Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ажиллалаа. Хотын даргаар ахлуулсан багт УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын холбогдох хэлтэс, газрын дарга нар багтаж, өглөө 08:15 цагт дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай уулзав.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ “Бид нийслэлийн эрх зүйн байдлаа шинэчлэх асуудалд онцгой анхаарч, хуулийн төслөө Засгийн газарт өргөн барьсан. Энэ хуулийн төсөлд дүүргүүдийн статусыг нэмэгдүүлэхээр тусгасан. Өнөөдөр нийслэлийн дүүргүүдэд хүн амын төвлөрөл ихэссэн, зарим дүүрэг хамгийн багадаа 2-3 аймгийн хэмжээний хүн амтай, нийгэм эдийн засгийн үзүүлэлт маш өндөр байна. Гэтэл дүүрэг, сум хоёр ижил статустай яваа нь төрийн үйлчилгээг иргэддээ хүртээмжтэй хүргэхэд хүндрэл бэрхшээл байгаа нь үнэн.
Төрийн албан хаагчид их ачаалалтай ажиллаж байгааг хотын даргын хувьд ойлгож байна. Хэрэв эрх зүйн орчноо сайжруулж чадвал дүүргийн статус тодорхой болно” гэлээ. Үүний дараа дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэр хорооллын бие даасан дэд бүтцийн төвийн үйл ажиллагаатай танилцав.