Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сэцэн-Сартуулын түүх

2021-04-21

Сэцэн Сартуулын түүхээс

Сэцэн Сартуулын хошуу нь 1756 онд “Халхын өрнө замын зүүн гарын Зүүн этгээдийн хошуу” хэмээх нэртэйгээр байгуулагдсан бөгөөд анхны ноён нь Чингис хааны удмын Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнгийн угсааны Намжилдоржийн хүү тэргүүн зэрэг тайж  Норов хэмээгч байжээ. Тэр цагаас хойш Норов тайжийн хөвгүүн, ач, гуч, жич нар угсаа залгамжлан хошууг захирч байв. Үүнд 1756 оноос Норов, 1768 оноос Дондовдорж, 1809 оноос Цэсэнжав, 1819 оноос Цэвээнжав, 1853 оноос Бэгзбазаржав, 1865 оноос Насанбуянжаргал, 1903 оноос 1924 он хүртэл Жалцангомбоцэдэн нар угсаа залгамжлан хошуу захирсан ажгуу.

Ардын хувьсгалын дараа 1924 онд орон нутгийн захиргааг ардчилан өөрчлөхөд 1924 оны 6 дугаар сарын эхээр хошуу нутгийн төв болох Цэцэн уулын орчимд хошууны их хурал болж Жалцангомбоцэдэн ноёныг огцруулан оронд нь харц ард гаралтай Өлзийтогтохыг /нутгийнхан түүнийг хүүхэн мэйрэн гэдэг/ хошуу даргаар сонгогдсон байна. Хошууны их хурлаас аймгийн их хуралд түшмэл Долгорын Ламзав /Манай улсын соёл урлагийн нэрт зүтгэлтэн Нацаг, зохиолч Ванган нарын эцэг/, Дорлиг үүзэн/дуучин Чулуунхүүгийн нагац/, тайж Бүрнэбадар /доктор Бирваагийн эцэг/ нарыг сонгон илгээснээс Долгорын Ламзав Улсын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож улмаар Улсынэ бага хурлын нарийн бичгийн даргаар сонгогдсон байна. Тэр цагт хошуу дөрвөн мянга илүү өрхтэй, 17 мянга орчим хүн амтай, бодод шилжүүлснээр 60 мянга шахам малтай байжээ. Сэцэн Сартуулын хошуу хэзээнээс нутаг уудам, хүн зон олонтой, мянган тайжтай, түмэн Сартуул хэмээх алдартай байсан агаад түүх хууч ярианд өгүүлснээр зэргэлдээх Элжгэн ноён адуу түм хүрлээ газар таслан өгсү хэмээн баярхан дайрахад “Өчүүхэн ноён миний албат мянган тайж, түмэн сартуул тус бүр чөдрийн 2 унаатай бүлгээ. Илүүчлэх газар шороо алга” хэмээн хариу барьж номхотгосон домог буй.

            Хошууны нутаг  одоогийн Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргаз, Сонгино, Цэцэн-Уул, Түдэвтэй, Эрдэнэхайрхан, Яруу сумууд мөн Алдархааны болон Увсын Завхан, Ховдын Чандмань сумын нутаг, хүн амын зарим хэсэг хамарч байлаа.

            Монголын Сартуул хэмээгчдийг Чингис хааны Дундад Азийн “Хорезм” гэдэг шар Сартуул улсын эзлэн аваад хөөж авчирсан олзны хүмүүсийн үр удам мөн гэж Дорно дахины судлалын нэртэй зарим эрдэмтэд бичсэн нь байдаг. Юу боловч Сартуулууд XVI зууны үед Тан-гууд халхын хамтаар Батмөнх даяны хааны ач хөвгүүн Далдан хөндлөнгийн хувь эзэмшил болж явсан ажээ. Сартуулууд урьд цагт Алтайн цаад бэлд Булган, Цэнгэл голын сав хөндийгөөр нутаглаж байгаад тэндээс нүүж ирсэн гэсэн домог яриа байдаг гэж нутгийн хөгшид Төмөр, Осор нар хуучилж байжээ. Эдүгээ Булган голоор нутагладаг Торгуудууд урьд энд Сартуулууд байсан ба одоо ч Сартуулын хэмээх булш олон бий хэмээн гэрчлэн ярьж байна. Хоорондоо хол зайтай орших ард олны яриа тохирч буй нь сонин агаад, Сартуулууд алсаас ирсэн байж болох ба олон зууны туршид халхжсан нь маргаангүй болой.

/Зохиолч Ц.Сайннямбуугийн Сэцэн Сартуул хошууны 240 жилийн ойд зориулан гаргасан “Овоонд нэмсэн чулуу ном”-оос/

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%