Газар тариалангийн үйл ажиллагаа нь уналтад ороод
байсан төрөлх сумандаа суурьшиж, хүлэмжийн аж ахуй эрхэлж, нутгийн иргэдийг
газар тариалан эрхлэхэд уриалан ажиллаж буй Увс аймгийн Хяргас сумын иргэн
Палиагийн Оюунбилэг Улсын тэргүүний тариаланчаар шалгарлаа.
Улсын тэргүүний тариаланч Палиагийн Оюунбилэг 40
гаруй жил газар тариалан эрхэлж байна. Газрын шимийг хүртэж амьдарч буй хүн
хэзээ ч алзахгүй хэмээн ярих тэрбээр сумынхаа газар тариаланг сэргээх
зорилготой ирж суурьшаад 8 жил болж байгаа юм байна.
Улсын тэргүүний тариаланч П.Оюунбилэгийн нөхөр нь
сумынхаа бэлчээр, газар тариалан хариуцсан түшмэлээр ажилладаг. 2000 гаруй
эргэлтийн талбайд газар тариалан эрхэлдэг байсныг сэргээх зорилготой. Иргэдийг
эрүүл хүнсээ өөрсдөө тариалдаг болох хандлагад сургахад гэр бүлийн хамт ажиллаж
байна.
Хяргас суманд одоогоор 20 гаруй иргэн Оюунбилэг
тариаланчаас үлгэр дууриалал аван газар тариалан эрхлэх болсон байна. Бусдад
үлгэр дууриалалтай, бусдыг ажил хөдөлмөрт манлайлдаг нэг хүн байхад олон хүнд
сайн нөлөө үзүүлдгийн жишээ бол Оюунбилэг тариаланч хэмээн нутгийнхан нь ярьж
байлаа.
Оюунбилэг тариаланчийн ажилсаг туслах нь түүний
дүү Цогоо. Анх дүүгээ дагуулан газар тариалан эрхэлж эхлэхэд усалгаа муутай
газраас ургац авч чадах эсэхэд нутгийнхан эргэлзэж байсан гэдэг. Харин Пад пад
трактортаа эгчийгээ суулгаад газар хагалахаас эхлээд гантай цагт бедон савараа
хүртэл ус зөөж тарьсан ногоогоо усалж арвин ургац авчээ. Ингэж л ажил хөдөлмөр
эрхэлж, газрын шимийг хүртэж болох итгэл найдварын нутгийнхандаа өгсөн байна.
Найман
жилийн өмнө хүнсний ногоогоо Улаангомоос хангадаг байсан Хяргасынхан сумынхны
хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангадаг болжээ. Харин одоо хүнсний ногоо
тариалахаас гадна урсаад л алга болдог баруун Хангилцагийн голд боолт далан
хийж, усыг нь ашиглан царгас тариалах зорилгыг Хяргасынхан тавьж байгаа юм
байна.