Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Дэлхийн Эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн тухай хууль, Төрөөс баримтлаж буй бодлого, үйл ажиллагааг сурталчлах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриан дор “Эрүүл иргэн-Өрхийн хөгжил” сэдэвт сургалт, үйл ажиллагааг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран дөрөвдүгээр сарын 9-30-ны өдрийг хүртлэх хугацаанд зохион байгуулж байна.
Дүүргийн хэмжээнд 06 сартайгаас 5 настай нийт 17071 хүүхдүүдээс жингийн алдагдалтай, өсөлт хоцролттой 3-19 дүгээр хороодоос сонгогдсон 115 хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр цагаан хорхой, рахит, цус багадалтыг тодорхойлж, хүүхдийн нэмэгдэл хоолны сургалтыг 12 өдрийн туршид Өрхийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Сайн санааны туслагч нар хамтран гэрээр нь очиж, Бага насны хүүхдийн нэмэгдэл хоолны сургалтын гарын авлага тарааж, аргачлалын дагуу хоол бэлтгэн өгч ажиллаж байна.
Гэр хорооллын 7-19 дүгээр хороодоос тус бүр 20 айл нийт 260 өрхийг сонгон авч, Өрхийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Сайн санааны туслагч нар хамтран халдвартын “Гэр үнэлгээний аргачлал”-ын дагуу үнэлгээ хийж, зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд 1-19 дүгээр хороодын Иргэний танхимаар Эрүүл мэндийн тухай хууль, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаа болон орчны бохирдолоос үүсэлтэй “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх” сургалтыг энэ сарын 10-наас 17-ны хороонд амжилттай зохион байгуулж, 618 иргэн хамрагдлаа.
Сургалтад тухайн тойргоос сонгогдсон ИТХ-ын 17 Төлөөлөгч “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх” сургалтад оролцож, цаг үеийн асуудлаар иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, тойрогтоо ажиллалаа.
“Эрүүл иргэн-Өрхийн хөгжил” аяны үйл ажиллагааг дэмжин иргэд, аж ахуй нэгж байгууллага идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалж байна.