Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, УИХ-ын Тамгын газартай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг хөгжүүлэх нь” төсөл, хоёр жил гаруй хугацаанд амжилттай үргэлжилж байна.
Энэ хүрээнд “Эмэгтэйчүүд-Манлайлал” чуулган өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдөр болж, чуулганд Монгол Улсын 21 аймаг, 333 сум, Нийслэл хотын 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 420 гаруй эмэгтэй Төлөөлөгчид өөрсдийн сайн туршлагаа солилцлоо. Мөн үеэрУИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Бүх шатны засаглалын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдвээр, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Улс төр дэх эмэгтэйчүүд -сорилт, боломж” сэдвээр илтгэлүүд тавьж, эмэгтэйчүүдийн санал бодлыг сонсов.
Мөн дүүрэг, орон нутгийн сайн туршлагуудаас онцолж 8 сайн туршлагыг танилцуулсаны нэг нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргээс санаачлан, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзолын хариуцан ажиллаж байгаа “ДУЛААЛГЫН АЯН” төсөл байлаа.