Өнөөдөр /2021.09.20/ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 13 дугаар хуралдаан цахим хэлбэрээр хуралдлаа. Хуралдаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Тэргүүлэгчид И.Даваадорж, Т.Отгонбаатар, Х.Алтаншагай, Ч.Болормаа, Д.Уянга нар оролцлоо.
Хуралдаанаар Чингэлтэй дүүргийн хүн амын нягтаршил ихтэй, газар нутгийн хэмжээ том зарим хороодыг өөрчлөх, хэсэг, байршлыг шинэчлэх, хилийн цэст өөрчлөлт оруулах тухай дүүргийн Засаг даргын саналыг хэлэлцлээ.
Хороодод өөрчлөлт оруулснаар Чингэлтэй дүүргийн иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшлэх ач холбогдолтой бөгөөд уг саналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шийдвэрлүүлэхээр уламжлах юм.
Мөн олон нийтийн үүсгэл санаачилгыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн бус байгууллагатай харилцах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт монгол зан заншлын онцлогыг тусгасан, ногоон байгууламж бүхий төгөл байгуулж, дүүргийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх "Сайхан гомбо хурал" ТББ-ын төслийн саналыг хэлэлцэн дэмжиж, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.