Монгол Улсын гуравдугаар Үндсэн хуулийг 1960 оны долдугаар сарын 6-ны өдөр баталсан юм.
Энэхүү Үндсэн хууль 10 бүлэг, 94 зүйлтэй ба “Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол В.И.Лениний сургаалыг мөрдлөг болгон феодализмаас капиталист хөгжлийн шатыг алгасч социализмд шилжих замдаа нийгэм, эдийн засгийн хувьсгалт их үндсэн өөрчлөлт хийж социалист шинэ эдийн засгийг байгуулж, социалист үйлдвэрлэлийн харилцааг бүх улс ардын аж ахуйд ялуулж, хөдөлмөрчин ард түмний аж амьдрал, соёлын хэмжээг дээшлүүлэх талаар түүхэн их амжилт олов.” хэмээн оршил хэсэгт тэмдэглэгдсэн нь улс орныг хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэрийн орон болгох хувьсгал эрчимжсэн, хот байгуулалтын хөгжлийн онцлог үе эхэлсэн түүхтэй.
1960 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Ардын Их Хурлын IX удаагийн III чуулганаар (1978.12.26) БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд:
“БНМАУ-д гагцхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Бүгд Найрамдах Монгол Улсын Сайд нарын Зөвлөл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын байнгын комисс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатууд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор хууль санаачлах эрхтэй гэж заасан байдаг.