Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын
хорооноос санаачлан Увс аймгийн хаягдлын удирдлагын төв болох “Элемэнт” ХХК,
Улаангом сумын удирдлагууд, аймгийн төвийн гэр хорооллын багаас аймгийн ИТХ-д
сонгогдсон төлөөлөгчид, АЗДТГ, БОАЖГ-ын холбогдох мэргэжилтнүүдийг хамруулан Улаангом
сумын хог хаягдлын менежмент, цаашид авах арга хэмжээний талаар уулзалт
хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Байгаль орчин,
экологийн тэнцвэрт байдлын хорооны дарга Б.Анхбаяр, гишүүд С.Анхбаяр,
Г.Цэрэндулам, Н.Тагаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д.Мягмарсүрэн,
төлөөлөгч Я.Алтангэрэл, О.Ганцоож, Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогт, Засаг
дарга Ц.Пүрэвжав, орлогч дарга Д.Бэгзжав, АЗДТГ-ын ХОХБТХ-ийн байгаль орчны
асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Энхтуяа, БОАЖГ-ын мэргэжилтэн М.Төгөлдөр, “Элемент”
ХХК-ны захирал П.Батбаатар, нягтлан бодогч Мөнхбуян, Байгаль орчны улсын
байцаагч С.Буяндалай, байгаль хамгаалагч Д.Гэрэлцэцэг, А.Пүрэвсосор, Ш.Даваа
нар оролцлоо.
“Элемент” ХХК нь 11 хүний орон тоотой үйл ажиллагаагаа
явуулж байгаа бөгөөд ахуйн хог хаягдлыг хүлээн авч тээвэрлэх, дахин
боловсруулагдах хог хаягдлыг ангилах, ландфил хийх чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг.
2016 онд Адарганы хогийн цэгт иргэд ААН, албан
байгууллагуудаас тээвэрлэгдэж ирсэн 30
000м/куб орчим хог хаягдлыг түрж булан ландфил хийсэн. Мөн Улаангом сумын гэр хорооллын айл өрх, албан байгууллага,
нийтийн эзэмшилийн талбайгаас 785 машин
буюу 9420м/куб хог хаягдлыг хүлээн авч тээвэрлэн хогийн төвлөрсөн цэгт хүрж ажилласан
байна.
Нийт айл өрхүүдээс хуримтлуулсан хогны төлбөрийн
70 хувийг Элемент компанид үлдсэн 30 хувийг суманд хувиарладаг аж. Суманд
хувиарласан 30 хувиас орон сууцны айл өрхүүдийн хог ачих, мэдээлэл сургалт
сурталчилгаа, урамшуулалд зарцуулдаг байна.
2016 онд айл өрхүүдээс хогны төлбөрт 66 сая 300
мянган төгрөг хуримтлагдсанаас Элемент компанид 42 сая 729 мянган төгрөг, Хотын
хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газарт 11 сая төгрөг, хэвлэл мэдээлэлд 7 сая 239
мянган төгрөг /Увс тв 350 мянга, МВС 150, Сама 150 мянгаар тус тус гэрээ
хийсэн/, хур хог зайлуулсан хөлсөнд 10 сая 680 мянган төгрөгийг тус тус
хувиарлажээ.
Хэлэлцүүлгээс дараахь
саналууд гарлаа. Үүнд:
- Хогны төлбөрийн тайланг нээлттэй болгох,
зарцуулалтын тайлан тавих
- Улаангом суманд хогны төлбөрийн 30 хувийг авч
үлддэг ч зарцуулалт бүрхэг, үр дүн багатай байгаа учраас хогны төлбөрийг
Элемент компанид төвлөрүүлж хариуцлагыг сайжруулах
- Багийн ИНХ-ын дарга,Засаг дарга нартай хог ачилтын
компани хамтарч хувиарын дагуу хяналт тавих, хогны машин гудамжаар явахдаа
чанга яригчаар мэдэгдэх
- Хогоо гаргаж тавьж чадахгүй ганц бие өндөр настан
хүндэтгэх шалтгаантай хүмүүсийн судалгаа гаргаж хашаанаас нь ачих
- Архи пиво нийлүүлдэг томоохон компаниудад шил, лаазаа
эргэж авах санал хүргүүлэх
Аймгийн ИТХ-ын ажлын
алба