Аймгийн ИТХ-ын 2013 оны 12-р сарын 02
-ны өдрийн 5-р хуралдааны 5/05 тоот
тогтоолын
1-р хавсралтаар батлав.
Аймгийн ИТХ-ын хурлын байнгын дэг
Нэг. Ерөнхий зүйл
1-1 Аймгийн ИТХ-ын хуралдааныг зохион
байгуулахтай холбогдсон харилцааг
энэхүү дэгээр зохицуулна.
1-2 Аймгийн ИТХ-ын хуралдааныг төлөвлөгдсөн бол ээлжит, цаг
үеийн шаардлагаар товлон зарлагдсан бол
ээлжит бус гэж нэрлэн, хийсэн цаг хугацааны дарааллаар нь дугаарлана.
1-3 Хуралдааныг байнгын дэгээр,
шаардлагатай үед тухайн хуралдааныг
тодотгосон дотоод журмаар зохион байгуулна.
1-4
Хурлаас байгуулсан хурлын хороод,
түр хороод, ажлын хэсэг, намын болон лобби бүлэг зэрэг хурлын зохион байгуулалтын нэгжүүд нь хуралдааны үед
энэхүү дэгийн хүрээнд ажиллана.
1-5 Байнгын дэгийг дараагийн
сонгуулийн анхдугаар хуралдаанаас шинэчлэн
батлах хүртэл мөрдөнө. Шаардлагатай бол 14 хүртэл төлөөлөгчийн санаачлагаар дэгд нэмэлт өөрчлөлт оруулах
асуудлыг хэлэлцэж болно.
1-6
Энэхүү байнгын дэг нь батлагдсан
өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох ба сумдын ИТХ-ын байнгын дэгийн нийтлэг үндэслэл
болно.
Хоёр. Хуралдааныг эхлүүлэх
2-1 Төлөөлөгчид хуралдааны
танхимд ирээд компьютер эсвэл таблет /ipad/-ыг автомат цахим тооллогын системд холбож
хуралдааны ирцэд бүртгүүлнэ.
2-2 Хурлын дарга төлөөлөгчдийн
ирц хүчин төгөлдөр эсэхийг шалган мэдээлээд хуралдааныг нээж, “Төрийн дуулал”-ыг
эгшиглүүлж төлөөлөгчид суудлаасаа босож дагаж дуулна.
2-3 Төлөөлөгч өвчтэй байсан,
өвчтэй хүн асарсан, гадаад,
дотоод томилолтоор явсан, бусад албан ёсны зайлшгүй өөрөө оролцох арга
хэмжээ давхацсан бол хүндэтгэх шалтгаан гэж үзнэ. Дээрх шалтгаанаар хуралдаанд
оролцох боломжгүйд хүрвэл
энэ тухайгаа Хурлын
даргад урьдчилан мэдэгдэж чөлөө авна. Чөлөө аваагүй тохиолдолд
хуралдааныг тасалсанд тооцно.Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын
төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, чөлөө авахгүйгээр хуралдааныг орхиж
гарахыг хориглох ба энэхүү тохиолдолд санал хураалтанд эсрэг санал өгсөнд
тооцно.
2-4 Анхдугаар хуралдааныг хамгийн
ахмад төлөөлөгч Хурлын дарга сонгогдтол
удирдана.Анхдугаар хуралдаанаар аймгийн сонгуулийн дүнгийн тухай мэдээллийг
сонсон хэлэлцэж төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрсөн тогтоолыг батласнаар шинэ
Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлнэ.
2-5 Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулиар Хуралд хамгийн олон суудал авсан
нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр
дэвшүүлнэ. Бусад нам эвсэл, дараа нь Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн
болон бусад төлөөлөгчийн нэрийг
дэвшүүлж болно. 2-6 Хурлын
даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр,
хоёр ба түүнээс дээш хүний нэр
дэвшсэн бол цахим тоолуурын
системээр нууц санал хураалт явуулж
хуралдаанд оролцогчдын ердийн олонхийн санал авсан төлөөлөгчийг Хурлын
даргаар сонгогдсонд тооцно. Нэр дэвшигчдийн аль нь ч ердийн олонхийн санал аваагүй бол хамгийн
олон санал авсан хоёр төлөөлөгчийг хоёр
дахь санал хураалтанд оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч ердийн олонхийн санал
аваагүй бол Хурлын
даргад дахин нэр дэвшүүлнэ.
2-7
Хурлын төлөөлөгчид санал хураалтанд оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө
санал хураалтанд оролцох эрхтэй.
2-8 Анхдугаар хуралдаанаас Хурлын даргыг оролцуулан
хэлэлцэн тогтсон тооны хязгаарт багтаан тэргүүлэгчдийг сонгоно. Намын бүлгүүд
тэргүүлэгчдийг намын суудлын тоонд харьцуулсан хувиараар нэр дэвшүүлж, дараа нь
төлөөлөгчид өөрийн болон бусад
төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно.
2-9
Намын харьяалалгүй төлөөлөгч
хүсэлт гарган аль нэг намын
бүлэг, эвсэлд харьяалагдаж болно.
2-10 Хуралд 5-аас доошгүй төлөөлөгч сонгогдсон бол намын бүлэг
байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Хурлын даргад
бичгээр өргөн мэдүүлж нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, түүний
бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн нэрсийг хуралдаанд уншиж танилцуулна.
Гурав.
Хуралдааныг даргалах
3-1
Хуралдаан даргалагч нь дэг, дотоод журам, хэлэлцэх асуудлын
төлөвлөгөө, хуралдаан явуулах дарааллын дагуу хуралдааныг удирдана.
3-2 Хуралдааныг Хурлын даргын эзгүйд түүний санал болгосон
тэргүүлэгч, эсвэл хуралдаанаас ердийн
олонхийн саналаар сонгосон аль нэг төлөөлөгч хуралдааныг
даргална.
3-3
Хуралдаан даргалагч нь хуралдаанаар
хэлэлцэх асуудлын
төлөвлөгөө, дотоод журмыг танилцуулан батлуулах, хэлэлцэх асуудлыг танилцуулах,
бусад мэдээлэл, Хурлын хороод, намын бүлгийн санал дүгнэлтийг сонсгох,
бүртгүүлсэн дарааллын дагуу төлөөлөгчид болон хуралдаанд оролцогчдод асуух, үг хэлэх,
санал шүүмжлэл гаргах зөвшөөрөл олгох,
асуулт, асуулга тавиулж хариу өгүүлэх,
намын бүлэгт завсарлага авах зөвшөөрөл олгох, ирц хүрэлцэхүйц
байвал хүндэтгэх шалтгаантай
төлөөлөгчдөд чөлөө олгох, хуралдаанд үйлчлэх ажлын хэсэг байгуулах, зөрүүтэй
саналуудыг томьёолон санал хураалт явуулж дүнг мэдээлэх, гарах шийдвэрийг эцсийн найруулгаар сонсгож
батлуулах, хуралдааны хөтөлбөр, цагийн
хуваарийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хуралдааны үр дүнг нэгтгэн дүгнэж хаах
ажлыг удирдана.
Дөрөв. Хуралдааны
дотоод журам
4-1 Хуралдаанд хэлэлцэх асуудлын тоо, ач холбогдол, үргэлжлэх хугацаа
зэрэг онцлог байдлаас хамааран энэхүү дэгийг тодотгож, тэрхүү онцлог байдлыг
тусгасан дотоод журмыг батлаж тухайн хуралдаанд мөрдөж болно.
4-2 Өглөөний хуралдааныг 8.30-12.00 цаг, өдрийн хуралдааныг 13.30-17.00
цагт, 2 цаг тутамд 15 минутын бага, 4 цаг тутамд 1 цаг 30 минутын их
завсарлагатайгаар явуулна. Шаардлагатай бол хуралдааны цагийг сунгаж оройн
нэмэлт хуралдаан хийж болно. Нэмэлт хуралдааны үргэлжлэх хугацаа 4 цагаас илүүгүй байна.
4-3 Хэлэлцэж байгаа нэг
асуудлаар төлөөлөгчид 2 хүртэл удаа,
урилгаар оролцогчид 1 удаа асуулт асууж,
үг хэлнэ. Төлөөлөгч эхний удаад 5, дараагийн удаад 3 минутанд, урилгаар
оролцогч 3 минутанд үгээ багтаана. Үг хэлж, санал шүүмжлэл гаргагчид нэр, албан
тушаалаа танилцуулж утга санааг давхардуулахгүй, товч тодорхой, тэмдэглэл
хөтлөгчид дуулдахуйцаар хэлнэ. Энэ шаардлага
зөрчигдвөл хуралдаан даргалагч тухай бүрийд нь шаардаж сахиулна.
4-4 Үг хэлэх, асуулт, асуулга
тавихдаа автомат цахим тооллогын системээр болон тусгайлсан хуудсаар авсан дараалалд орж, хуралдаан даргалагч зөвшөөрөл
өгсний дараа цагтаа багтаан үг хэлж, асуулт, асуулгыг тавьна.
4-5 Амаар болон бичгээр тавьсан асуулт, асуулгад хариу авах хугацааг заагаагүй бол тухайн хуралдааны үеэр хариу өгүүлнэ. Харин
шалгаж тодруулах, судлаж үзэх, мэдээлэл авахад хугацаа шаардлагатай бол
дараагийн хуралдаан дээр, эсвэл бусад хэлбэрээр хэзээ хариу өгөхөө мэдээлж
хуралдааны тэмдэглэлд тусгуулна. Бичгээр тавьсан асуулт, асуулгыг уншиж
сонсгоно. Ижил утгатай асуулт, асуулгыг нэгтгэн хариу өгч болно. Нэг асуудлаар
давхардуулж асуулт, асуулга тавихгүй.
4-6 Үг хэлэхдээ бусдын нэр төрийг гутаах, гүтгэх, доромжлох, маргаан
өрнүүлж хуралдаан үймүүлэх, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, хэлэлцэж байгаа асуудлаас өөр зүйл ярих, зөвшөөрөл
өгөөгүй байхад үг хэлэх буюу асуулт, асуулга тавих, зэрэгцэн ярих, бусдын яриаг
нь таслах, өөрийн саналыг дэмжүүлэх буюу
бусдын саналыг үгүйсгэх зорилгоор
шахалт үзүүлэх, гар утсаар ярихыг хориглоно. Хуралдааны дундуур түр
гарах бол зөвшөөрөл авна.
4.7 Хуралдаан даргалагчаас хуралдааны дэг, дотоод журмыг зөрчигчдөд
сануулах, хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлэх, хуралдааны танхимаас гаргах
хүртэл арга хэмжээ авна.
4-8 Асуулт хариулт, санал
шүүмжлэлийг хуралдаанд оролцогчдын ердийн
олонхийн саналаар тасална.
4-9 Хэлэлцэж буй нэг асуудлаар
хуралдаанаас төлөөлөгчид намын болон
лобби бүлэг, бусад зохион байгуулалтын нэгжүүд нэг удаа 30 минутын завсарлага
авч болно. Бүлгийн ахлагч завсарлага авах шалтгаан, хугацааг мэдээлж хуралдааны
тэмдэглэлд тусгуулна. Хэрэв хугацаандаа ирээгүй бол бүлгийн ахлагч,
түүний орлогч нь хуралдааны танхимд ирж тухайн бүлгийн саналыг албан ёсоор
танилцуулна. Хуралдааны дарга асуудлыг нягталж үзээд нэг удаа 20 минут хүртэл
хугацааг сунгуулж болно. Энэхүү хугацаа дууссаны дараа дахин завсарлага авахыг
хориглоно. Сунгасан хугацаа дууссан бол хуралдааны дарга шаардаж хуралдаанд
оролцуулна. Хэрэв хуралдааны танхимд орж ирээгүй бол төлөөлөгчдийн олонхи
байгаа тохиолдолд хуралдааныг үргэлжлүүлэн явуулж гаргасан шийдвэрийг хүчин
төгөлдөр гэж үзнэ. 4-10 Хуралдааныг нээлттэй явуулах бөгөөд
шаардлагатай бол төлөөлөгчдийн олонхийн
саналаар хаалттай хуралдаан хийж болно.
4-11
Нээлттэй хуралдаанд тухайн
хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад
оролцсон байгууллагын дарга, холбогдох
мэргэжилтэнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан оролцоно.
Иргэдийн төлөөллийг оролцуулж болох бөгөөд тэдний нэрсийг ИТХ-ын ажлын алба хуралдаан
болохоос 2 өдрийн өмнө урьдчилан авна. Нээлттэй хуралдааны явцыг
бичгээр болон дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад техник хэрэгсэл ашиглан тэмдэглэж хадгална.
4-12 Хаалттай хуралдаанд аймгийн
Засаг дарга, хэлэлцэж буй тухайн асуудлыг хариуцсан байгууллагын дарга, аймгийн
ИТХ-ын нарийн бичгийн дарга, асуудлыг
боловсруулахад оролцсон ажлын хэсгийн
бүрэлдэхүүн оролцоно.
4-13
Шаардлагатай бол энэхүү дэгийн 4-12–д зааснаас бусад хүмүүсийг
хуралдаанд оролцуулж болох бөгөөд тэднээс хэлэлцсэн асуудлын нууц задруулахгүй
гэсэн баталгааг урьдчилан гаргуулна.
Хаалттай хуралдаанд дуу, дүрс бичлэг
хийх, гар утас авч орох, утсаар ярихыг
хориглоно.Зөвхөн нууцын дэвтэрт тэмдэглэл хийж, шүүхийн шийдвэрийн дагуу
нийтэд мэдээлнэ.
4-14 Хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлээгүй асуудлаар мэдээлэл өгөх
сурталчилгаа хийхийг хориглоно.
Тав. Асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх
5-1 Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу нэг асуудлыг хэлэлцэн
шийдвэрлэсний эцэст дараагийн асуудалд шилжинэ. Тухайн асуудлаар нэмэлт
мэдээлэл авах, боловсруулалт хийх, бусад шалтгаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх
бололцоогүй гэж үзвэл уг асуудлыг нээлттэй орхиж дараагийн асуудлыг хэлэлцэх,
хоорондоо уялдаа холбоо бүхий асуудлуудын танилцуулга, хэлэлцүүлгийг хамтруулан
явуулж болно.
5-2 Хуралдаанд асуудал оруулагч нь үндсэн Тэргүүлэгчдээс тогтоож өгсөн
хугацаанд багтааж дэлгэц дээр техник хэрэгсэл ашиглан аль болох
ойлгомжтой, хүртээмжтэй шуурхай байдлаар
танилцуулна.
5-3 Төлөөлөгчид хэлэлцэх асуудалтай урьдчилан сайтар танилцсан,дахин
танилцуулга хийх шаардлагагүй гэж үзвэл тухайн асуудлаарх хэлэлцүүлгийг шууд
явуулж болно.
5-4 Асуулт, хариулт дууссаны
дараа хэлэлцэж буй асуудлаар
холбогдох хороодын санал, дүгнэлт, намын
бүлгийн, иргэд,байгууллагын санал, хэлэлцүүлгийн дүнгийн талаарх
мэдээлэлийг танилцуулна.
5-5 Төлөөлөгчид бүртгүүлсэн дарааллын дагуу, хуралдаан даргалагч
зөвшөөрөл олгосон үед санал гаргана.Төлөөлөгчдийн саналыг хурлын ажлын алба
гараар болон диктофоноор бичиж тэмдэглэлийг өөрөөр нь хянуулан гарын үсэг
зуруулж хуралдааны эмхэтгэлд хавсаргаж
архивлана.
5-6 Хуралдаанаас гарах шийдвэртэй холбоотойгоор тухайн санхүүгийн жилийн
аймгийн төсвийн зарлагын хэмжээнд өөрчлөлт орохоор бол энэ тухай Засаг даргын
саналыг заавал сонсож шийдвэрээ гаргана.
5-7 Хэлэлцсэн асуудлаар хуралдаанаас гаргах шийдвэрийн төслийг уншин
сонсгож, ажлын хороод дээр болон хуралдааны үед гаргасан зөрүүтэй саналыг
сонсож горимын санал авч, шаардлагатай
бол цөөнхийн тайлбарыг дахин сонсож эцсийн санал хураалт явуулж ердийн олонхийн
саналаар асуудлыг шийдвэрлэнэ.Тогтоол нь ердийн олонхийн саналаар батлагдаж
хүчин төгөлдөр болно.
5-8 Хуралдаан даргалагч баталсан шийдвэрүүдийн нэр, заалт, хавсралтууд,
тогтоолыг баталсан дүн, татгалзсан төлөөлөгчдийг тоо нэрсийг тэмдэглэлд
тусгуулна.
5-9 Хуралдааны тэмдэглэлээр хэлэлцсэн асуудалтай холбогдолтой
байгууллага, албан тушаалтанд биелэлтийг гаргаж ирүүлэх хугацаа заасан үүрэг
өгч болно.Тэмдэглэлээр өгсөн үүрэг бусад шийдвэрийн адил хүчинтэй байна.
Зургаа. Санал хураалтыг
тоолох
6-1 Хуралдааны шийдвэрийг санал хураалтын
дүнгээр гаргана. Ил ба нууц санал хураалтыг цахим тоолуураар болон
ердийн аргаар явуулна. Цахимаар бол төлөөлөгч таблетын дэлгэц дээрх
тухайн асуудлыг дэмжсэн, татгалзсан товчийн
аль нэгийг дарж санал хураалтанд
оролцоно. Санал хураалтын дүнг автоматаар тоолж дэлгэц дээр нууц санал
хураалтын дүнг татгалзсан, дэмжсэн хувиар, ил санал хураалтын дүнг дэмжсэн, татгалзсан төлөөлөгчийн нэрээр гаргана. Ердийн аргаар бол томьёоллын
дагуу гар өргүүлж тоолох журмаар явуулна.
6-2
Хуудас ашиглан нууц санал хураалт явуулах бол төлөөлөгчдөөс бүрдсэн
тооллогын комисс байгуулан санал хураалт явуулж, дүнг танилцуулна.
6-3 Санал хураалт явуулах үед
төлөөлөгч санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад
шилжүүлэх, бусад төлөөлөгчийн өмнөөс санал өгөхийг хориглоно.
6-4 Төлөөлөгч шийдвэр гаргах
асуудлаар өөрөө болон өөртэй нь хамаарал
бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал
хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан
даргалагчид урьдчилан мэдэгдэж, ашиг сонирхолын зөрчлийн мэдэгдэл бичиж
өгнө.Түүнийг тухайн санал хураалтын ирцээс хасаж тооцно.
Долоо. Шийдвэрийн төсөл
боловсруулах
7-1 Шаардлагатай бол хуралдааны
үед хэлэлцэж байгаа асуудлаар гарах шийдвэрийн
төслийг оновчтой болгохын тулд редакцын комиссыг төлөөлөгчдөөс байгуулж,
мэргэжлийн хүмүүсийн оролцоотой түр ажлын
хэсгийг томилон ажиллуулж болно.
7-2 Асуулгын хариутай холбогдуулж төлөөлөгчид
нэмэлт тодруулга хийж хариу авах шаардлагатай бол хуралдааны шийдвэрээр түр
хороо, ажлын хэсэг байгуулж болно
Найм. Хуралдааны
явцын тэмдэглэл хөтлөх
8-1 Хурлын ажлын аппарат завсарлага
бүрийн дараа төлөөлөгчдийн ирцийг
бүртгэж, хуралдаан бүрийн өмнө
зарлуулах, төлөөлөгчдийг бүрэн оролцуулах, хуралдааны явцын дэлгэрэнгүй
тэмдэглэл, төлөөлөгчид, урилгаар
оролцогчдын хэлсэн үг, асуусан асуулт,
хариулт, санал хураалтын дүн, нээлт, хаалтын үгийг бүрэн тэмдэглэнэ.
8-2 Хуралдааны явцын тэмдэглэлд хурал эхэлсэн, завсарласан, дууссан
болон асуудлыг хэлэлцэж эхэлсэн , дууссан
хугацаа, хэлэлцсэн асуудал, түүнийг танилцуулсан албан тушаалтан, хэлэлцэж буй асуудалтай олбогдуулан Хурлын хороодын гаргасан санал
дүгнэлт, төлөөлөгчдийн асуусан асуулт, асуулга, өгсөн хариулт, төлөөлөгчдийн
гаргасан санал шүүмжлэл, хэлсэн үг, намын болон лобби бүлгийн завсарлага
эхэлсэн, дууссан хугацаа, хуралдааныг орхин гарсан орж ирсэн төлөөлөгчийн нэр,
хугацаа, ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл бичиж өгсөн төлөөлөгчийн нэр, горимын
санал, санал хураалтын дүн, нэрээр санал хураасан бол татгалзсан, дэмжсэн
төлөөлөгчдийн нэр, хуралдааны ирц, хуралдаанд ирээгүй төлөөлөгчийн нэр,
шалтгаан, хуралдааны дэг зөрчигдсөн эсэх, төлөөлөгчийн тусгайлан
тэмдэглүүлэхээр хэлсэн үг, нээлт, хаалтын үгийг дэлгэрэнгүй тусгана.
8-3 Хуралдааны явцыг дуу, дүрс
бичлэгээр бичиж, хурлын явцын тэмдэглэл,
санал шүүмжлэл, шийдвэрийг тулган шалгаж, хадгална.
8-4 Хаалттай хуралдааны тэмдэглэл,
баримт бичгийг архивын нэгж болгох, тэдгээрийг ашиглах, хадгалах асуудлыг
төрийн нууцын хууль тогтоомж, тэдгээрийн дагуу батлагдсан холбогдох журам,
дүрэм, зааврын дагуу зохицуулна.
Ес. Хуралдааныг
хаах
9-1
Хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний
дагуу асуудлыг хэлэлцэж, зохих
шийдвэрийг гаргаж дууссан бол хуралдаан
даргалагч хуралдааны үр дүнг нэгтгэн дүгнэж, хааж үг хэлнэ.
9-2
Хуралдааны төгсгөлд “Увс нуур“ дууг хөгжимд эгшиглүүлж
төлөөлөгчид суудлаасаа босож дагаж
дуулна.
Арав. Хуралдааны шийдвэрийг
ёсчлох, эмхэтгэж хүргүүлэх
10-1
Хуралдааны шийдвэрт эцсийн найруулга хийж хэвлэх, хурлын дарга гарын үсэг зурж, тэмдэг дарж дугаар олгосны дараа ажлын 5 өдөрт багтааж холбогдох албан
тушаалтанд хүргүүлж гарын үсэг зуруулж хүлээлгэн өгнө.
10-2 Хуралдааны тогтоол, бусад шийдвэрт хүчин
төгөлдөр болох хугацааг тусгайлан заагаагүй бол
гарсан цагаасаа хүчин төгөлдөр болно.
10-3 Хоригийг хүлээн авч хэлэлцээд
гаргасан шийдвэрийг Засаг дарга хүлээн авснаас хойш 72 цаг өнгөрсөнөөр хүчин
төгөлдөр гэж үзнэ.
10-4 Хуралдааны шийдвэрийг хэвлэл
мэдээллийн хэрэгсэл, бусад хэлбэрээр нийтэд сурталчилж болно.
10-5 Хуралдааны материалыг хуралдаан
болсноос хойш ажлын 5 өдөрт багтаан эмхэтгэж 1-р хувийг хурлын ажлын албанд
хадгалж, 2-р хувийг ЗДТГ-д хүлээлгэн өгч, 3-р хувийг Монгол улсын ЗГХЭГ-д
хүргүүлнэ. Аймгийн нийтийн номын сан, иргэний танхимд хуралдааны эмхэтгэл болон
эсвэл дэлгэрэнгүй тэмдэглэлийг хүргүүлж нийтийн хэрэгцээнд ашиглуулж болно.
10-6 Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын
баримт бичгийн багцад хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, төлөөлөгчдийн ирцийн
бүртгэл, хуралдаанд урилгаар оролцсон болон байлцсан хүмүүсийн нэр, албан
тушаал, хэлэлцсэн асуудлын танилцуулга, шийдвэрийн төсөл /хувилбарууд/,
хавсаргасан судалгаа, тооцоо, лавлагаа, хурлын хороо, ажлын хэсэг, намын
бүлгийн санал, дүгнэлт хураалгах томьёоллын төсөл, мэдэгдэл, сонордуулга,
төлөөлөгч хуралдааны тэмдэглэлд тусгайлан тэмдэглүүлэхээр бичгээр гаргасан
санал, төлөөлөгчдөд тараасан гарын авлага, материалын бүртгэл зэргийг хавсаргана.
10-7 Хуралдааны шийдвэр, материалыг
холбогдох талуудад хүргэхийг хурлын ажлын алба, хуралдааны шийдвэрийг нийтийн
хүртээл болгож тайлбарлан таниулахыг хурлын төлөөлөгчид, хэрэгжүүлэх ажлыг
зохион байгуулж үр дүнг тайлагнах ажлыг Засаг дарга, тухайн шийдвэрийг
хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн талуудхариуцна.