Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амраатай хийсэн ярилцлага
Асуулт: Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал / Цаашид ИТХ гэх/ хэдэн эмэгтэй төлөөлөгчтэй вэ?
- Манай аймгийн ИТХ нь 41 төлөөлөгчөөс 7 эмэгтэй төлөөлөгчтэй. Миний хувьд 2008 оноос төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Асуулт: Эмэгтэй төлөөлөгчийн хувьд бэрхшээл учирдаг уу ?
- Эмэгтэй хүний хувьд гэхээсээ илүүтэй улс төржилт, намчирхал талаасаа бэрхшээл их учирдаг. Эмэгтэйчүүд бид нарийн мэдрэмжтэй амьдрал, нийгэмд хэрэгцээ шаардлагатай асуудлуудыг илүү олж хардаг. Жишээ нь : Манай Увс аймгийн хувьд цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж хонон өнжин очерлож байна. Гэтэл хамгийн эн тэргүүний асуудлаа шийдвэрлэхгүй олонхиороо асуудлыг шийдэж байна. Төлөөлөгчид ард түмнийг төлөөлөл биш намын төлөөлөл болж, өөрийн байр суурьгүй, зарчмаа барихгүй намын хайрцагт баригдаж гар өргөдөг .
Асуулт: Та төлөөлөгч ард түмний төлөөлөл болж чадахгүй байна гэлээ. Тэгвэл энэ байдлаас гарах арга зам нь юу вэ?
- Нутгийн өөрөө удирдах байгууллагыг намын харъяалалгүй болгох мөн Төрийн албан хаагчийг сонгуульд нэр дэвших боломжийг хязгаарлснаас болж чадавхид нөлөөлж байгаа. Малчин тариаланч гэх мэт бүх салбарын төлөөлөлгүй, бизнесийн намдаа мөнгө өгсөн хүн нь жагсаалтаар хуралд ордог болсон нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын зарчим алдагдахад хүргэж байна. ИТХ-нь салбар салбараа мэддэг хүмүүсийн оюун ухааны талбар байх ёстой . Иймээс орон нутгийн сонгуулийн тухай хууль болон Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хуулиудын уялдаа холбоо муу. Ямар нэгэн хууль дээр эрх байдаг ч үүрэг хариуцлага байдаггүй. Хурлын төлөөлөгч ямар эрх үүрэгтэй байх, ажлын үнэлгээг сонгогч иргэдээс авч дүгнэн ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхой баймаар байдаг.
Асуулт: Ард иргэд ИТХ-ын төлөөлөгчдөө хандах хандлага, төлөөлөгчийн иргэд рүүгээ чиглэн ажиллах хоёрын аль нь ил үү вэ?
- Би түрүүчийн 4 жилд иргэдтэй уулзах цаг гарган ажиллаж байсан .Ер нь иргэдийн идэвхи маш сул. Хурлын болон төлөөлөгчийн ажилд үнэлэлт дүгнэлт өгөх, санал хүсэлт тавих асуудал дээр иргэдийн оролцоо хангалттай биш. Ард түмний дунд төлөөлөгч нэр хүнд байхгүй. Сонгуульд хүмүүс ач холбогдол өгч саналаа өгөхөө больсон. Намын квотоор аймгийн хэмжээнд гарсан төлөөлөгчийн хувьд байнга иргэдтэй уулзалт хийх гэж тойроод явах боломж бага байдаг.
Асуулт: Аймгийн ИТХ-ын хороодын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ?
- Хурлын ажлын албанаас төлөөлөгчдийг хороодод хувиарлан ажиллуулах зохицуулалт хийдэг боловч үүн дээр төлөөлөгчдийн хариуцлага бага хуралдаа ирдэггүй. Хэлэлцэх асуудлуудтайгаа газар дээр нь очиж үзэж танилцаж, судалгаа шинжилгээ хийдэггүй талууд бий. Гэхдээ миний бодлоор хорооны даргыг байнгын үйл ажиллагаатай, урамшуулалтай байлгах юм бол хорооны гишүүдээ чиглүүлж удирдаж, үүргээ зөв гүйцэтгэх байх гэж боддог.
Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэхэд цаашид анхаарах ёстой ямар асуудлууд байна вэ?
- Хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах, төлөөлөгчдийн хувьд зардлын асуудлыг шийдвэрлэдэг байх, орон нутгийн хуралд эмэгтэй төлөөлөгчийн квоттой болох хэрэгтэй. Төлөөлөгчдийг чадваржуулах сургалтанд хамруулах хэрэгтэй. Нэгээс дээш удаа сонгогдсон төлөөлөгчид бол өөрийн эрх үүргийн талаар ойлголттой болсон байдаг шинээр сонгогдсон төлөөлөгчдийг зайлшгүй сургах шаардлагатай. Хамгийн гол нь НӨУБ-ын шийдвэргүйгээр дээрээс асуудлуудын шийдвэрлэдэггүй байх хэрэгтэй байна.