Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-уудад 80 сая төгрөгийн тэтгэлэг олголоо

2017-05-26

Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

 бол орон нутгийн иргэд, сонгогчдынхоо ашиг сонирхлыг төлөөлөх, нутаг орныхоо эдийн засаг нийгмийн асуудлаар тогтоол, шийдвэр, санал дүгнэлт гаргах, асуудал дэвшүүлэх, иргэдийн өмнөөс гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хуулиар хүлээсэн байгууллага юм. 

Гэвч иргэдийн эрх ашгийг төлөөлөн ажиллах чиг үүрэгтэй ИТХ-д хангалттай төсөв хөрөнгө байдаггүйн улмаас хуульд заасан чухал чиг үүргээ хэрэгжүүлэх бодит бололцоо нь хязгаарлагдмал байдаг. Энэ бэрхшээлийг шийдэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд аймаг, дүүрэг, сумын ИТХ-аас хэрэгжүүлэх үр дүнтэй санал санаачилгыг дэмжиж, сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын үндсэн дээр тус бүр 4 сая төгрөгийн санхүүжилт бүхий 20 тэтгэлэг олгож байна.

 


3 аймаг, 3 дүүрэг, 14 сумын ИТХ тус бүр 4 сая төгрөгийн дэмжлэг авлаа

Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Г.Золжаргал тэтгэлэгт хөтөлбөрийн талаар хэлэхдээ 

“Энэ удаагийн санхүүжилт нь нэгдүгээрт, эмэгтэйчүүд, залуучууд, нийгмийн эмзэг бүлгүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд чиглэгдэж байна.

Тэднийг ИТХ-ын үйл ажиллагаанд яаж татаж оруулах талаар шинэ санал, санаачилга гаргах болзол тавьсан. Хоёрт, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлахад чиглэгдлээ.

Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний орон нутаг дахь хүртээмж, чанар ямар байгааг судлаад, тогтвортой хэрэгжүүлэх санал ирүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, 100 гаруй санал ирснээс 20-ыг нь шалгарууллаа” хэмээн ярьсан юм. 

Өнгөрсөн 2014, 2015 онуудад энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан ИТХ-уудын дунд тэтгэлэгийг үр ашигтай зарцуулсан сайн туршлага цөөнгүй байна. Тиймээс энэ жил мөн 20 тэтгэлгийг 3 аймаг, 3 дүүрэг, 14 сумын ИТХ-д олгохоор болж өчигдөр тэтгэлэгт шалгарсан ИТХ-ын төлөөлөл, тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид зөвлөлдөв. 

 

Тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж буй гол зорилго бол иргэдийн эрх ашиг, дуу хоолойг аймаг, сум, дүүргийн ИТХ-ын бодлого шийдвэр, үйл ажиллагаанд тусгах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих чиг үүргээ Иргэдийн Төлөөлөгчдийн хурал үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ИТХ-аас энэ жилийн тэтгэлэгт “Орон нутагт Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх хяналтыг сайжруулах нь” гэсэн санал ирүүлж шалгарчээ.

Тус сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэдалай

“Тэтгэлэг авсан энэ санал, санаачилгын маань гол ач холбогдол юу вэ гэхээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг сайжруулахад чиглэсэн.

Жишээлбэл, ИТХ-ын төлөөлөгч, дарга, тэргүүлэгч нарын ажил үүргийн хуваарийг тодорхой болгохыг зорьж байна. Ажил үүргийн хуваарийг  нь тодорхой болгох, мөн иргэдийн оролцоог бүрдүүлэх шаардлагатай байна. Учир нь төлөөллийн байгууллагууд иргэдээсээ тасарчихсан байдаг.

Дөрвөн жилд таг чимээгүй байж байгаад дараагийн сонгуульд өрсөлддөг, тийм байдалтай нутгийн өөрөө удирдах байгууллагын ажил явж байсан. Үүнийг өөрчилье, хяналтыг нь сайжруулъя гэсэн санал байгаа юм” хэмээн хэллээ.

 

М.Исхаг: Оюуны хөрөнгө оруулалт хийх санаачилга гаргах нь зөв гэж үзсэн


Мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын ИТХ-аас энэ жил “ИТХ ба хос хэлтэй иргэдийн хамтын ажиллагааг дээшлүүлж оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт санал ирүүлж, тэтгэлэгт шалгарчээ. Тус сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Исхагаас цөөн асуултад хариулт авлаа.


 

- Тэтгэлэгт яагаад энэ саналыг явуулах болов?

- Мэдээж саналын олон хувилбар байсан. Гэхдээ аймаг, сумуудаас янз бүрийн саналууд өрсөлдөх учраас өөрийн гэсэн онцлогтой санал, санаачилга гаргая гэж шийдээд тэтгэлэгт оюуны хөрөнгө оруулалт хийх санаачилга гаргах нь зөв гэж үзсэн.

Учир нь манай суманд өнөөдөр хэлний бэрхшээлтэй иргэд маш олон байна. Тиймээс орон нутгийнхаа онцлогийг анхаарч үзэх нь зөв байх гэж үзээд тэтгэлэгт хөтөлбөрт энэ саналаа илгээсэн. 

- Буянт суманд ямар насны хүмүүс хэлний бэрхшээлтэй байна вэ?

- Буянт сумын хувьд хүн амынх нь тал нь Урианхай ястан, тал нь Казах иргэд байдаг бөгөөд казах хэлтэй хүмүүст учирч буй хэлний бэрхшээлийг шийдэхийн тулд хос хэлээр сонин хэвлэл, товхимол гаргах, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллахыг зорьж байна.

Казах хэлтэй өндөр настай хүмүүс монгол хэл сурах цаг боломж байхгүй гэж боддог. Хөгшин хүмүүсийг “Та нар заавал монгол хэлээр унш, монгол хэл сур” гэж хэлж болдоггүй нэг зовлонтой. 

- Сонин, товхимлоо хоёр хэл дээр гаргахаас өөр ямар зүйл төлөвлөсөн бэ?

- Сурталчилгаа хийж, сумынхаа багуудаар хэлэлцүүлэг, уулзалт хийнэ. Өнөөдрийг хүртэл багууд дээр Монгол хэл дээр уулзалт, хэлэлцүүлэг хийдэг ч казахаар л ярьдаг, монгол хэл ойлгохгүй хүмүүс нь ирдэггүй.

Тиймээс тэр хүмүүст зориулж хос хэл дээр материал, товхимол өгөх хэрэгтэй байх. Бүр цаашлаад хэсэгчилсэн уулзалтуудаа хос хэл дээр явуулах нь зүйтэй гэж үзсэн. Юутай ч дөрвөн сая төгрөгийн тэтгэлгээ авч ажлаа эхлүүлчихвэл, цаашид энэ санаачилга маань үр дүнтэй явах боломжтой. 

Н.Баярсайхан: ИТХ үнэхээр юм хийе гэхээр тэр арга хэмжээнд зориулах мөнгө нь байдаггүй


Энэ үеэр “Хил хязгааргүй алхам” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Баярсайхантай уулзаж, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар ярилцав. 


 

- Тэтгэлэгт шалгарсан 20 ИТХ-ын төлөөлөгчдөд та танилцуулга, яриа хийлээ. Хяналт, чиг үүргийн талаар зөвлөлдөх, тодорхой асуудал дээр ойлголтоо нэг болгох зайлшгүй шаардлага бий гэдэг нь анзаарагдлаа?

- ИТХ-ын нэг гол үүрэг бол хяналтын чиг үүрэг юм. Үүнийгээ үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай.

Өнөөдрийн семинар дээр энэ талын зүйлийг ярилаа. ИТХ яагаад хяналтын чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэхээр ИТХ чинь өөрөө ямар статустай байгуулага билээ? Иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, төлөөллийн байгууллага шүү дээ. Ийм учраас ИТХ-ын төлөөлөгчдөд ямар нэгэн шалгуур үзүүлэлт тавьдаггүй. Их дээд сургууль төгссөн байна уу, Төрд ажилласан туршлагатай байна уу гэдгийг нь харахгүйгээр тухайн орон нутгаас сонгогдсон хүмүүс нь ИТХ-аа байгуулаад явдаг.

Энэ талаас нь харвал ИТХ-д янз бүрийн мэдлэг, чадвартай хүмүүс орж ирдэг. Нутаг усандаа танигдсан хүн л байх юм бол хэн ч ИТХ-д орчихоод байгаа юм. Тэгэхээр ИТХ бол нэг талдаа иргэдийг төлөөлдөг, нөгөө талдаа төрийн чиг үүргийг хэрэгжүүүлдэг хосолсон эрх ашиг, статустай.

Иргэдийн төлөөлөл гээд ямар нэг шалгуургүйгээр энгийн иргэд, хүмүүс ороод ирэхээр боловсрол, байгаль орчин гэх мэт илүү нарийссан салбарт хяналт тавих шаардлага ажил үүргийн хувьд энэ хүмүүсийн өмнө тулгардаг. Тийм болохоор олон талаар хяналтын үүрэг нь цалгарддаг тал бий. 

- Тэгэхээр ИТХ-ын чадавхын асуудлыг анхаарах хэрэгтэй гэсэн үг үү?

- ИТХ-д сонгогдсон хүн болгон мэдээж нарийн мэдлэг мэдээлэлтэй байх боломжгүй.

Жишээ нь, боловсролын чиглэлээр, байгаль орчны чиглэлээр мэдлэгтэй, хууль тогтоомжийн мэдлэгтэй биш хүн ороод ирлээ. Тэгэхээр тэр талаар мэдэхгүй юм чинь ажлаа муу хийж болно гэсэн үг биш. Харин ч энэ мэдлэг чадварыг ИТХ-ын төлөөлөгчид хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд олж авах шаардлага бий. Мэдлэгтэй байснаар л хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Тэгэхээр төлөөлөгчдөд энэ чадварыг олгохын тулд төслийн хүрээнд бид энэ семинарыг хийж байна. Жишээ нь, ИТХ-ын байгаль орчны хяналт шалгалт бол их онцлогтой. Яагаад гэвэл байгалийн нөөц гэдэг бол аль нэг хуулийн этгээд, хувь хүн, зарим нөөцийг бол иргэн ашиглаж байгаа. Тэд бүгд хуулиар хүлээсэн үүрэгтэй. Юу хийж болох юм. Юу хийж болохгүй юм. Ямар хариуцлага хүлээх юм гэсэн тодорхой зүйл бий.

Үүн дээр ИТХ нь хяналтаа тавихын тулд зайлшгүй хүлээн зөвшөөрөгдөхүйц, шинжлэх ухааны үндэстэй, хуулийн хүрээний арга зүйтэй байх хэрэгтэй. Тодорхой тогтсон шалгуур үзүүлэлтүүдийг мэдэх шаардлагатай. Мөн нөгөө талд ИТХ-ын хийсэн хяналт шалгалтын мөрөөр ямар нэгэн хариуцлага тооцогддоггүй. Хурал өөрөө хариуцлага тооцох, торгох, эрхийг нь цуцлах эрхгүй.

Тэтгэлэгт хөтөлбөрт ирсэн саналууд дээр энэ эрх үүргээсээ давсан зүйл бичиж ирүүлсэн тохиолдол хэд хэд гарсан. 

- Энэ жил байгаль орчны хяналт, оролцооны чиглэлээр олон санал ирсэн юм байна?

- Энэ жил тэтгэлэгт 20 санаачилгын 20 хувь нь байгаль орчны чиглэлийнх байгаа.

Тэр дундаа байгаль орчны хяналтын чиглэлийн 5 санаачилга ирсэн байна. Тэгэхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс ямар арга хэмжээ авч байгаа вэ гэхээр ямар ч байсан эхний ээлжинд хүмүүсийн төслийг илүү нарийвчилж аргазүйн зөвлөгөө өгөх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Тэгэхгүй бол тухайн санал ирүүлсэн ИТХ-ууд жилийн турш байгаль орчны салбарт хэрэгжүүлэх бүх ажлаа багтаагаад биччихэж байна.

Гол нь бид 4 сая төгрөгөөр 3 сарын хугацаанд юу хийж чадах вэ гэдэг нь чухал. Чадамж, төсвөөс давсан ажил хийх гээд төлөвлөх нь үр дүнгүй. Тийм болохоор тэтгэлэг авахаар саналаа ирүүлж буй ИТХ-ууд үүнийг бодолцох хэрэгтэй. 

- ИТХ-уудад дөрвөн сая төгрөгөөр ямар хэмжээний ажил хийх боломжтой вэ?

- ИТХ бол үйл ажиллагааны зардал байгатай байдаг. Тэгэхээр сумын түвшний ИТХ-д бол энэ тэтгэлэг бага мөнгө биш.

Наад зах нь сумын төв дээр ажлын хөлс бага гарна. Гадны зөвлөх авахгүй учраас бүгдийг нь үйл ажиллагаандаа зөв зарцуулж чадвал, тодорхой хэмжээнд сайн загвар, жишгүүдийг бий болгож болно. ИТХ үнэхээр юм хийе гэхээр тэр арга хэмжээнд зориулах мөнгө нь байдаггүй учраас л бодит энэ боломжийг УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр олгож байгаа юм.

Бас нэг зүйлийг хэлэхэд энэ жил 100 гаруй санал ирүүлснээс 20 нь шалгарсан гэдэг бол тэр ялагдсан 80-ын ард буй ИТХ-ууд энэ 20-ыгоо юу хийх нь вэ гэдгийг хараад сууж байгаа.

Үнэхээр манай ИТХ-аас илүү юм хийж чадах нь уу. Тэр 80-ын хувьд 20 санал хэр амжилттай хэрэгжих нь вэ гэдгийг ажиглаж байгаа нь нэг талаас хяналт юм. Сайн жишиг болсон санал, санаачилгуудыг хөтөлбөр санаачлагчид нь ном болгоод, цахим сайтаараа түгээдэг. Тийм болохоор зөвхөн энэ 20-иор зогсохгүй бусад нь ч бас авч хэрэгжүүлж болно гэсэн үг.

Жишээ нь Булган аймгийн Бүрэгхангайд хийсэн аргазүй бусад аймаг, суманд ч хэрэгжүүлж болох шинэ аргазүй болох учиртай. Тэр талаасаа харвал энэхүү тэтгэлэг өргөн хүрээний ач холбогдолтой. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%