Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны Хүндэтгэлийн хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болж өндөрлөлөө.
Хүндэтгэлийн хуралдааныг ИТХ-ын дарга Э.Ганбат нээж хэлсэн үгэндээ:
Өнөөдрийн хүндэтгэлийн хуралдаан Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн түүхэн цаг мөчтэй давхцаж байгаа нь ихээхэн бэлгэшээлтэй үйл явдал болж буйг онцлоод
Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар баталгаажсан нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойн энэ онд тохиож байгаа бөгөөд долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм төлөөлөгч та бүхэндээ өнгөрсөн 4 жилд дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө сэтгэл оюунаа зориулан ажилласанд гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.
2016 оны орон нутгийн сонгуулиар байгуулагдсан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 11 дүгээр сарын 11-нд анхны хурлаа хийж байсан тэр цаг мөчөөс өнөөдрийг хүртэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 7 удаа хуралдаж 31 асуудал хэлэлцэн 27 тогтоол батлан гаргаж хэрэгжилтэд хяналт тавин ажилласан байна.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын шийдвэрийн хэрэгжилтийг чанаржуулах зорилго бүхий 6 Ажлын хороог байгуулан ажиллуулсан бөгөөд нийт 25 удаа хуралдаж нийт 45 асуудал хэлэлцэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулан ажиллажээ.
Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нь жил бүр эргэлтэд орох зарчмаар сонгогдон ажиллах хугацаандаа 37 удаа хуралдаж 223 асуудал хэлэлцэн 152 тогтоол батлан гаргасан байна.
Дүүргийн хөгжил, бүтээн байгуулалт, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч хүмүүжих бүхий л нөхцөл, боломжийг хангахад чиглэсэн 7 журмыг батлан, хэрэгжилтэд хяналт тавин ажиллажээ.
Мөн 2016 онд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх “Дэвжин дээшлэх Сүхбаатар дүүрэг” хөтөлбөрийг баталснаар
Иргэдийн оролцоотой Сүхбаатар дүүрэг
Боловсролд ээлтэй Сүхбаатар дүүрэг
Амьдрахад таатай Сүхбаатар дүүрэг
Иргэндээ үйлчлэх Сүхбаатар дүүрэг
Дэвжин дээшлэх Сүхбаатар дүүрэг гэсэн 5 үндсэн зорилт бүхий эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлийг баталж шаардагдах төсвийн хуваарилалт хийхэд төлөөлөгч та бүхэн өөрийн сонгогдсон хорооны иргэдийн болоод дүүргийн 145 гаруй мянган иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг төлөөлж саналаа тусган батлуулж хэрэгжилтэд хяналт тавин ажилласан байна.
Сүхбаатар дүүрэгт 2017-2020 онд дүүргийн төсвийн 53,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийт 503 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна.
Тухайлбал: Иргэдийнхээ аюулгүй, амар тайван, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр 2017-2020 онд 2000 гаруй гэрэлтүүлэг, 500 орчим камержуулалтын асуудлыг цогцоор шийдсэнээр гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс буурсан үзүүлэлттэй байна.
Мөн боловсролын салбарт 8 тэрбум төгрөгийн 77 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсний дотроос дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг, 100 хүүхдийн ортой 143-р цэцэрлэгийн өргөтгөлийг барьж байгааг онцлон дурдъя.
Эрүүл мэндийн салбарт 15.6 тэрбум төгрөгийн 14 төсөл арга хэмжээг хэрэгжүүлснээс анх удаа дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 250 ортой дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барих төсвийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаан дахь түүхэн шийдвэрүүдийн нэг байлаа.
Түүнчлэн жил бүр нийслэлийн төсвийн 30 гаруй хувийг Сүхбаатар дангаараа төвлөрүүлдэг бөгөөд 2017 онд 13.5 тэрбум төгрөг, 2018 онд 29.5 тэрбум төгрөг, 2019 онд 41.5 тэрбум төгрөгийн төвлөрүүлсэн бөгөөд 2020 онд 62.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр ажиллаж байна.
Энэ нь Төсвийн тухай хууль болон Татварын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор жилд төвлөрүүлдэг 5 тэрбум төгрөгийн орлого 29-62 тэрбум төгрөг болтлоо өссөн буюу өмнөх онуудтай харьцуулахад 6-10 дахин их орлого төвлөрүүлсэн байна.
Мөн хүндэтгэлийн хуралдаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, ИТХ дахь АН-ын бүлгийн дарга С.Очирбат, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга А.Ганхуяг нар хуралдаанд оролцсон ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн ЗДТГ-ын болон дүүргийн дэргэдэх хэлтэс албадын удирдлагуудад хандан үг хэллээ.