Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр батлагдлаа

2017-11-29

Өнөөгийн нөхцөл байдал

Увс аймаг нь 2016 оны байдлаар нийт 81.3 мянган хүн амтай,  хүн амын 40.9 мянга буюу 50.3 хувийг эрэгтэйчүүд, 40.4 мянга буюу 49.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж хүйсийн харьцаа 101.2 хувьтай байгаа нь 100 эмэгтэйд 101 эрэгтэй ногдож байна.

Аймгийн 2016 оны нас хүйсний суврагаас харахад залуу идэр насанд эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээсээ өндөр байгаа бөгөөд 35-60 нас хүртэл эмэгтэйчүүдийн тоо, эрэгтэйчүүдийн тоо ижил түвшинд, 60 наснаас дээш эмэгтэйчүүдийн тоо 2 дахин өссөн хандлагатай байна.

             Өнөөгийн байдлаар аймгийн  ИТХ-д  5 (12.2%) эмэгтэй төлөөлөгч, сумдын ИТХ-д  82 (20.3 %) эмэгтэй төлөөлөгч, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга 4 (66,6 %) эмэгтэй, сумын Засаг дарга 1 (5.2%) эмэгтэй, сумын ИТХ-ын дарга 1(5,3 %) эмэгтэй байна.

2016 оны байдлаар нийт  төрийн албан хаагчдын 65 хувийг эмэгтэй, 35 хувийг эрэгтэй ажилтнууд  эзэлж байгаа боловч улс төрийн удирдах албан тушаалтны  93.5 хувь,  төрийн захиргааны  удирдах албан тушаалтны  59.3 хувийг эрэгтэйчүүд,  харин үйлчилгээний салбарын удирдах албан тушаалтны 67.3, гүйцэтгэх албан тушаалтны 66.9  хувийг эмэгтэйчүүд  эзэлж,  шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна.

Боловсрол болон эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 77  хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь хуульд заагдсан  40:60 харьцаанаас өндөр, хүйсийн тэнцвэрийг дэмжих бодлогын хэрэгжилт тааруу байна.

Цэцэрлэгт хамрагдагчдын 49.4 хувь, ерөнхий боловсролын сургуулийн бага ангид суралцагсдын  49.3 хувийг эмэгтэй, дунд ангид суралцагсдын 51.4 хувийг эмэгтэй, ахлах ангид суралцагсдын  54.3 хувийг  эмэгтэй суралцагч тус тус эзэлж,  анги дээшлэх тусам охидууд илүүтэй суралцаж байна.

Манай аймгийн хувьд 2005 онд  эмэгтэй хүний дундаж наслалт 66.08, эрэгтэй хүнийх 59.72 байсан бол 2016 онд эмэгтэй хүний дундаж наслалт 72.4, эрэгтэй хүнийх 63.7 болж дундаж наслалт 6.0 насаар уртассан хэдий ч  улсын дунджаас  1.1 насаар доогуур, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн  дундаж наслалтын зөрүү их , эрэгтэйчүүд  дунджаар  8.6-8.9  насаар  эмэгтэйчүүдээс доогуур насалж байна.

Аймгийн хэмжээнд  2016 онд 452 хүн нас барсны  56.4 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн нас баралтын 30.9 хувийг хавдар, 27.8 хувийг зүрх судасны тогтолцооны өвчин, 15.7 хувийг  осол гэмтэл, гадны шалтгаант өвчлөл эзэлж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрэгтэйчүүдийн кабинет байгуулж ажиллуулахаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан боловч одоогоор ажиллаж эхлээгүй, хөвгүүд, эрэгтэйчүүд эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх хангагдах нөхцөл дутмаг хэвээр  байна.

 

Аймгийн хэмжээнд 2016 онд хорт хавдраар нас барагчдын 53.2 хувь, хорт хавдраар шинээр өвчлөгчдийн  58.3 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Мөн 0-5 насны 55 хүүхэд эндсэнээс 39 буюу 70.9 хувь нь эрэгтэй хүүхэд байгааг цаашид судлан үзэж хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, түүний дотор нөхөн үржихүйн насны залуу, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажилд авах сонирхолгүй байх, ахимаг насны эмэгтэйчүүдийг эрт тэтгэвэрт гаргах үзэгдлүүд түгээмэл байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа хэдий ч шинээр ажлын байртай болсон иргэдийн 60 гаруй хувь  нь эрэгтэйчүүд байна.

Гэрийн цалин хөлсгүй хөдөлмөр эрхлэгчдийн 90 гаруй хувь, нийтийг хамарсан ажилд оролцож түр ажлын байраар хангагдагсдын  70 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол хувиараа хөдөлмөр эрхлэгч, албан бус сектор,  ХАА-д ажиллагсдын 60 гаруй хувь нь эрэгтэйчүүд байна.

Манай аймагт ганц бие, өрх толгойлсон   2934 хүн амьдардагаас 2262  буюу 77.1 хувь нь өрх толгойлсон  эмэгтэйчүүд байгаа ба тэдэнд  чиглэсэн үйлчилгээ,  дэмжлэг дутмаг байсаар байна.

Хөгжлийн бэрхшээлтэй  4100 иргэн байгаагийн 59.3 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа ба тэдний  эрхийг хангах, ялангуяа сурч боловсрох эрхийг хангахад чиглэсэн ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

НҮБХАС-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр жендэрийн сургалт, сурталчилгаа явуулах “Хүн бүрт тэгш боломж” төслийг Залуучуудын хөгжлийн төвийг түшиглэн хэрэгжүүлж жендэрийн сургалт сурталчилгааг   иргэдэд хүргэсэн боловч  төсөл дуусч сургалт сурталчилгаа  хумигдсан,   иргэд, олон нийтийн дунд жендэрийн асуудал гэхээр эмэгтэйчүүдийн л асуудал гэсэн ойлголт байсаар байгаа тул  бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх сургалт, гэгээрлийн  үйл ажиллагааг идэвхижүүлэх шаардлага байсаар байна.

Салбар, хүйсээр ангилсан мэдээллийн сан, түүний ашиглалт жендэрийн дүн шинжилгээ хийх, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн арга зүйг нэвтрүүлэхэд хангалтгүй байгаа тул жендэрийн статистик мэдээллийн нэр төрлийг  нэмэгдүүлэх, салбар,  сум, багийн түвшинд ангилж гаргах хэрэгцээ байна.

Жендэрт суурилсан хүчирхийллийн  хохирогчийг хамгаалах байргүй, байгууллагуудын дотоод журамд энэ асуудлыг тусгах ажил эхлэлийн шатандаа байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль,үндэсний хөтөлбөр,Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлалд суурилан,  Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн  хүрээнд, Хүн амын талаар төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын  болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулахдаа дээр дурьдсан нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг харгалзан үзэх, урт хугацааны жендэрийн бодлого төлөвлөлтийн суурийг тавихуйц оновчтой зорилт, үйл ажиллагааг санхүүгийн эх үүсвэрийн хамт төлөвлөх хэрэгцээ тулгарч байна.

1.1 Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага

Увс аймгийн Жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр нь  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн “….нутгийн захиргааны болон  өөрөө удирдах байгууллага нь бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутгийн хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөрийг жендэрийн мэдрэмжтэй болгох, жендэрийн тэгш байдал хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийх, бодлогын үр нөлөөг үнэлэх”  19,20-р заалт,  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн  “Жендерийн тэгш байдлыг хангаж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх”  3.3.27, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн “ ……бүх аймаг жендэрийн дэд хөтөлбөр баталсан байх” 4.1.1, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Манай Увс”  хөтөлбөрийн  “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, өрх толгойлсон эцэг, эхчүүдийг дэмжих бодлого баримтлах” 1.1.10 дахь заалт, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны  үндсэн чиглэлийг тус тус үндэслэв.

Жендэрийн бодлого нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцоог хангах, хуримтлуулсан мэдлэг туршлагыг эн тэнцүү үнэлж ашиглах, бодлогын үр нөлөө хүн амын янз бүрийн бүлэгт хэрхэн тусч байгааг хянах боломж олгодгоороо  хүн амын тулгамдаж байгаа  асуудлыг шийдвэрлэх  бодлогын салшгүй хэсэг болдог  учир нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээнд суурилсан жендэрийн стратегийг өөрийн орон нутгийн онцлогт нийцүүлэн боловсруулж түүнийгээ батлан хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.

Увс аймагт жендэрийн эрх тэгш байдлыг хангахад жендэрийн асуудлаарх шийдвэр гаргагчдын дэмжлэг, иргэд,олон нийтийн мэдлэг ойлголт дутмаг,уламжлалт ойлголт  хандлага хэвээр,  байгууллагуудын хамтын ажиллагаа сул, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг бүхий л салбарт жендэрийн асуудал байсаар байгаа, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага,  жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчийг хамгаалах асуудал шийдэгдээгүй зэрэг байдлыг  харгалзан орон нутгийн онцлогт тохирсон  жендэрийн бодлоготой болох  шаардлагатай хэмээн үзэж аймгийн жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг боловсруулав.

Хөтөлбөрийн зорилго: Жендэрийн тэгш байдлыг хангах орон  нутгийн бодлогыг тодорхойлж, түүний хэрэгжилтийг дэмжих чадавхийг бүрдүүлэх  замаар  эмэгтэй, эрэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг  хангаж, жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэхэд хөтөлбөрийн зорилго оршино

Хөтөлбөрийн зорилт:

1.    Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, төсөвлөлтийг орон нутагт хэрэгжүүлэх чадавхийг бүрдүүлж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах

2.    Иргэд, олон нийтэд жендэрийн талаарх ойлголтыг  хүргэж, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдлыг  хангаж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх

3.    Жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, гомдлыг шийдвэрлэх механизмыг бүх түвшинд бий болгоно.

 

Хөтөлбөрийг 2017-2021 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 

 

Нэгдүгээр  үе:  2017-2019 он хүртэл орон нутгийн чадавхи бүрдүүлэх,  жендэрийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа, жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулах нөлөөллийн ажлуудыг  бүх шатанд  үе шаттайгаар зохион байгуулна.

Хоёрдугаар  үе:  2019-2021 он хүртэл  “Жендэрийн тэгш байдлыг хангах тухай” хууль, дэд хөтөлбөрийн  хэрэгжилтийн  байдалд  дүн шинжилгээ хийж эрчимжүүлэн дараагийн шатны зорилт тодорхойлно.

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%