Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох, иргэн, гэр бүл, байгууллага, хамт олныг эрүүл амьдрах хэв маягт төлөвшүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог дэмжих зорилгоор 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс “Эртэч Чингэлтэйчүүд” аяныг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас санаачлан хамтран зохион байгууллаа.
“Эртэч Чингэлтэйчүүд” аяны хүрээнд 2 сар гаруй хугацааны туршид Чингэлтэйчүүд бид нийт 7 удаагийн аяллыг амжилттай зохион байгуулж, 150 гаруй байгууллага, давхардсан тоогоор 5000 гаруй иргэд, ажилтан, албан хаагчид оролцон, баг, хамт олон, гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар үнэт дурсамжийг бүтээж, амралтын өдрүүдийг үр бүтээлтэй, цэвэр агаарт эрүүл мэнддээ анхаарсан онцлог байдлаар өнгөрүүллээ.
Тус аяны хаалтын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга И.Даваадорж болон дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, хэлтэс албадын дарга, ажилтан, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хаалтын үйл ажиллагаанд хэлтэс, албадын урлагийн тоглолт, хуран цугларсан иргэд, ажилтан, албан хаагчдын дунд хөгжөөнт тоглоом, азтан шалгаруулах сугалаат арга хэмжээ зохион байгуулан УИХ-ын Дэд дарга Т.Аюурсайханы нэрэмжит шагнал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын болон ЗДТГ-ын нэрэмжит шагнал, дүүрэг дэх МАН-ын бүлгийн нэрэмжит шагнал, Жижиг дунд үйлдвэр, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нэрэмжит шагнал болон аяны турш ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан“Pc-Mall” компани болон иэвээн тэтгэгч “Номин холдинг” ХХК-ийн цахилгаан бараа, фото студид гэр бүлээрээ уран сайхны зураг авхуулах эрхийг бичиг зэрэг шагналыг гардуулан өглөө.
Мөн тус аянд байгууллага, хамт олноо манлайлан идэвх санаачлагатай оролцсон байгууллагуудад дүүргийн удирдлагууд "Талархал" гардууллаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА