Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН МОНДООНЫ НОРСОНЖАВ

2021-04-23

МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН МОНДООНЫ НОРСОНЖАВ

1929  онд Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн.

1948-1951 онд Цэргийн алба хаасан

1953 оноос УХДТ-т дуучнаар орж, Алтай чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад найрал дууны багш, уран сайхны удирдаачаар ажиллаж байсан.

1976 онд Говь-Алтай аймгийн Алтан чуулгад ажиллаж байхдаа Урлагийн гавьат зүтгэлтэн цолоор шагнагдсан.

ГУРВАН ТАМИРЫН УЯНГА

Аргын 1929 онд Сантмаргаз сумын Баяннуурын малчин Мондооныд Норсонжав хэмээх хүү төржээ. Тэр үеийн багачуудын нэгэн адил морь уралдаж, хонь хурганы цаагуур гүйж, хөдөөгийн сайхныг бие сэтгэлээрээ мэдрэн өссөн нэгэн бүлгээ. Намайг балир багад Норсонжав, Банзрагч хэмээх 2 залуу нийслэл хотруу явна хэмээн айл хэсэж, архи уун уйлж дуулж явахыг хараад тэр хот гээч юм хэцүү газар байхаа, хүүхэд очвол байнга уйлах болуужин хэмээн бодож байлаа. Төдөлгүй Норсонжав ах аргил бүдүүн хоолойгоор “Замагтай нуур” дуу дуулж, Н.Банзрагч мотоспортын мастер болон уралдаж буй тухай нутгийнхан бахархан ярилцахыг сонсоод бушуухан том болж хот газар одохсон гэхээс нойр хулждагсан.

            М.Норсонжав нутгаасаа гэрлэж, амьдрал ахуйгаа хичээн додомдож байтал залуу хань нь хорвоог орхин одоход хадам эцэг Далайнхаас хүр дүү охиноо өргөн авч хот явсныг хожим мэдэж билээ. Тэр дахин хань ижилтэй болж уран бүтээл нь ч өөдлөн оргисон болой. Норсонжав Ардын бүжгийн театрт дуучин, найруулагч, Говь-Алтай аймгийн Алтай чуулга, Хилийн цэргийн ансамбельд найрал дууны багшаар ажиллаж, олон арван шавьтай болсон хүмүүн. Дуучин төдийгүй кино дэлгэцнээ хэд хэдэн дүр бүтээсний нэг нь “Гологдсон хүүхэн” киноны Долингорт өвөрмөц чадварлаг тогложээ. Магадгүй энэ дүр түүний амьдралын замнал, зовлон жаргалтай нь ижилсэн байсныг үгүйсгэхгүй.

            Норсонжав “Дайчин нөхрийн дуу”, “Улиастай магтуу”, “Гурван тамирын уянга”, “Халгих булгийн ус” зэрэг олон арван дуу зохиосон нь “Гурван тамирын уянга”, “Хилийн тухай хоршил” түүвэрт оржээ.

Гурван тамирын шугуй нь

Үелзэнхэн найгана

Гурван живаа мөчир нь

Туялзанхан найгана.... хэмээх уянгалаг сайхан дууг мэдэхгүй хүн байхгүй. Норсонжаваар ард түмэн андахгүй таних бүлгээ.

            Түүний шавь хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэ-Очир, хөгжмийн зохиолч П.Дамдинжав нар багшаараа бахархан дурсаж, уран бүтээлийн нь тухай өндөр үнэлгээ өгсөн юм. Норсонжав “Номын алдар” аротори, “Улаан тугийн намираан дор”, “Сэргийлэгчийн дуу”, “Дайчин нөхөрлөл”, “Эх орон танаа” магтуунууд, “Халх голын дурсамж”, “Үхлийн цөм дэлбэрэх ёсгүй” найрал дуу, “Байтагт төрсөн баатрууд”, “Жинжий бадам” зэрэг дуун жүжиг, хөгжим жүжиг, уран сайхны зохиомж туурвисан нэртэй том хөгжмийн зохиолч юм.    

            М.Норсонжавын авьяас билгийн гэгээн ундарга нь Хунтийн тойруу, хавартаа нисэн ирж намартаа буцах хотон, хун, галуу шувуудын ганганаан гэдэг нь түмэн үнэн бөгөөд хөгжмийн мэдлэг, онолын өндөр түвшинд хүрсэн хөдөөх эрийн хүч чадлын нууцыг үл тааварланам. Төрөлхийн гайхамшигт сод авьяасынхаа үр өгөөж болох бүтээлээ өргөл болгон үлдээгээд дотоод сэтгэлийн нууцаа тээсээр тэрвээр уран бүтээлийнхээ ид цэцэглэлтийн үед хорвоог орхин одсон билээ.

/Ц.Сайннямбуу "Овоонд нэмсэн чулуу" номноос/

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%