Конрад-Аденауэр сангийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй “Нутгийн удирдлагын манлайллыг хангах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг 2015 оны 05 дугаар сарын 25-26-ны өдөр Ховд аймгийн Ховд хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалтын зорилго нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн үндсэн нэгж болох сумдын нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын мэргэшсэн албаны удирдах ажилтнуудын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх замаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулахад оршиж байгаа юм.
Сургалтаар “Төрийн албан хаагчийн харилцааны сэтгэл зүй”, “Ухаалаг харилцаа-амжилтын үндэс”, “Орон нутгийн засаглалын менежментийг сайжруулах асуудал”, “Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт, шинжилгээ-үнэлгээний асуудал” зэрэг сэдвүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референтүүд, аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нар харилцан туршлага солилцлоо.
Энэхүү сургалтын үр дүнд нутгийн өөрөө удирдах болон захиргааны мэргэшсэн албаны удирдах ажилтнуудын албан ажилд чухал хэрэгцээтэй мэдлэг, мэдээлэл өгч, хөрш зэргэлдээ аймаг, сумд албан ажлын туршлага солилцож байгаагаараа ач холбогдолтой сургалт болж байна.