Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ны өдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачлан ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, “Монгол базальт” ХК, “Монватт” ХХК”-тай хамтран “НЭЭЛТТЭЙ ХААЛГА” өдөрлөг зохион байгууллаа.
Агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, айл өрхүүдийн амины орон сууцны дулаан алдагдлыг багасгах, шинэ технологи болох чулуун хөвөн дулаалгын хэрэглээ, ач холбогдлын талаар иргэдэд танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, хамтарч ажиллах зорилготой энэхүү өдөрлөгт Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хороодын 120 гаруй иргэд идэвхтэй оролцов.
Арга хэмжээнд ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Б.Насанбат, гишүүн, Төлөөлөгч Ц.Дуламжав, Т.Идэрцагаан, Ш.Батсүрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол албаны хүмүүс оролцсон юм.
Өдөрлөгийн үеэр ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Б.Насанбат хурлын хорооны чиг үүргийн талаар товч танилцуулж, дүүргийн Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол Чингэлтэй дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах талаар хийгдэж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгөв.
“Монгол базальт” ХК, “МонВатт” ХХК-ны мэргэжилтэнгүүд өдөрлөгт оролцогч иргэдэд гэр хорооллын айл өрхийн амины орон сууцыг хэрхэн дулаалах болон Монгол гэрт зориулагдсан дулаан хуримтлуулж, халаах “Эко тулгат” төхөөрөмжийн талаар танилцуулж иргэдийн сонирхсон асуултад тайлбар мэдээлэл өгсөн юм.
Өдөрлөгт оролцсон иргэд цаг үеэ олсон хэрэгтэй арга хэмжээ боллоо хэмээн дүүргийн удирдлагуудад талархалаа илэрхийлж байлаа.
Хурлын хорооны гишүүд өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн төлөөлөлтэй харилцан ярилцаж санал хүсэлтийг нь сонсов.