Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсантай ярилцлаа.
-Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийн асуудал нийслэлчүүдийн эмзэг сэдвийн нэг. Харин Сүхбаатар дүүрэг өөрийн хөрөнгө оруулалтаар хоёр цэцэрлэг ашиглалтад оруулсан нь сайн мэдээ байлаа. Төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг сургууль барихад хүнд боллоо. Орон нутагт, хувийн хэвшлийнхэнд нөөц бий юу?
-Бид саяхан хоёр цэцэрлэг ашиглалтад орууллаа. 600-800 орчим хүүхэд цэцэрлэгт явах бололцоотой болж энэ хэрээр гэртээ цоожтой үлдэх хүүхдийн тоо багасав. Олон ээж ажил хийж, өрхийн орлого нэмэгдэх бололцоо бий болно. Улсын хэмжээнд манай дүүрэг анх удаа орон нутгийн хөрөнгө оруулалтаар хоёр цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан. Эцэг эхчүүд баяртай байгаа. 2013 оноос “Ямар зүйлд төсвөө зарцуулбал зүйтэй вэ” гэж иргэддээ захидал бичиж, хариу авдаг болсон. Иргэдээс ирж байгаа саналд сургууль, цэцэрлэгийн асуудал жин дардаг. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэж, зарим эцэг эх хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй байна. Хамгийн хүнд байгаа хоёр хороонд цэцэрлэг барьсан юм.
- Дахиад дотоод нөөц бололцоогоо ашиглах, олон улсын байгууллага, хувийн хөрөнгө оруулалтыг энэ чиглэлд төвлөрүүлэх бололцоо байгаа юу?
-Ирэх жил нэмж дөрвөн цэцэрлэг барих төлөвлөгөөтэй байгаа. 2017 он гэхэд сургууль, цэцэрлэгт хүүхдээ бүрэн хамруулахаар төлөвлөсөн. Нэг хоёрыг нь дүүргийн, үлдсэнийг нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар зорьж байгаа. Сүүлийн жилүүдэд 13 сургууль цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсон. Нэмж хоёр сургуулийн өргөтгөлийн ажил явж байна. Дараа жил нийслэлээс сургууль, цэцэрлэгийн цогцолбор хоёрыг барихаар төлөвлөсөн.
-Гуравдугаар сургууль Европ стандартын барилгатай боллоо гэж мэдээлэгдсэн. Үүнд дүүргийн хувь нэмэр хэр их байв?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан сургууль. Орон нутгаас хуучин барилгыг буулгах зардлыг гаргасан юм. Үүнээс гадна бид сургууль, цэцэрлэгт тоног төхөөрөмж нийлүүлж, олон ажил хийлээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд аюулгүй орчин бүрдүүлэхээр Хяналтын камерын систем тавьж өгсөн.
-Дүүрэг бүхэлдээ камерын хяналтын нэгдсэн системд орох бололцоо байгаа юу. Камержуулсан нөхцөлд гэмт хэрэг, ослын гаралт ч буурдаг гэдэг?
-Нийслэл автобусны буудал дагуух төв зам, уулзваруудаа хянаж байгаа. Дүүргийн хувьд хороолол доторх, орон сууцны гаднах талбайд 300 орчим хяналтын камер суурилуулсан. Сургууль, цэцэрлэгийн хувьд цагдаа биш сургууль нь өөрсдөө хянаж байгаа. Сүүлийн гурван жил дараалан бид “Боловсролд ээлтэй дүүрэг” болсон.
-Аюулгүй орчин гэснээс саяхан Улаанбаатарт газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдлээ. Төвийн дүүрэгт насжилт ихтэй байрууд олон. Хэрэв газар хөдөлбөл хуучны байрууд хэдэн баллыг тэсэх вэ гэдэг асуудалтай. Үүнд анхаарч байгаа юу. Та Японд сурч байсан юм билээ. Тэнд энэ асуудалд анхаарал хандуулдаг байлгүй?
-Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх тухай бид ярьж байгаа. Дунд ангийн сурагчдад жилд хоёр удаа дүүргийн Онцгой комиссоос газар хөдөлбөл юу хийх талаар мэдээлэл, сургуулилт хийхээр болсон. Сургуулилт хийхэд шаардагдах мөнгийг төсөвтөө суулгасан. Онцгой байдлын хэлтсээс 270 сургагч багш бэлтгэсэн. Жишээ нь намайг Японд сурч байхад жилд хоёр удаа энэ төрлийн сургалт хийдэг байсан. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д газар хөдлөлтийн асуудлыг хөндөж мэдээлэл хийлээ. Улаанбаатар хот газар хөдлөлтийн бүсэд байдаг. Манай дүүрэг ялангуяа өндөр барилга ихтэй. Сүүлийн үед баригдаж байгаа барилгууд газар хөдлөлтийг тэсвэрлэх норм стандартыг тусгаж баригдсан гэж ойлгож байгаа. Стандарт шаардлагад нийцэхээ больж байгаа хуучны орон сууцнуудыг буулгаж, дахин төлөвлөх журмыг баталсан. Би бас нийслэлийн иргэдийн төлөөлөгч л дөө. Манай IV, VI хорооны хуучин барилгууд энд багтсан. Хувийн хэвшлийнхэн оршин суугчидтай тохирч, нийслэлийн зүгээс баталгаажуулаад дахин төлөвлөлтийн ажил явах учиртай. Үүний зэрэгцээ болзошгүй эрсдэлд бид байнга бэлэн байх учиртай. Хэчнээн мундаг байшин барьж орсон ч асуудалгүй гэж тайвширч болохгүй л дээ.
-50 жилийн ойн хүрээнд дүүргийн иргэдийн спортын наадам хийж байгаа юм билээ. Спортын наадам тэмцээн хийх нэг хэрэг. Төрийн зүгээс иргэдийнхээ эрүүл амьдралын хэв маягийг дэмжих учиртай. Оршин суугчдынхаа явган алхах, дугуйгаар явах нөхцөлийг бий болгоход анхаардаг уу?
-Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгөөр 80 орчим байрны гадна ногоон байгууламж бий болголоо. Үлдсэн 30 орчим байрны гадна талбайг дараа жил ногооруулна, тохижуулна. Гэр хороололд тохижилтын ажил хийж байгаа. Нэг том бэрхшээл байдаг нь гэр хороололд газар олддоггүй. Орон сууцны хороололд нийтийн эзэмшлийн талбайд авто машины зогсоол, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, ахмадууд нарлах, хүүхдээ салхилуулах талбайг байгуулж болдог. Гэр хорооллын иргэд хашаагаа сунгаад тулгаад барьчихдаг нь чирэгдэл учруулдаг. Ирэх жил Дамбын чиглэл, XV, XVI, XVII хорооны нутаг дэвсгэрт 3-4 км урт дугуйн зам, замын нөгөө талаар явган хүний зам хийхээр зургийг нь гаргасан. 400 гаруй сая төгрөг шаардагдах юм байна. Үүнийг бид хийнэ. Бид бас хоёр га гаруй газарт дүүргийн Тамгын газрын нэр дээр газрыг нь аваад баталгаажуулчихсан. Жижиг цэцэрлэгт хүрээлэн, хөл бөмбөг, сагсны талбайтай, дугуйн замтай, иргэд амрангаа аяга цай уух, мах шараад идэх талбайтай амралтын талбайн зураг төсөв гаргасан. Хийх ажил их байна.
-Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын үеэр ирээдүйн хотын чиг хандлагын тухай ярьсан л даа. Замын түгжрэлийг бууруулахын тулд зам нэмж бариад л байх юм бол машин ихэсдэг юм байна. Манайхны мөрөөдөөд байгаа давхар замыг тэд 40-50 жилийн турш барьж байгуулаад одоо заримыг нь нурааж явган хүний зам, дугуйн зам барьж эхэлсэн тухай яригдсан. Нийслэлийн хувьд дахин төлөвлөлт хийж байгаа газрууддаа ногоон байгууламж хийх боломж байгаа тухай зарим нь зөвлөж байсан?
-Манай долдугаар хорооллын дахин төлөвлөлтийн ажил явж байгаа. Цонхоор харагдаж байна. Хойд талд өндөр байшингууд баригдчихсан. Сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаад ашиглалтад орсон. Энэ хороолол 200 -гаад га газрыг хамарсан, гурав дөрөвдүгээр хорооллын дайны гэсэн үг. Энэ ажил гурав дөрвөн жилийн дараа цэгцэрч дуусна. Хуучин байсан Ногоон нуурыг ашиглаад, том цэцэрлэгт хүрээлэн төлөвлөсөн. Хороо болгонд биш юм аа гэхэд том хорооллууд дундаа ногоон байгууламж бий болгох юм. Хойд талдаа газраа нөөцөлсөн байгаа гэж түрүүн хэлсэн. XII, XIII хороонд амины орон сууцны хороолол төлөвлөсөн. Сүхбаатар дүүрэгт нийтдээ тав, зургаан газар том цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгох юм. Мэдээж түгжрэл их байна гээд машинтай байхыг хориглох боломжгүй. Хот доторх бүх зам манай Сүхбаатар дүүргийг дайрч гардаг. Маш ачаалалтай, стресстэй. Зарим замыг заавал төв хэсгээр дайруулахгүйгээр гадна талаар нь тойруулж болно. Хотын төвд ажиллаж амьдардаг хүмүүс заавал машинаар явахгүйгээр явган алхаад ажлаа амжуулах боломжтой. Сургууль цэцэрлэг амрангуут замын хөдөлгөөн эрс багасдаг. Тэгэхээр сургуулийн автобусны маршрутыг сайжруулчихвал нэг ангийн 25 хүүхдийг өрх бүр тусдаа машинаар зөөх биш, нэг автобусаар сургуульд нь хүргэж, авах боломжтой. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах замаар нийслэлчүүд ажил сургуульдаа автомашинаар бус автобусаар зорчих боломжийг бий болгох нь хотын замын түгжрэлийг сааруулахад нэмэр болно.
-Долоон буудлыг орчин үеийн төв болгоно гээд нэлээд ярьсан, хэзээ шинэчлэгдэх вэ. Долоон буудлын Должид эмгэн гээд жишээ татаад байдаг. Долоон буудлын эмээ нарын амьдралын хэв маяг ч өөрчлөгдөх байх?
-Бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөх ёстой. Хотын төвд шавах биш Сэлбэ дэд төв, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх Хан-Уул дэд төв гэх мэтээр хот тойрсон найман дэд төв байхаар төлөвлөлт хийсэн. Сэлбэ төвийн ажил эхэлсэн. Тэнд байгаа хүмүүс орон сууцанд орох учиртай. Агаар, хөрсний бохирдол зэрэг нийслэлийн олон асуудал үүнийг дагаад шийдэгдэх юм.
-Гэр хорооллын гуу жалгыг цэвэрлэдэг иргэдийн бүлэг бий болсон гэсэн. Хотыг хогноос салгахад иргэдийг оролцуулах нь үр дүнтэйгээс гадна ажлын байр бий болгожээ?
-2012 онд иргэдээс авсан санал асуулгыг харвал ерөөсөө хогоо цэвэрлэ гэсэн байгаа. Өмнөх онд авсан санал асуулгад хог гэсэн асуудал дурдагдахаа байсан байна лээ. Хороолол доторх цэвэрлэгээг иргэд өөрсдөө хийж байна. Бид бололцооны цалин өгч байгаа.
-Ахмадын Сүхбаатар сувилал ашиглалтад оржээ. Монголчуудын дундаж наслалт нэмэгдэж, үүнийгээ дагаад ахмадын сувилал, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар дутагдалтай болсон?
-УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн санаачилгаар сувиллын барилгыг бариулсан. Дүүргийн зүгээс 200 гаруй сая төгрөг гаргаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг авч өгсөн юм. Сувилал нэг ээлжиндээ 60, жилдээ 1500 ахмадад үйлчлэх боломжтой. “Улаанбаатар”, “Оргил” рашаан сувилалд очих гээд дараалал хүлээж байхаар манай ахмадууд “Сүхбаатар” сувилалдаа очих бүрэн боломжтой. Дээр нь ахмадын амралтын газар маань дүүргийн настнуудад үйлчилдэг. Хороо болгонд байдаг Иргэний танхимдаа өглөө ахмадууд маань “Өдрийн сонин” бусад хэвлэлээ уншиж, хийн дасгал хийцгээдэг. Бид 50 жилийн ойгоороо бөх барилдуулж өндөр шагнал өгөхийн оронд иргэдийнхээ дунд спортын наадам зохион байгуулсан. 8000 гаруй иргэн явган аялал, спортын тэмцээн уралдаанд хамрагдсан байна лээ.
-Ямар ажлыг түрүүлж хийх талаар иргэдээс санал авдаг гэлээ. Жил бүр иргэдээс ирдэг хүсэлт өөрчлөгддөг үү?
-2012 онд авсан санал асуулгаар хог хаягдал их байна гэдэг байсан бол 2013 онд гэрэлтүүлэг, камер хий гэсэн. Гэр хорооллынхон бол намагтай гудамжиндаа хайрган хучилттай зам, орон сууцныхан авто зогсоол хүсч байсан. Хороо болгоны асуудал өөр байдаг. Энэ жил XVI хороонд цэцэрлэгийн асуудал шийдэгдсэн учраас дараа жил “Дугуйн зам тавь” гэх мэтээр өөр шаардлага тавих байх л даа. Хөгжих гэдэг амбицийг дагасан зөв чиг хандлагыг бид бий болгох ёстой. Сүхбаатар дүүргийн маань 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ 50 жилд үе үеийн дүүргийн удирдлагууд, албан хаагчид, иргэдийн хамтын зүтгэлийн үр дүнд манай дүүрэг өнгө засч, хөгжсөн. Сүхбаатар дүүрэг төвийн оюунлаг дүүрэг. Ерөнхий боловсролын сургуулиуд, томоохон их сургуулиуд, соёл урлагийн ихэнх байгууллага манайд байдаг. 50 жилийн ойгоороо бид иргэдтэйгээ хамтарч олон ажил төлөвлөлөө. Иргэдийн хурлын төлөөлөгчид маань ойн хүрээнд хийх ажлын төсвийг дэмжиж баталсан. Өнөөдөр бид ирээдүйд дүүргээ, эх орноо авч явах иргэдийнхээ амьдрах, сурах орчныг сайжруулахаар олон ажил хийж, ойгоо угтаж байна. Оны туршид үргэлжлэх ажил бий. Нийт иргэддээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.