Энэ жил улсын аварга шалгаруулах журмын 75 шалгуур үзүүлэлтийн дагуу шаардлага хангасан 100 малчныг Улсын аварга малчин, 8 малчныг Улсын хошой аварга малчин, 6 хүнийг Улсын аварга саальчин, 9 эрчимжсэн аж ахуй эрхлэгчийг Улсын аварга фермерээр тус тус шалгаруулсан юм.
Увсын цэнхэр хязгаараас энэ жил 8 малчин “Монгол Улсын аварга малчин” болсон. Тэдний төлөөлөл болох Сагил сумын Өндөр мод багийн малчин П.Зоригоод аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, аймгийн Засаг дарга Ч.Чимэд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ц.Цэрэндолгор, сумын удирдлагуудын хамтаар Монгол Улсын аварга малчны шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.
П.Зоригоо нь мал аж ахуйн салбарт 29 дахь жилдээ хөдөлмөрлөж яваа удам залгасан малчин бөгөөд түүний аав Пунгаа нь 1968 онд Монгол Улсын Аварга Малчин болж байжээ.
Улсын аваргаар шалгарсан малчид нь мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа удам залгасан аймгийн аварга малчид төдийгүй, мал сүргээ төлөөр нь өсгөж, байгалийн аливаа эрсдэлийг хохирол багатай даван туулдаг, аймаг, сум, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулдаг, нутаг усандаа нэр хүндтэй, мал аж ахуйн салбарын манлайлагчид юм.