ЗАВХАН АЙМГИЙН САНТМАРГАЗ СУМЫН УУГУУЛ ИРГЭДИЙН ЗОЛГОЛТ /2023.03.04/ УБ ХОТ
Эрт цагийн Засагт хан аймгийн Цэцэн Сартуулын хошууны анхны сумдын нэг эдүгээ цагийн Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул болон суугуул иргэдийн Улаанбаатар хот дахь золголт Хаврын тэргүүн сарын шинийн 12-ны бэлэгт сайн өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Соёлын ордон Жанжин клубт боллоо. Уг үйл ажиллагаа НУТГИЙН ИРГЭДИЙН ЗОЛГОЛТ, УРЛАГИЙН ТОГЛОЛТ гэсэн 2 хэсэгтэйгээр явагдлаа.
НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Сантмаргаз сумын Улаанбаатар хот дахь нутгийн уугуул болон суугуул иргэдийн золголт жил бүр зохион байгуулагдаж байгаад ковид цар тахлын улмаас 2019-2022 онуудад өнжиж энэ жил дахин зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж өнгөрөв. Золголтын үйл ажиллагааг нээж Сантмаргаз сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар, ИТХ-ын дарга Т.Хатанбаатар, Улаанбаатар хот дахь нутгийн Зөвлөлийн дарга, хурандаа Б.Балжинням, Эрдэнэт хот дахь нутгийн зөвлөлийн дарга С.Алтанхуяг нар үг хэлж, “Очирваанийн орон” номлол бүтээлийн хийдийн хамба, гэвш лам Г.Майбаяр, Гондивлан хийдийн голч лам Ө.Чимэдцэрэн, Дашчоймбол дацангийн лам Л.Цэрэннадмид нарын лам хуврагууд морилон, ном хурж, буян хишгийн даллага авав. Мөн золголтын үеэр сумын Засаг даргын орлогч дарга Б.Баярмаа, ЗДТГ-ын дарга С.Сүхбат нар золголтонд хүрэлцэн ирсэн зочидод мэндчилгээ дэвшүүлэв.
ЗОЛГОЛТОНД ИРСЭН ХҮНДТЭЙ ЗОЧИД
Энэ жилийн золголтын үйл ажиллагаанд сар шинийн өмнөхөн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан хэмээх цол тэмдгээр энгэрээ мялаасан, Төрийн шагналт ахмад инженер О.Рагчаа, Монгол улсын гавьяат барилгачин, барилгын салбарын ахмадын хорооны дарга Л.Тогтохбаяр, Сангийн сайд асан, эдийн засагч Д.Даваасамбуу, Монгол улсын гавьяат багш Л.Аюуш, Сантмаргаз сумын нутгийн зөвлөлийн дарга асан Ж.Баатархүү, Монголын газар зохион байгуулагчдын холбооны дэд ерөнхийлөгч, зөвлөх инженер Ж.Даваабаатар, гавьяат эх баригч Д.Жавзандулам, Монгол улсын сайн малчин, ХАА-н салбарын хүндэт профессор М.Даваа, Монгол улсын гоц харваач П.Даваадорж, Цагдаагийн бэлтгэл хурандаа Л.Билгээ, “Шүдний” хэмээх “Од хийморь төв”-ийн захирал Д.Норолхоо, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Онц тээвэрчин ахмад жолооч Д.Халтархүү, сумын Худалдаа бэлтгэлийн ангийн дарга асан, “Оройн товгор хайрхан” ХХК-ын захирал Д.Найдан, мод үржүүлэг ногоон байгууламжийн “Байгаль цэцэрлэг” ХХК-ны захирал Р.Баянбилэг нарын зэрэг улс аймаг сум, салбар бүртээ манлайлан ажиллаж байсан одоо ажиллаж байгаа эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд уг золголтонд ирсэн хамгийн өндөр настан нь эдүгээ 92 нас наслаж буй өндөр настан Бүрэнгийн Вандан /Амбаа/ байлаа. Золголтын үеэр Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар Сантмаргаз сумын ИТХ-ын дарга асан А.Даваадорж, Нутгийн удирдлагын 30 жилийн ойн хүндэт медалиар сумын сургуулийн захирал, ИТХ-ын даргаар ажиллаж байсан өндөр настан Д.Каршин, ИТХ-ын дарга асан Д.Мягмаржав, ИТХ-ын төлөөлөгчөөр 5 удаа сонгогдон ажиллаж байсан Ч.Чулуун, мөн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдож, “Баясгалант-Амьдрал” нэгдэл, ХХК-ны даргаар ажиллаж байсан өндөр настан Б.Пүрэвдорж нар тус тус шагнагдлаа.
УРЛАГИЙН ТОГЛОЛТ
Энэ жилийн нутгийн золголт урлагийн тоглолттой хамт болсон гэдгээрээ онцлог байв. Урлагийн тоглолтонд Сантмаргаз сумын Соёлын төвийн эрхлэгч С.Бямбадорж, хөгжмийн багш Ч.Чинзориг, сургуулийн багш, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Ж.Гантөмөр нар хүрэлцэн ирж оролцлоо. Тоглолтонд СТА Ж.Гантөмөр, Очирваань уул уран бүтээлчдийн холбооны гишүүн, дуучин В.Бумцэнд, Уртын дуучин Э.Чаминчулуун, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин Ц.Цогтбуян, залуу дуучин М.Сугаррагчаа, Х.Дэлгэр-Очир, Г.Цогт-Очир, Ж.Ганбаатар, М.Бямбабаяр нарын зэрэг нутгийн залуу уран бүтээлчид Жанжин клубын гоцлол дуучид, морин хуурч, хөөмийч, мөн клубын дэргэдэх бүжгийн дугуйлангийн сурагчид, ЗХ-ний 032-р ангийн албан хаагчдын хамтлаг, бусад уран бүтээлчид ая дууны эгшиг өргөв. Нээлтийн үйл ажиллагаа морин хуур, уртын дуугаар эхэлсэн бол хаалтын үйл ажиллагаа “Миний төрсөн Сант нутаг”, “Хослон зэрэглээтэх хоёр Маргаз уул”-аар өндөрлөв.
ТАЛАРХАЛ
Энэ удаагийн Нутгийн уугуул, суугуул иргэдийн золголтонд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, өндөр настан, ахмад, дунд залуу үеийн төлөөллүүд, Сантмаргаз сумаас, төрсөн нутгаа гэх сэтгэлтэй иргэддээ Сантмаргаз сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр талархал илэрхийлж, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе. Энэхүү НУТГИЙН ЗОЛГОЛТ, УРЛАГИЙН ТОГЛОЛТЫГ зохион байгуулахад хамтран ажилласан Улаанбаатар хот дахь Сантмаргаз сумын Нутгийн зөвлөл, Сантмаргаз сумын Оюутан залуучуудын холбоо, Р.Анхтуяа захиралтай Сантмаргаз сумын ЕБСургууль, С.Бямбадорж эрхлэгчтэй Соёлын төв, Л.Өнөржаргал эрхлэгчтэй Хүүхдийн цэцэрлэг, Ц.Отгонцэцэг эрхлэгчтэй Эрүүл мэндийн төвийн хамт олон, Б.Балсан захиралтай “Монгол хан” ХХК, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч дарга Г.Жаргалсайхан, “Жанжин” клубын хамт олон, мөн золголтын үйл ажиллагааны зургийг гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээсэн “Дөрвөн ирвэс” баримтат кино компанийн захирал, сэтгүүлч, яруу найрагч Ч.Туул болон хүрэлцэн ирж оролцсон, дэмжин тусалсан бүх хүмүүст талархал илэрхийлье.
САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР