Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, “JCI” олон улсын байгууллагын Монгол дахь JCI лидер салбар байгууллагатай хамтран Элэгний вирусын эсрэг хамтдаа “Live+R” төслийг 2017-2020 оны хооронд Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн хүрээнд 3 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн иргэдэд B, C вирус, түүнээс сэргийлэх арга замын талаар мэдлэг олгох сургалт, зөвлөгөө, үнэ төлбөргүй шинжилгээ авах, зорилтот бүлгийн иргэдэд C вирусын эсрэг эмийг үнэ төлбөргүй олгох арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ИТХ-ын Тэргүүлэгч, Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Б.Батхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо. Нийт 200 иргэнд элэгний вирусын эсрэг “ХАРВОНИ” эмийг эмчийн зааврын дагуу олгож, 50 иргэнээс элэгний B, C вирусны шинжилгээг үнэ төлбөргүй авсан байна.
Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд дүүргийн иргэдээс нэг удаагийн оношлуураар 1290 хүн В вирус, 3518 хүн С вирустэй гарсан бөгөөд 481 С вирустэй иргэний оношийг баталгаажуулж хяналтад авч эм уулгаж байна.