Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олонлог сургууль хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж буй Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан Олон улсын математикийн уралдааны шагнал гардуулах хаалтын ажиллагаа боллоо.
Арга хэмжээнд уралдааныг санаачлагч Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, уралдаанд оролцож буй улс, хот, дүүргүүдийн төлөөлөл албаны хүмүүс, НЗДТГ, ЧДЗДТГ-ын төлөөлөл, ЕБС-иудын удирдлага, сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээний үеэр уралдааныг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Ганболд үг хэлж өв уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, оюуны хурдтай, бүтээлч сэтгэлгээтэй сурагчдыг төлөвшүүлэх зорилгоор анхлан зохион байгуулж байсан тус уралдаан жилээс жилд өргөжин гадаад, дотоодоос оролцогч сурагчдын тоо өсөн нэмэгдэж байгаад баяртай байна гэдгийг онцлоод сурагчдад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөж өөрийн нэрэмжит шагналаар шилдэг оролцогчдыг шагнаж урамшуулсан юм.
Мөн үеэр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ уралдааныг санаачлагч, уралдаанд оролцож байгаа гадаад дотоодын бүх сурагч, багш, уралдааныг зохион байгуулагчид, удирдлагуудад талархал илэрхийлж, дараа жилийн III уралдаандаа дахин амжилттай оролцохыг уриаллаа.
Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан математикийн уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олонлог сургууль нар хамтран 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Олон улсын уралдаан болж өргөжсөн юм. Энэ удаагийн уралдаанд үндэсний ангилалд өрсөлдсөн 1800 гаруй сурагчаас шалгарсан 97 сурагч, Казакстан улс, ОХУ-ын Эрхүү хот, БНХАУ-ын Эрээн хот, ОХУ-ын Бүгд найрамдах Саха(Якут) улсын Неюнгринский дүүрэг, Хангаласский дүүрэг, Бүгд найрамдах Буриад улсын Советский дүүрэг зэрэг улс, хот, дүүргүүдийн 31 сурагч нийт 128 сурагч авьяас чадвар, оюун ухаанаараа өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.