрээр Монголын урлагийн салбарт тод мөрөө үлдээсэн дахин давтагдашгүй гэрэлтэх од байлаа Түүний хүнлэг энэрэнгүй, авьяаслаг, хөдөлмөрч, дайчин, шударга, хичээнгүй зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ОЙРАД ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТЕАТР