Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл НИТХ-аар орж дэмжигдсэн. Аж ахуй нэгжүүдтэй хэлэлцүүлэг хийж дууссан бөгөөд дүүрэг, орон нутгаас саналуудаа өгсөн. Одоо Засгийн газар дээр зангидагдаад, яамдаас санал авах ажил хийгдэж буй. Хэлэлцэж байгаа уг хуулийн төслийн асуудлаар Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхболдтой ярилцлаа.
-Та НИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан одоо дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа хүний хувьд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ямар онцлогтой хууль болж байна гэж харж байна вэ?
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл одоо УИХ-аар хэлэлцэгдэхээр иргэдээс болон дүүрэг, орон нутгууд санал авсан. Нийслэлчүүд бидний хувьд маш чухал хууль. Энэ удаад 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 50 хувьд нь өөрчлөлт орж байгаа.
Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар 50 хувиас дээш өөрчлөлт орж байгаа тохиолдолд шинэчилсэн найруулга гэж үздэг. Харин 50 хувиас бага өөрчлөлт орж байгаа бол нэмэлт өөрчлөлт гэж үздэг байгаа. Тэгвэл энэ удаад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль шинэчилсэн найруулгын хэмжээнд боловсрогдоод УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх гэж байгаагаараа онцлог байна.
Мөн 2019 оны 11 дүгээр сарын 14 өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр баталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орох зайлшгүй шаардлага үүссэн.
-Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Улаанбаатар хотод маань маш хэрэгтэй заалт орж иржээ гэж онцолж байгаа ямар заалт байна вэ?
-Монгол Улсын хүн амын тал нь нийслэлд оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60-70 хувийг Улаанбаатар хотод оршин сууж байгаа аж ахуйн нэгж бий болгож байна. Тиймээс ч нийслэлд шийдэх маш олон асуудал байдаг. Гэтэл хот өөрийн асуудлаа шийдэх эдийн засгийн болоод эрх зүйн чадамжгүй байсаар олон жилийг өнгөрөөлөө.
Энэ удаад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр хотын эдийн засгийн болоод эрх зүйн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр нэлээд олон заалт оруулж ирж чадсан нь сайшаалтай байна. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа буюу Улаанбаатар хотод өөрийнхөө хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг хамгаалах асуудлыг тусгасан байна.
Хотын удирдлага өөрчлөгдөхөөр л дараагийн дарга нь ирээд тухайн хөрөнгө оруулсан хувийн хэвшлийн газрын гэрчилгээг нь хүчингүй болгох, хөрөнгө оруулалтын гэрээг нь цуцлах зэрэг асуудал үүсгэхгүй байхаар буюу нийслэлийн бодлогыг тогтвортой байлгаж чадна “хөрөнгө оруулалтаа хийгээч ээ” гэсэн байдалтайгаар хуулийн төслөө боловсруулсан байгаа нь авууштай байна.
-Нийслэл үнэт цаас гаргах асуудал яригдаж байгаа юм билээ. Энэ нь нийслэлд эдийн засгийн эрх, боломжийг олгох заалт болж чадах болов уу?
-Өмнө нь Өрийн удирдлагын тухай хууль, Үнэт цаасны тухай хуульд нийслэл үнэт цаас гарах эрх байсан ч хүчингүй болгочихсон байсан. Одоо буцаад сэргэж байгаа юм байна. Энэ нь нийслэлийн хувьд маш чухал асуудал. Мөн концесстой холбоотой асуудлыг дахин сэргээж хуульдаа оруулж ирж байна. Концессын асуудлыг сүүлийн үед хүмүүс их буруугаар ойлгодог болсон.
Гэтэл дэлхийн бусад хотуудын хөгжсөн хамгийн сайн жишиг бол хувийн хэвшлийнхээ хөрөнгө оруулалтыг татаж байж хөгжиж чадсан байдаг. Өөрөөр хэлбэл, хот ил тод нээлттэй, шилэн гэж хэлж болохоор эрүүл засаглалтай болж чадвал хотын амьдрах орчин сайжирч, хувийн хөрөнгө оруулалтыг татаж чаддаг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд энэ удаад үнэт цаас болоод концессын чиглэлээр тодорхой алхмуудыг хийх гэж оролдож байгаа нь сайн зүйл гэж харж байгаа.
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд дагуул хотын асуудал нэмэлтээр орж байгаа. Энэ бүлэг дээр дагуул хотын даргыг Улаанбаатар хотын Засаг дарга шууд томилохоор байсан. Энэ нь хэр оновчтой шийдэл юм бол?
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд анхаарах хэрэгтэй хэд хэдэн асуудал байгаа. Тухайлбал, дагуул хотын захирагчийг нь нийслэлийн Засаг дарга шууд томилохоор байгаа асуудлыг хууль тогтоогчид эргэж харж, ярилцах нь зөв.
Учир нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 59 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж нутгийн удирдах ёсыг тогтоож өгсөн байгаа.
Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд хот, тосгоны захирагчийг тухайн хот, тосгоны сонгуулийн эрх бүхий оршин суугчид нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, 4 жилийн хугацаагаар сонгоно”гэж заасан байгаа.
Түүнчлэн Б.Чимэд гуайн “Үндсэн хуулийн мэдлэг” бүтээлд “...Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг бол Та бид оршин суугаа нэгжийнхээ нийт иргэний эрэлт хэрэгцээ, нийтлэг ашиг сонирхлыг хангахад нийцсэн бүхий л ажил үйлчилгээг өөрсдөө шууд буюу төлөөлөх байгууллагаар, уламжлан хуулийн хүрээнд бие даан төгс шийдвэрлэж, хариуцан гүйцэтгэх эрх, баталгаа бүхий чадвар, үйл ажиллагаа мөн” гэж тодорхойлсон байдаг шүү дээ.
Эдгээрийн гол концепц нь иргэнд нь илүү эрхийг өгөх, оршин суугаа нэгжийнхээ тодорхой асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангах, иргэндээ итгэх үзэл санаа л явж байдаг. Тиймээс зайлшгүй эргэж харах заалт. Олон улсын жишгийг харсан ч иргэдээс сонгох эрхийг баталгаажуулж нутгийн өөрөө удирдах ёсыг тусгаж өгсөн байдаг. Дэлхийн олон оронд хотын удирдлага захирагчийг хотын нийт иргэдээс шууд сонгодог иргэд нь өөрсдөө дүрмээ баталдаг, захирагч нь өөрөө иргэдээс сонгогдоод иргэдийн хурлын дарга байх гэх мэт олон хувилбар дурдаж болно.
-Дагуул хотын захирагчийг иргэдээс сонгож, хотын дүрмийг иргэдийн төлөөллөөр батлуулах боломжийг хуульчилж өгөх хэрэгтэй-
-Дагуул хотын захирагчийг хэн томилох ёстой гэж?
-Энгийнээр хэлэхэд хотын захирагч нь иргэдээсээ сонгогддог байх асуудал чухал. Гэтэл Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр “Дагуул хотуудын байгуулна, дагуул хотын захирагчийг нийслэлийн Засаг дарга шууд томилно” гэсэн зүйл оруулаад ирсэн байна. Хотын иргэдийн хүсдэг зүйл бол “Хотынхоо даргыг өөрсдөө сонгодог болох явдал.
Учир нь иргэд “Бидний амьдралын хамгийн чухал асуудлуудыг хотын дарга л шийдээд байна” гэдэг зүйлийг ярьдаг. Зам, замын түгжрэл, хүүхдийн тоглоомын талбай, хогны асуудал, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, агаарын, хөрсний бохирдлын гээд нийслэлийн иргэдийн алхам тутамд тулгарч байгаа асуудал бүртэй холбоотой шийдвэрийг хотын Захирагч гаргадаг.
Тиймээс иргэд хотынхоо даргыг өөрсдөө сонгоод, хариуцлага тооцохдоо ч өөрсдөө тооцохыг хүсдэг. Гэтэл энэ концепцоос тэс өөр зүйл оруулж ирж байна. Өөр нэг анхаарахаар зүйл бол “Хотын дүрэм”-ийн асуудал. Тоглоомын дүрэм гэдэг шиг тухайн хотын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулдаг “Хотын дүрэм”-тэй хотууд байдагтай адил дагуул хотууд мөн дүрэмтэй байх юм байна.
Гэхдээ тэр дүрмийг нь Засгийн газрын хуралдаанаар оруулаад, УИХ батлахаар тавьчихсан байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Уг нь олон улсад ч тэр хотын дүрмийг иргэд нь өөрсдөө хэлэлцэж, баталдаг жишиг байдаг шүү дээ. Гэтэл манай улсад иргэд рүү эрхийг нь өгч, иргэдээр нь асуудлыг шийдүүлсэн концепцын ярьж байгаад л практик дээр тулгарч байгаа жижиг, сажиг асуудлыг дурдсаар байгаад иргэдийн өмнөөс аль нэг байгууллага шийдвэр гаргахаар болчихдог. Түүний нэг жишээ нь энэ заалт.
Хот өөрөө иргэдийн оролцоо үүсгэл санаачлагаар бий болж амилж байдаг амьд организм гэдэг санааг аль болох л хадгалах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ асуудал дээр миний хувийн байр суурь бол “Хотын дүрэм”-ийг иргэд нь өөрсдөө баталж байх ёстой гэж бодож байна. Яагаад иргэдийг хотын захирагчаа сонгох асуудлыг сонирхохгүй гэж бодоод байгаа юм бэ.
Хамгийн гол зүйл нь иргэдийгээ мэдээлэлжүүлэх. Бичиг үсэг тайлагдчихсан, боловсролтой иргэд чинь дүрмээ уншаад, дэмжиж байгаа, дэмжихгүй байгаагаа хэлээд, батлаад явчихдаг жишиг нь маш зөв. Түүнээс нэг хот байна. Тухайн хотын дүрмийг УИХ батлаад өгчихдөг, хотын захирагчийг нь нийслэлийн Засаг дарга томилоод өгчихдөг. Гэтэл тухайн хотын иргэд нь дүрмээ мэдэхгүй, хэн хотыг нь хэн захирч байгааг хожуу мэддэг. Ингэж орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах, иргэндээ итгэх зохицуулалтаас ухарч болохгүй. Тиймээс иргэдийн оролцоог нэмэгдүүлж дагуул хотын захирагчийг иргэдээсээ сонгож, Хотын дүрмийг иргэдийн төлөөллөөр батлуулах боломжийг хуульчилж өгөх хэрэгтэй.
-Нийслэлийн Засаг даргын эрх, үүрэг дээр өөрчлөлт орж байгаа болов уу. Эрх зүйн чадамжийн хувьд учир дутагдалтай зүйл олон байдаг?
-Улаанбаатар хот гэх их айлын Засаг дарга гэдэг бол Засгийн газрын гишүүний хэмжээнд эрх эдэлж, үүрэг хүлээх зайлшгүй шаардлага байгаа. Хуулийн төслийн 29.1 дээр “Нийслэлийн Засаг дарга Засгийн газрын хуралдаанд асуудал оруулна, санал өгнө” гэж оруулж ирж байгаа нь маш чухал заалт. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг дарга Засгийн газрын хуралдаанд дуудагдаж ирээд, Засгийн газрын гишүүд нь асуулт асуухаар хариулаад сууж байдаг албан тушаалтан биш.
“Кабинетын гишүүн” маягтай ажиллах боломж бүрдэнэ гэсэн үг. Гэхдээ шууд кабинетын гишүүн бол биш. Учир нь хуулиараа Ерөнхий сайд огцрохоор кабинет нь дагаад огцрох ёстой. Гэтэл Хотын захирагч огцрохгүй шүү дээ. Нийслэлд хамааралтай асуудал дээрээ л Засаг дарга Засгийн газрын гишүүний хэмжээнд эрх эдэлж, үүрэг хүлээхээр зүйл оруулж ирсэн нь дэвшилттэй гэж харж байгаа.
Нийслэл хотын 1.5 сая хүнийг удирдаж байгаа даргад энэ хэмжээний эрх мэдэл өгөх асуудал олон жил яригдсан. Дашрамд дурдахад, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эрх зүйн зохицуулалтын хүрээнд дүүргийн удирдлагад эрх өгсөн, нийслэлийн удирдлагатай харилцах эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан зохицуулалт дутмаг байна.
Уг нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж заасан байдаг. Үүнээс харахад нийслэлийг бүрдүүлэгч үндсэн засаг захиргааны нэгж нь дүүрэг шүү дээ. Тиймээс хуулийн төслийн холбогдох хэсэгт дүүргийн удирдлагатай харилцах эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан зохицуулах, дүүрэгт эрх өгсөн хэм хэмжээг нэмэлтээр оруулах хэрэгтэй байна.
-Улаанбаатар хот тулгамдаад байгаа асуудлаа шийдэхийг хүссэн ч төсөв мөнгө хүрэлцдэггүй асуудал байнга гардаг. Тэгвэл санхүүгийн хувьд чадамжтай болох тал дээр дэвшилттэй заалт орж ирж байгаа болов уу?
-Бид бүгдээрээ түгжрэл, агаарын, хөрсний бохирдол гээд Улаанбаатар хот тулгамдаад байгаа бүх асуудлын хохирогч болсоор л байна. Гэтэл энэ асуудлуудыг шийдэх гэхээр нийслэлийн төсөв хүрэлцэхгүй. Төсвөөс нь тодорхой хувийг нь улс нь татаад авчихдаг.
Монгол Улсын төсөв нэгдсэн байна гэдэг үүднээс тодорхой хэмжээний зохицуулалт хийх нь зүйн хэрэг. Гэхдээ Улаанбаатар хотыг эрх зүйн болон эдийн засгийн чадавх нөөц боломжоо өөрөө нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм. Тухайлбал, 2015 онд бид Улаанбаатар хотын татварыг бий болгоод, баар, ресторан, зоогийн газар, зочид буудлаар үйлчлүүлсэн тохиолдолд нэг хувийн татвар авч байгаа нь өнөөдөр хотын төсөвт тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулаад явж байгаа.
Тэгвэл энэ мэтээр хот асуудлаа шийдэх хэмжээний санхүүгийн эрх мэдэл өгөх нь зөв. Мөн хуулийн төсөлд “Нийслэлийн сангийн зохицуулалт” гэх бүлэг орж ирж байна. Энэ нь цоо шинэ зүйл биш. Өмнө нь “Улаанбаатар хотыг хөгжүүлэх сан” гэж байсан. Уг нь зөв ашиглаж чадвал маш хэрэгтэй сан. Гэхдээ энэ сангийн талаар өнгөрсөн хугацаанд сайнаасаа илүү саар зүйл их сонсогдоод байдаг.
Тухайлбал, “Улаанбаатар хотыг хөгжүүлэх сан”-д тодорхой хөрөнгүүдийг нийлүүлж байгаад эцэс сүүлдээ хувь хүмүүс рүү хувьчлал байдлаар шилжүүлчихсэн зэрэг асуудал яригддаг. Тиймээс “Нийслэлийн сан” өмнөх сангийн алдаануудыг давтахгүй иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хувийн хэвшлийн байгууллагуудын хөрөнгө оруулалтыг татах зэргээр зөв ажиллах нь чухал байгаа юм.
Түүнчлэн хуулийн төсөлд тустай хуулиар зохицуулагдаад явахаар чөлөөт бүс байгуулах асуудал орж ирж байгаа. Энэ нь Улаанбаатар хотыг аль болох тэлэх олон төвтэй болгоход дөхөм болгох алхам юм. Тухайлбал, шинэ нисэх буудал орчимд чөлөөт бүсийг бий болгох. Тухайн чөлөөт бүсэд аж ахуйн нэгжүүд газар эзэмшсэн тохиолдолд татвар төлбөрөөс нь эхний таван жил чөлөөлөөд, дараагийн таван жилээс нь 50 хувь болгоод явах зэргээр чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, нийслэл тэндээс тодорхой хэмжээний орлого олоод хотынхоо эдийн засгийг сайжруулах боломж бүрдэх юм. Тиймээс энэ чөлөөт бүсийн асуудал маш чухал.
-Улаанбаатар хот хөгжихгүй байгаа гол шалтгаан нь төсөв, хөрөнгө мөнгөтэй л холбоотой гэдгийг бүгд мэддэг. Тэгвэл хот төсвөө ахиухан тавиулаад, асуудлаа шийдээд явах ямар гарц байж болох уу?
-Нийслэлийн төсөв улсын төсөвтэйгөө заавал уялдаж явах ёстой. Иргэд хотыг маш их санхүүгийн боломжтой гэж хардаг. Гэтэл бодит байдал тийм биш. Улаанбаатар хотын өр, зээл, хүү болон улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн тасарсан төсвийг нийтэд нь авч харвал 1.5 их наяд төгрөгийн санхүүгийн ачааллыг нийслэл авч байгаа.
Гэхдээ 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлээр анхан шатандаа эрх мэдлийг өгч эдийн засгийн хувьд хөгжих боломжийг олгохыг хичээж байгаа. Тухайлбал, 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх тус хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хүртэлх хувийг нийслэлд үлдээх заалт орсон.
Энэ бол ойролцоогоор нэг их наяд орчим санхүүгийн нөөц бололцоо хотод ирнэ гэсэн үг.Хууль яг ийм байдлаараа хэрэгжиж чадвал хотын эдийн засагт маш чухал нөлөөтэй. Мөн газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг дүүрэг рүү шилжүүлсэн. Ингэснээр дүүрэг орлогын найдвартай их үүсвэртэй болж байгаа юм. Өмнө нь газрын төлбөр 60/40 гэсэн харьцаатайгаар нийслэлд харьяалагддаг байсан бол одоо 100 хувь дүүрэгт харьяалагдахаар байгаа.
Ийнхүү дүүрэг эдийн засгийн хувьд чадамжтай болж байгаа нь олон жил яригдаж байгаа төвлөрлийг сааруулах маш чухал алхам болох юм. Үүнийг миний бие дүүргийн ИТХ-ын дарга учраас дэмжээд байгаа юм биш. Нийслэл маань есөн дүүрэг, хороод руугаа эрх мэдлээ задалж өгч байж иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудал шийдэгдэх чадах учир дэмжээд байгаа юм.
/Энэ талаар Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхболдтой хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг эндээс уншаарай/
-Хотын аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулах үүднээс Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулж торгуулийн арга хэмжээ авахаар болж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Аж ахуйн нэгжүүд өөрийн барилга байгууламжаасаа 50 метр хүртэлх зайд байгаа гудамж талбайг цэвэрлэх, гэмт хэрэг гарахаас сэргийлэх НИТХ-ын тогтоол байдаг. Гэтэл тухайн байгууллага 50 метрийн энэхүү заалтыг хэрэгжүүлээгүй бол яах уу гэдэг хариуцлагын асуудал нь байхгүй байсан. Тэгвэл Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаад Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж энэхүү хариуцлагын асуудал орж ирэхээр байгаа.
Өөрөөр хэлбэл, 50 метрийн заалтыг хэрэгжүүлээгүй бол иргэн, аж ахуйн нэгжийг тодорхой хэмжээний нэгжээр торгох. Нийслэлийнхээ албан байгууллагуудыг хариуцлагажуулах үүднээс л үүнийг оруулж ирж байна гэж харж байгаа. Түүнээс иргэдээ торгох, цагдах санаа агуулаагүй нь тодорхой.
Хариуцлагын тухайд мөн төлөвлөлтгүй газар суурьшсан болон суурьшил үүсгэсэн бол иргэдийг, аж ахуйн нэгжид тодорхой хэмжээний хариуцлага тооцохоор байгаа. Мөн мод, бут сөөг, цэцэг, зүлэг сүйтгэсэн тохиолдолд хариуцлага тооцох зэргээр хариуцлагын зүйлүүдийг маш тодорхой болгож оруул би хувьдаа нь зөв гэж бодож байна.
-Хуулийн төсөл дээр шүүмжлэлтэй хандаж байгаа өөр ямар заалт байна вэ. Хэлэлцэгдэж байгаа төсөл учир эргэж харах хэрэгтэй зүйлүүд олон л байгаа байх?
-Ер нь нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээний хувьд хоёрдмол салаа утга агуулаагүй, иргэдийг төөрөгдөлд оруулах, эрх зүйн хийдэл үүсгэхгүй байх үүднээс эрх зүйн томьёоллыг оновчтой тодорхойлох зайлшгүй шаардлага байдаг. Тэр ч үүднээсээ нэр томьёо оновчгүй гэж хэлж болохоор нэг зүйл байна. Хуулийн төслийн 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт “Улаанбаатар хотын Захирагч нь Ажлын албатай байх бөгөөд дэргэдээ хотын амьдралын хүрээний асуудал хариуцсан бие даасан агентлаг, харьяа газартай байна.” гэж заасан байгаа юм.
Тэгвэл тус хэм хэмжээн “Хотын амьдралын” гэх нэр томьёо нь иргэдийг төөрөгдүүлэх, эрх зүйн хийдэл үүсэх эрсдэлтэй. Тиймээс нэг мөр ойлгох үүднээс оновчтой нэр томьёо ашиглах эсвэл хуульчилсан тайлбар оруулах хэрэгтэй. Энэ мэтээр хуулийн төсөлд эргэж харах, засах сайжруулахаар заалтууд байгааг үгүйсгэхгүй.