Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Мөнхбат Улс Төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Чингэлтэй дүүргийн харъяат зарим иргэдийн гэр бүл, үр хүүхдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсад 36 мянга гаруй иргэн хэлмэгдүүлэлтэд өртсөн бөгөөд 1998 оноос өнөөдрийг хүртэл нийт 31 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн болохыг тогтоон цагаатгаж, хэлмэгдэгсдийн ар гэрт нь нөхөн олговор олгодог болсон билээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 онд нэмэлт, өөрчлөлт орж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ эсхүл төрсөн болон үрчлэн авсан хүүхдэд 40-80 сая төгрөг олгохоор хуульчилсан.
Дээрх хуулийн хүрээнд Улс Төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдан Чингэлтэй дүүргийн харъяат 5 иргэнд хуулийн дагуу нөхөх олговор олгосныг баталж батламж, гарын бэлгийг гардуулан өгсөн юм.