Чингэлтэй дүүргийн 7-11 дүгээр хорооны өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, 7 дугаар хорооны Худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ уулзаж, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр дүүргийн төр захиргааны байгууллагаас баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн ажлууд, 2019 онд Чингэлтэй дүүрэгт хийгдэх онцлох бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулж санал солилцов.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр дүүргээс олон бодит ажлуудыг санаачилж хэрэгжүүлж байгаагийн жишээ нь “Чингэлтэйд үйлдвэрлэв 1, 2, 3” борлуулалтын салбар цэгүүдийг нээснээр үйлдвэрлэгчдийн борлуулалт, өрхийн орлогын түвшин дээшилсэн үзүүлэлттэй байгаа нь үйлдвэрлэгчдийгээ дэмжсэн томоохон ажлуудын нэг юм. Мөн Зөөврийн ажлын байрыг үе шаттайгаар нэмэгдүүлсэнээр 135 ажлын байрыг шинээр бий болгосон, 2019 онд Зөөврийн 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Манжуур хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, санамж бичгийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж “Чингэлтэйд үйлдвэрлэв” салбарыг Манжуур хотод нээх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа тухай онцолж байлаа. Ингэснээр үйлдвэрлэгчид чөлөөт худалдааны бүс болох Манжуур хотод бараа бүтээгдэхүүнээ борлуулах, цаашлаад Хятадын бусад хотууд руу бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах боломж үүд хаалгыг нээн өгч байгаа юм.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот, Эрээн хот, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олон жилийн найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Манжуур Эрээн хотуудад жил бүр зохион байгуулагддаг гурван улсын үзэсгэлэн худалдаанд Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хоёр жил дараалан амжилттай оролцсон.Энэ жилийн үзэсгэлэн худалдаа 8 дугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.