УЛСЫН АРСЛАН “НАХИУ” ХЭМЭЭХ ШАГДАРЫН САНЖСҮРЭН
- 1932 оны Архангай аймгийн баяр наадамд 128 бөх барилдахад 6 давж түрүүлсэн.
- 1935 оны улсын наадамд 720 бөх барилдахад зургаа давж 16-д үлдэн “Хотлоор гайхамшигт” начин цол долоогийн даваанд Улсын заан Намжилваанчигт өвдөг шороодсон
- 1936 оны улсын наадамд долоо давж “Идэр залуу үнэн хүчит” заан
- 1937 оны улсын наадамд 896 бөх барилдахад шөвгийн 16-д үлдэн “Бардам түрэмгий” чимэг хүртсэн
- 1942 оны улсын наадамд 500 гаруй бөх барилдахад наймын даваанд “Буур” хэмээх Н.Жамъян аваргыг давж есийн даваанд “Хужаа” хэмээх Чүлтэмсүрэн арсланд унаж “Идэр хүчит уран” арслан цол хүртсэн.
Улсын арслан “Нахиу” хэмээх Ш.Санжсүрэн нь Завхан аймгийн Сантмаргаз сумын Холбоо цайдам гэдэг газар 1910 онд малчин Шагдарын нэгдүгээр хүү болон төржээ. Ш.Санжсүрэн нь Галуутайн хүрээнд сууж байхдаа овоо, тахилга, хүрээний наадамд 16 настай байхдаа хэд хэд түрүүлж нөхдөөсөө тасарч “цоорно” гэдэг болжээ. Энэ наадамд Чойдон заан, тэмээ өргөдөг гэзэгт хар, хөх Лут-Очир нар ирж өвдөг шороодоод буцдаг байжээ.
Ш.Санжсүрэн арслан 16 настайгаасаа 62 нас хүртлээ сум, аймаг, улсын наадамд жил өнжилгүй барилдаж байсан манай улсын алдарт арслангуудын нэг билээ. Ш.Санжсүрэн арслангийн авсан цол, чимгийг бичвэл: “Бас бас баярлах, баатар зоригт, бардам түрэмгий барилдлагаат, үнэн хүчит, хотлоор гайхамшигт, идэр залуу, идэр хүчит уран арслан” гэж цолыг нь дуудах учиртай ажээ. Санжсүрэн арслан өндөр нуруутай, чацархаг биетэй, шуурхай барилдаантай, учраа бөхөө гэнэт цочоон барьцгүй маш хурдтай гүйх, барьцнаас дамжиж гүйх, хонгодох, дайрах мэхийг даамгай хийдэг бөх байжээ.
Тэрээр 1932 онд нягтлан бодогч, 1960 онд ня-бо бүртгэлийн мэргэжил эзэмшиж улс хоршооллын байгууллагад 1978 он хүртэл олон жил үр бүтээлтэй ажиллаж байснаас гадна шаардлагатай үед тусгай даалгавраар дайсны дотор амь өрсөлдсөн үүрэг даалгаврыг ч гэсэн гарамгай сайн биелүүлж, ажиллаж байсан байгууллагынхаа намын үүрийн товчооны гишүүн, нарийн бичгийн даргаар 30 шахам ажиллаж аймаг, хотын бага хуралд гурван удаа, аймгийн депутатаар таван удаа, гар үйлдвэрийн их хуралд төлөөлөгчөөр, артельчдын холбооны тэргүүлэгчдээр сонгогдож байжээ.
Улсын арслан Ш.Ванчинхүү, Г.Цоодол, Ө.Чүлтэнсүрэн, Х.Өлзийсайхан нартай нэгэн үед бариладаж байсан. Ардын хувьсгалаас хойш төрсөн Монгол улсын 24 дэх арслан, Завхан аймгаас төрсөн 3 дахь улсын арслан цолтон.
/Д.Санжаасүрэн “Наян бөхийн намтар” номноос/