Увс аймгийн Засаг дарга
Д.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Увс аймаг “Олон улсын аялал
жуулчлалын үзэсгэлэн “ITM-2019”-ийн түншлэгч байгууллагаар ажилласан юм. Тус
аймгийн удирдлагууд “Увсын хөгжилд эрдэмтдийн оролцоо” эрдэм шинжилгээний хурал
болон “Увсад хөрөнгө оруулагчдын чуулган” арга хэмжээг зохион байгуулахаар
болжээ.
-Увс аймгийн хаваржилт
сайхан байна уу?
-Цагаан сараас хойш хүйтэрсний улмаас хаваржилт жаахан хүндэрч, багагүй
тооны мал хорогдсон. Энэ нь манай аймгийн байгаль цаг уурын онцлогтой
холбоотой. Энэ өвөл манай нутагт -50 хэмээс дээш градустайгаар 40 гаруй
хоног тохиолоо. Нийт нутгийн 95 орчим хувьд нь цас нэлээн
унасан. Хаваржилт хүндрэх болсон шалтгаан нь 2018 оны арваннэгдүгээр сарын
24-нд цаг агаарын онц ноцтой үзэгдэл болж, өндөр хүчдэлийн 13 шон унаж, 100
гаруй айлын гэр сүйдсэн гамшиг тохиосон.
Цаг агаарын онц ноцтой үзэгдэл үүрээр болсон бөгөөд хэрвээ оройн цагаар
хүчтэй шуурга шуурсан бол гал түймрийн аюул дагуулах эрсдэл өндөртэй байдаг.
Энэ шуурга газрын хөрсийг эргүүлснээс үүдэн мал идэх өвсөөр хомс байсны улмаас
60 гаруй мянган толгой мал хорогдсон. Одоогоор нийт нутгийн 70 орчим хувь нь
цасан бүрхүүлтэй байна. Цас дөнгөж одоо л хайлж эхэлж байгаа. Дөрөвдүгээр сарын
10-наас хойш гэхэд цас бүрэн хайлж дуусах байх.
-Увс аймаг цаг агаарын
онцлогоосоо шалтгаалж, урт өвлийг үздэг. Өвөл хүнд үед хаваржилт бас хүндрэх
тал бий. Одоогоор өвс тэжээлийн хүрэлцээ нөхцөл байдал ямар байна вэ?
-Хүндрэл дуусах болоогүй байна. Хаваржилт хүндэрсэн үед заримдаа зургадугаар сар хүртэл үргэлжилдэг.
Тэгэхээр мал ногоотой залгаад тэнхрэх
хүртэл хүндхэн байж магадгүй. Манай
нутгийнхан байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд ажиллаж, амьдардаг учраас
малчид, ард иргэд өвөлийнхээ бэлтгэл ажлыг сайтар хангадаг.
Мөн сум, аймгийн удирдлагууд өвлийн бэлтгэл ажилд анхаарч сумын болон
аймгийн нөөцийг бэлтгэхэд хөрөнгө мөнгө
зарцуулж, намар өвс тэжээлээ бэлтгэдэг. Хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор
Засгийн газар, Улсын онцгой комисс хуралдаад 400 тонн өвс, 400 тонн тэжээлийг
50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад олгосныг бүх сумдад хуваарилсан.
-Танай аймаг Улаанбаатар
хотоос алслагдсан учраас иргэдийн өмнө тулгамдсан асуудал багагүй байгаа байх?
-Тулгамдсан асуудлууд байдаг. Нэгдүгээрт, Увсаас Улаанбаатар орох хүртэл
1350 километр зам туулдаг. Алс хол учраас эрүүл мэндийн яаралтай тусламж авах,
онгоцоор явах зэрэг асуудал гардаг. Газраар ирж очих замын хувьд тийм сайнгүй ч
сүүлийн жилүүдэд сайжирч, Увсаас Улаанбаатар, Завхан аймгийн Сонгино сумаас
Тосонцэнгэл хүртэлх 160 километр замыг Засгийн газраас концессын гэрээгээр
тавих ажлыг эхлүүлсэн байна. Энэ онд ашиглалтад орчихно гэж бодож байна. Дараагийн бэрхшээл бол цаг агаартай холбоотой. Өвөл өдөртөө -40 хэм гарч, шөнөдөө -50 гаруй
хэмийн хүйтэн ч Увсын ард түмэн энэ нөхцөлдөө дадсан. Яах аргагүй байгалийн
хатуу, хүндийг өөрсдийн хүч хөдөлмөр, эр зоригоор даван туулдаг. -40 хэмд
хүүхдүүд хичээлдээ явж, малчид малаа малладаг гэхээр нутгийн ард түмнээс өөр
бусад хүмүүст чангахан санагдах байх. Энэ мэтчилэн амьдралын хүнд нөхцөлүүд
манай аймагт бий. Гэхдээ Увсын ард түмний давуу чанар бол ажилсаг. Малчин
хүмүүс нь малаа маллаж, бусад хүмүүс нь дор бүрнээ өөр өөрийн амьдралаа
залгуулахын тулд бүхий л боломж бололцоогоороо ажиллаж хөдөлмөрлөдөг.
-Ойрын үед хийхээр төлөвлөж байгаа ажил юу байна вэ?
-Өнгөрсөн 2016 онд УИХ-ын
сонгууль, орон нутгийн сонгууль гээд онцын ажил хийгдээгүй. 2017 онд 4.8 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн. Өнгөрсөн жил улсын эдийн засаг
сэргэсний үр дүнд 44 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн. Энэ жил 103
тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Уг
ажлыг хийх сонгон шалгаруулалт явуулж, үр дүнг нь ард иргэд бодитоор
хүртэх боломжийг хангахын төлөө ажиллаж байна.
-Жижиг дунд үйлдвэрлэл танайд хэр хөгжиж байна. Залуучуудыг ажилтай
орлоготой байх талаар хэрхэн анхаарч байгаа вэ?
-Манай аймгийн бүх суманд талх
барьдаг жижиг цехүүд ажиллаж байгаа. Гэхдээ одоогоор жижиг, дунд хэмжээний
үйлдвэрийг дэмжихээр тодорхой ажил хийгдсэн, төрөөс шууд дэмжсэн зүйл алга.
Намайг ажлаа хүлээж авснаас хойш ЖДҮХ
сангаас орон нутагт нэг ч төгрөгийн зээл өгч байгаагүй. Харин энэ онд
ЖДҮ-т зориулж нэг тэрбум төгрөгийн зээл ирнэ гэсэн сураг байна. Одоогоор ХХААХҮ
яамнаас төсөв хөрөнгийг нь шийдсэн. Увс аймагт нэг ч гэсэн жижиг дунд үйлдвэр
нэмэгдэж, байгуулагдан, үр ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлээсэй л гэж хүсч байна.
Тухайлбал, мал аж ахуйн салбарын
түүхий эдийг боловсруулах үйлдвэр яах ч аргагүй л хэрэгтэй байна. Хамгийн гол
нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан хөнгөлттэй зээл нь хөдөө орон нутагт
хүрч, жинхэнэ эзэддээ очвол иргэдийн амьдралд яах аргагүй хэрэгтэй л байна даа.
-Увс аймгийн ирээдүйн хөгжлийн бодлогыг юу гэж харж байна. Ямар
салбартаа тэргүүлэх зорилт тавьж байна вэ?
-Манай аймаг эдийн засгийн
хөгжлийн хувьд хөдөө аж ахуйн салбарыг голчилдог. Тэр дундаа мал аж ахуйн
салбарын хувьд гурван сая 175 мянган толгой малтай. Энэ салбар бидний ажил
амьдралаа залгуулах эх үүсвэр, хөрөнгө. Хоёр дахь салбар нь газар тариалан. Энэ
онд “Атар газар эзэмшсэний 60 жилийн ой” тохионо. Энэ ой манай аймагт ч
хамаатай. Тухайлбал, манай аймагт 1959 онд Баруунтурууны сангийн аж ахуй
байгуулагдаж аймгийнхаа болон баруун таван аймгийн ард иргэдийг гурил, малын
тэжээл, хадлан өвсөөр хангадаг байсан. 1993 он хүртэл жигд сайн ажиллаж байгаад
түүнээс хойш уналтад орсон. Харин өнгөрсөн
онд газар тариалангийн салбарт бид амжилттай ажилласан. 30 гаруй мянган
га талбайд улаан буудай тариалж, түүнээсээ 20 мянга гаруй тонн ургац хурааж
авсан. Энэ нь сүүлийн 25 жилд хурааж аваагүй арвин ургац. Хүнсний ногооны
аймгийнхаа хэрэгцээг дотоодоосоо хангачихдаг. Мөн хэд хэдэн төрлийн хүнсний
ногооны үрийг бүрэн хэмжээгээр үйлдвэрлэдгээрээ онцлогтой. Тиймээс хүнсний
ногооны үр үйлдвэрлэх тал дээр харьцангүй туршлагатай. Малын тэжээлийн хувьд
1800 га газарт тариалдаг. Голчлон царгис тариалдаг. Энэ ургамал уургийн өндөр
агууламжтай учраас мал хүйтнийг давахад чухал нөлөө үзүүлдэг онцлогтой.
-Аймагтаа төдийгүй бусад аймагт цаашлаад дэлхийд гаргах брэнд
бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна уу. Ямартай ч Увсын чацарганыг иргэд анддаггүй юм
билээ?
-Дэлхийн зэрлэг чацарганы багагүй
хувь нь Увс аймгийн Тэс, Торхилог голын сав газраар буюу Увс нуурын хөндийгөөр
ургадаг. Тиймээс ч дээр үед Улаантолгойн сангийн аж ахуй хэмээх чацарганы аж
ахуй байсан. 1993 онд даргаар нь н.Сүхбат гуай ажиллаж байх үед 360 тонн
чацаргана хурааж авсан. 2005 онд манай аймаг 13 тонн чацаргана хурааж авсан
баримт бий. Ингээд чацаргана тариалалтыг сэргээж “Чацаргана хөтөлбөр”-ийг
баталснаас хойш аж ахуйн нэгжүүд болон ард иргэд ихээр тариалах болсон. Энэ жил
500 гаруй тонн чацаргана хурааж авсан. Үүнийг дагаад чацарганаас гарах түүхий
эдийг ашиглаж олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бид чацарганаа олон
улсын зах зээлд гаргахаар төлөвлөж, ажлууд хийж байгаа. Экологийн цэвэр
бүтээгдэхүүн талаас нь дэлхийд гаргахад олон улсын стандартын шаардлагатай
тулгардаг. Францын Элчин сайдын яам, болон хөдөө аж ахуйн төслийн шугамаар
чацарганыг газарзүйн заалттай бүтээгдэхүүн болгохын төлөө судалгаа хийж байгаа
боловч дүн одоогоор хараахан гараагүй байна. Дараагийн брэнд бол мал аж ахуй.
Манай аймгийн мал хүйтэнд тэсвэртэй, их цасанд амьдарч чаддаг учраас мал сүрэг
яах аргагүй нутгийн брэнд. Тэр дундаа
Баяд үүлдрийн хонь, Тэс хэвшлийн адуу, Өлгийн Улаан ямааны үүлдэр
өнгөрсөн есдүгээр сард батлагдлаа. Мөн дараагийн бахархал, брэнд байгалийн
үзэсгэлэнт газрууд юм. Манай аймагт дэлхийн улаан номонд орсон аргаль, янгир, хойлог шувуу, алтан элс гэх мэт дэлхийн өвд
орсон Увс нуураас эхлээд Хяргас, Айраг, Ачит, Үүрэг гэх мэт томоохон нуурууд
мөн Тэс, Хархираа, Завхан, Ховд гэх мэт томоохон голууд бий. Энэ бүхэн манай
аймаг дэлхийн хүмүүсийн анхаарлыг татсан аялал жуулчлалын томоохон бүс нутаг
болох магадлалтай. Бид аймгийнхаа байгалийн онгон дагшин байдлыг хадгалан үлдэж
чадвал өндөр уулс, ховор ан амьтан, ургамлаа дэлхийд гайхуулах боломжтой. Мөн
өвлийн спорт, өвлийн аялал жуулчлал хөгжсөн ирээдүй Увсад бий.
-Уул уурхайн лиценз, зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудад иргэд
шүүмжлэлтэй хандаж байсан явдал гарч байсан?
-Увс аймагт 154 лиценз байдаг.
Ашиглалтын 48, хайгуулын 96 лиценз талбайтай. Үүнээс 90 орчим нь 2015, 2016 онд
олгогдсон. Өнөөгийн нөхцөлд манай аймагт уул уурхайн салбар эрчтэй хөгжих нь
бас ч зохимжтой биш. Одоогоор гурван нүүрсний уурхай, нэг төмрийн хүдрийн
уурхай ажиллаж эхэлсэн. Уул уурхайн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд орон нутагтаа
ашигтай, үр өгөөжтэй биш байдаг. Орон нутагт хөрөнгө оруулалт болж үлдэх зүйл
байхгүй учраас миний хувьд аймгийн даргын хувьд уул уурхайг чухалчилж үзэхгүй
байгаа.
-Баруун хязгаар аймагт эрүүл мэнд, боловсролын салбар чухлаар
тавигддана. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ, тэнд ажилладаг боловсон
хүчний ур чадвар ямар байна вэ?
-Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ
хүртээмжийг сайжруулахын тулд сүүлийн жилүүдэд аль болох олон ажил хийсэн. Энэ
жил манай эрүүл мэндийн газар Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбартаа
тэргүүлсэн. Эрүүл мэндийн салбарт бодлогын
чанартай хөрөнгө оруулалтаар дэмжихээс гадна ажиллах арга барил менежментийг нь
хүртэл өөрчилж, боловсон хүчнээ чадавхжуулахын тулд байгаа боломж нөөцөө
дайчилсан. Үүний үр дүнд энэ салбарт ахиц дэвшил гарсныг Эрүүл мэндийн яам
үнэлж байсан. Боловсролын салбарын хувьд энэ жил гурван цэцэрлэг, хоёр сургууль
барьж байна. Улсын төсвөөр хийхээр тусгагдсан ажлууд хийгдэж байгаа. Боловсролын салбарынхныг дүгнэхэд
улсын элсэлтийн шалгалтын үзүүлэлт гол нөлөө үзүүлдэг болов уу. 2018 оны
элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр манай аймаг Дорнод аймгийн дараа буюу улсад
хоёрдугаар байрт орсон нь энэ салбарын ажлыг сайн байна гэж дүгнэхэд хүргэсэн.
Бид энэ үнэлгээгээрээ л бусадтай өөрсдийгөө харьцуулж үр дүнгээ тооцоолж,
өөрсдөдөө үнэлэлт дүгнэлт өгч байна. Аль болох л сайжруулж, дээшлүүлж,
дэвжүүлэх сэтгэл зүрхээр л ажиллаж байна.
-”Увсын хөгжилд эрдэмтдийн оролцоо” эрдэм шинэжилгээний хурал зохион
байгуулж байгаа юм байна. Энэ хурлын талаар...?
-Увс аймгийг судалдаг, Увс
аймагтай холбоотой олон эрдэмтдийг энэхүү эрдэм шинэжилгээний хуралдаа
оролцуулж байна. Энд байгаль орчин,
эрүүл мэнд, экологи, боловсрол, эдийн засаг гэх мэт бүх салбарт холбоотой
эрдэмтэн судалаачдыг оролцуулж, тэдний санал, санаачилгыг аймгийнхаа хөгжилд тусгах
зорилготой.
-Мөн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулагдана. Энэ
уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Чуулганы хүрээнд бид аймгийн
нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой, нэн шаардлагатай, тулгамдсан төсөл,
хөтөлбөр, арга хэмжээнд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийг зорин олон ажлууд
төлөвлөөд байна. Манайх аялал жуулчлалын
салбараа эдийн засгийн үр өгөөж бүхий салбар болно гэж харж байгаа. Үүний тулд
хэд хэдэн ажил зохион байгуулаад тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал, ОХУ-ын
Тува, Хакас хотоос манай аймгийг зорих жуулчдын тоо өссөн. Өнгөрсөн жил 40 мянга гаруй жуулчид ирсэн нь нутгийн
иргэдийн бизнесийг дэмжиж, тэдэнд орлого оруулж байна. Аялал жуулчлал хөгжихийн
хэрээр ирсэн жуулчдадаа угтан авч үйлчилгээ үзүүлэхдээ бид бэлэн бус байна.
Аялал жуулчлалын чиглэлийн дэд бүтцийг улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийх
хэрэгтэй. Олон мянган жуулчин ирэхэд сэтгэлд нь хүрч үйлчлэхийн тулд зохих
хэмжээний зочид буудал, амралтын бааз, амт чанартай хоол, үйлчилгээний соёлтой
байхаас эхлээд гадаад, дотоодын зочдод хандах хандлага сайн байж жуулчдыг
татна. Энэ утгаараа олон улсын аялал
жуулчлалын үзэсгэлэн “ITM-2019”-ийн түнш байгууллагаар оролцож нутгаа
сурталчиллаа. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбараас тодорхой хэмжээний
хөрөнгө олох ёстой.
Мөн хөдөө аж ахуй, мал аж ахуйн
салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй. Манай аймаг малын гоц халдварт өвчингүй,
эрүүл бүс гэж зарлагдсан учраас малынхаа махыг ОХУ, Хятад, Хонконг, Какакстан
руу экспортолж байна. Тиймээс махны үйлдвэрийн чиглэлээр хоёр үйлдвэр барихаар
ажил эхэлсэн байна. Увсад хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр оролцогчдод
зориулсан хурал, уулзалт хэлэлцүүлэг, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийг
танилцуулж олон гэрээ үзэглэнэ гэдэгт найдаж байна. Энэ чуулганы үеэр аймаг
сумынхаа хөгжилд үр нөлөө бүхий төсөл хөтөлбөрийг танилцуулахаар бүх сумдын
удирдлагууд ирж сум орон нутгийнхаа онцлогт тохирсон төслүүдийг хөрөнгө
оруулагчдад танилцуулан хамтарч ажиллах юм.
Мөн Увс аймагт хөрөнгө оруулалт хийх хэд хэдэн гэрээнд гарын үсэг
зурагдана. Үүнд Азийн хөгжлийн банкны
төслөөр хийгдэх 10 мвт нарны эрчим хүчний салхины цахилгаан станц, мах комбинат, аялал жуулчлалын бааз,
үйлчилгээний төв байгуулах гэх мэт олон төсөл хөтөлбөрт гарын үсэг зурна. Мөн
арилжааны банкууд манай аймгийн иргэдэд
тодорхой хөнгөлттэй бүтээгдэхүүнийг зориулж гаргах чиглэлээр хамтарч
ажиллах гэрээг үзэглэхээр төлөвлөөд байна.
Сэтгүүлч П.Батзаяа