Ахмад настны тухай хуулийн дагуу Цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, сумын Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг , 100 болон түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ, гарын бэлэг гардуулдаг уламжлалтай.
Энэ уламжлалын дагуу сар шинийн баярыг тохиолдуулан Увс аймагт амьдардаг 90-ээс дээш насны ахмад настан болон, сумдын хамгийн өндөр настан нийт 61 хүнд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг хүргэж, хүндэтгэл үзүүлж байна.
Эдгээр ахмад настнуудаас хамгийн өндөр настан, Түргэн сумын уугуул, Улаангом сумын 3-р багийн иргэн 101 настай Д. Жаргал гуайд аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Улаангом сумын соёлын төвийн дарга Ч.Батбаатар нарын тэргүүтэй албаны хүмүүс очиж хүндэтгэл үзүүлж, цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн илгээсэн мэндчилгээ, гарын бэлэг, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын мэндчилгээ, 1.0 сая төгрөг, аймгийн ИТХ-ын даргын хувийн бэлэг, Улаангом сумын Засаг даргын мэндчилгээ, гарын бэлгийг тус тус гардууллаа.
Бүтэн зууныг үзэж, үр ач, зээ, хойч үедээ эрүүл аж төрөхийн зөв үлгэр дуурайлыг үзүүлж байгаа бид бүхний бахархалд хүмүүн тандаа болон нийт ахмадууддаа айлчлан ирж байгаа 17 дугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн мэндчилье.