Нийслэлийн Чингэлтэй дүүргээс жил бүр уламжлал болгон Тусгаар тогтнолын талбай дээр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хүүхэд багачуудтай хамт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Өнөөдөр /2022.06.01/ Чингэлтэй дүүргээс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нээж хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлээд “Зөвхөн 6 дугаар сарын 1-ний энэ өдрийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэж ойлгон, онцлон тэмдэглэхээс илүүтэйгээр өдөр бүрийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн санаж, тэдний эрхийг хүндэтгэн хамгаалах нь зүйтэй” хэмээн цохон тэмдэглэлээ.
Мөн тус арга хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвлөх Т.Идэрцагаан, дүүргийн Засаг даргын орлогч Б.Отгонбаатар, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Бямбаа, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга, ЕБ-н сургуулийн захирал, албад хэлтсийн дарга, ажилтан, албан хаагчид оролцож хүүхэд багачууддаа баяр хүргэлээ.
Женевт анх 1925 оны 6 дугаар сарын 1-ны өдөр хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт зохион байгуулагдаж, дэлхий нийтээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг. Манай улс 1952 оноос эхлэн энэ өдрийг хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн билээ.
Өнөөдөр баяраа тэмдэглэхээр цугласан хүүхэд багачуудад “Улаан театр”-ын уран бүтээлчид болон дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолтоор бэлэг барилаа.
Мөн хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт тоглоом, олон төрлийн тоглоом ажиллаж байна.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА