Төв аймгийн ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан
зохион байгуулах комисс, Зуунмод сумын ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан
зохион байгуулах комисс хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн
төрсөн үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ. 2018 оны байдлаар Зуунмод сумын
хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн амьд сэрүүн байгаа төрсөн
болон үрчилсэн
хүүхдүүдийн тоо 18 байна. Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Хэлмэгдэгсдийн үр
хүүхдүүд болох 14 ахмадыг хүлээн авч, Өрнөн дэлгэрэх амарлин тэгчилэн хийдэд
ном хуруулж хүндэтгэл үзүүлээ.
Монгол Улсын хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж
цаазаар авахуулсан 35000 орчим хүн байдаг бөгөөд хэлмэгдсэн хүмүүсийн тоо 100
мянга хол давдаг ажээ. Тухайн үед хэлмэгдүүлэлтэд өртөөгүй гэр бүл гэж нэгээхэн
ч үгүй юм. Хэлмэгдсэн хүмүүс бол
Монголчуудын элит буюу үндэсний сор болсон алтан ургаас гаралтай, сэхээтэн, лам
хуврагууд байжээ. Тэд цөм үндэсний үзэлтэй байсан төдийгүй нийгмийн хөтлөгч
сэхээтнүүд байсан юм.
Одоо
мөрдөж буй хуулиар хэлмэгдэгсдийн дурсгалын тэмдэглэх өдрийг 9 дүгээр сарын
10-ны өдөр тэмдэглэж байгаа. Зарим хүмүүс улс төрийн хэлмэгдүүлэлт 1937
оны 9 дүгээр сарын 10-ны өдөр эхэлсэн гэж үздэг. Х.Чойбалсан тэргүүтэй Онцгой
бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 9 дүгээр сарын 10-нд байгуулагдаж, 1939 оны 4
сарын 22 хүртэл ажиллахдаа 51 удаа хуралдаж 25824 хүний хэргийг шүүж 20474 хүнд
буудан алах ял өгч, 5103 хүнд 10 жил хорих ял, 240 хүнд 10 аас доош жилээр
хорих ял оногдуулжээ. 1937 оны 9 дүгээр сарын 10-нд баривчлагдсан хүмүүсийн
дотроос Монголын төр, цэргийн нөлөө бүхий 14 хүнийг хилс хэрэгт хэлмэгдүүлэн
мөн оны 10 дугаар сард хөнөөсөн билээ. Иймээс 9 сарын 10 ны энэ өдрийг Улс
төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон төрөөс 1996 онд албан ёсоор
зарлаж жил бүр тэмдэглэж буй билээ. Хэлмэгдүүлэлт оргилдоо хүрсэн энэ үед нам,
төр, цэрэг, залуучуудын болон лам нарын маш өргөн хүрээг хамарсан баривчлгаа
явагдаж, нийт ард олныг ангичлан ялгаварлах, хүн хүндээ үл итгэх явдал дээд
цэгтээ хүрсэн байжээ. Улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан хүн өөрөө
егүүтгэгдээд зогсохгүй, түүний ар гэр, ахан дүүс, төрөл төрөгсөд, танил нөхөд
нутаг усныхан хэлмэгдлийн давалгаанд өртөж, тэднийг нийгэмд эзлэх өөрийн байр
суурьгүй болгож, ирээдүйдээ итгэх итгэлгүй, амьдралын баталгаагүй болгон хөсөр
хаях явдал Монголын бүх нутгийг асар хурдацтайгаар тархан газар авч байжээ.
Монгол
төрийн уламжлал шингэсэн бодлого – нэг талаас, нөгөө талаас Монголд туршилт
хийсэн нийгэм журмын (социализм) үзэл онолтой зөрчилдсөн явдлыг улс төрийн
хэлмэгдүүлэлт гарах нэг үндсэн шалтгаан гэж үзэж байна. 1911 оноос Монгол Улсын
эзэн хааны ор суусан Богдын эрхийг 1921 оноос хязгаарлаж, 1924 онд Богд хаан
таалал болонгуут бүгд найрамдах засаг тогтоон, улмаар, хорь, гучаад онуудад
Монголын төрийн уламжлалт бодлого, Монгол төрийн ноён нурууг тээгч – Эзэн
Чингисийн алтан ургийнханы залгамж халааг хөрөнгий нь хурааж, үзэл суртал, оюун
санааг нь таягдан хаяж, өөрсдийг нь үгүй хийж, үндсийг нь бараг тасалсан юм.
Энэхүү
улс төрийн хэлмэгдэл нь Монгол үндэстэний оршихуйн үндсийг тасалж, үндэсний
уламжлал, соёл, эх бичиг, эх түүх тэргүүтэй үнэт зүйлсээ гээхэд хүргэсэн юм.
Үүний хор уршиг одоо хэр арилаагүй гэхэд болно. Учир нь хэлмэгдэл хэмээх хорт
үзэгдэл монгол хүн бүрийг, монгол өрх бүрийг дайрсан гэхэд болох биз ээ. Гинжин
урвал мэт нэгийг нь нөгөөгөөр нь хөнөөлгөсөн эл хэлмэгдэл монгол үндэстэний
оршихуйн үндсийг тасалжээ. Ийм байхад энэхүү үндэсний хэмжээнд явагдсан улс
төрийн хэлмэгдлийн талаар улс төрийн дүгнэлт гаргахгүйгээр үнэн мөнийг тогтоож
чадахгүй юм. Улс төрийн хэлмэгдлийн хамарсан хүрээ, цаг хугацааг аваад үзсэн ч
эл асуудлын эрэг шураг төдийг шүүхээр цагаатгаснаас хэтрэхгүй байна.
2018 оны 01
сарын 12-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн
олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговорын хэмжээнд өөрчлөлт оруулсан юм. Тус хуулийн 13.2.1.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах
ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон
үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй
хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг;
13.2.2.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан
хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний
эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд,
хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд
40 сая төгрөг
олгохоор хуульчилсан юм.
Хуулийн
15.1-д Энэ хуульд заасан нөхөх олговрыг нөхөх
олговор гаргуулах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн
дотор бэлэн мөнгөөр нэг удаа олгоно гэжээ.