ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙ
БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар хуралдаан 1991 оны арван нэгдүгээр сарын 17-ноос 1992 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийг дуустал хуралдаж шинэ Үндсэн хуулийг баталсан билээ.
Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцэж Ардын Их Хуралд өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын оролцоо бүхий 430 депутатаас бүрдсэн Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж, 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан түүхтэй.
Депутатууд олон хоног хуралдаж Үндсэн хуулийн төслийн үг, үсэг, цэг, таслал, нэр томьёо бүрийн төлөө чөлөөтэй мэтгэлцээгүй тохиолдол үгүй билээ. Тэд улсын нэрийг БНМАУ, Бүгд Найрамдах Монгол Улс, Монгол Улс гэх үү, Ерөнхийлөгчийн, эсхүл парламентын засаглалтай байх уу, парламент нь нэг, эсхүл хоёр танхимтай байх, парламент нь 55; 76; 102, эсхүл 120 гишүүнтэй байх уу, сүлд нь хуучнаараа, эсвэл соёмботой, цагаан тугтай, морьтой, шонхортой байх эсэх, Үндсэн хуулийн нэрийг хэвээр нь үлдээх, эсхүл “Эх дархлал”, “Их засаг”, “Их цааз”, “Их хууль” “Эх хууль” гэж нэрлэх гээд олон санал гаргаж, тэдгээрийг тойрсон хурц хэлэлцүүлэг өрнүүлж байв.
Монгол Улс түүхэндээ ардчилсан шинэ Үндсэн хуультай болох үйл явц бүхэлдээ Монголын нийт ард түмний өргөн оролцоотойгоор хэлэлцэж баталсан нь Монголын орны нийт 1,2 сая иргэн буюу 75 орчим хувь нь оролцож, 900 мянга гаруй санал ирүүлж байсан гэдэг. Тиймээс шинэ Үндсэн хууль нь Монголын нийт ард түмний хамтын оюун санааны бүтээл болсон гэдгийг эрдэмтэн судлаачид хэлдэг юм.