Чингэлтэй дүүргийн урсгал төсвийн хөрөнгөөр дүүргийн 7, 10 дугаар хороо, Хувьсгалчдын зам гудамжнаас Ундрам дэлгүүрийн уулзвар хүртэлх авто зам ашиглалтад орж өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Тамгын газрын дарга А.Дамцагдорж, 7 дугаар хорооны ИНХ-ын дарга Д.Баянбат, 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, 10 дугаар хорооны Засаг дарга П.Чулуунцэцэг болон хороодын иргэд оролцлоо.
Энэхүү зам нь 1,2 км асфальтан хучилттай дүүргийн 7, 10 дугаар хороо Хувьсгалчдын зам гудамжнаас Ундрам дэлгүүрийн уулзвар хүртэл тавигдсан юм. Энэхүү ажлын хүрээнд 777 м2 байгалийн чулуун зам, 1000 м2 явган зам, 80 м2 хурд сааруулагч, 124 м2 замын цагаан шугам, 2600 ширхэг бордюр тус тус хийж гүйцэтгэсэн.
Уг ажлын гүйцэтгэгчээр “ТҮК” ХХК ажиллаж өнөөдөр байнгын ашиглалтад оруулж одоогоор явган замын ажил хийгдэж байна.
Энэ үеэр дүүргийн удирдлагууд авто замын ажилд үүсгэл санаачлага, идэвхи зүтгэл гарган өөрийн эзэмшлийн хашаагаа татаж хамтран ажилласан иргэдэд талархал илэрхийлж, дүүргийн 25 жилийн ойн медаль гардуулсан юм.