Монголын Хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон явуулдаг “Ногоон гэрэл-Цагаан шугам-2015” тэмцээн боллоо.
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадлага суулгах, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах зорилготой энэ удаагийн тэмцээнд дүүргийн арван гурван сургуулийн сурагч багачууд баг болон оролцлоо.
Багууд гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа, урлаг гэх мэт 5 төрлийн даалгавраар өрсөлдөж, шилдгээ тодрууллаа.
Тэргүүн байранд 1 дүгээр сургуулийн баг, хоёрдугаар байранд Орос Монголын хамтарсан 3 дугаар сургууль, гуравдугаар байранд 29 дүгээр сургууль, дөрөвдүгээр байранд Орчлон сургуулийн баг тус тус шалгарч дүүргийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнууллаа.
Мөн энэхүү тэмцээнд оролцсон нийт хүүхэд багачууддаа Засаг даргын Тамгын газраас гарын бэлэг гардуулсан юм.
Дүүргээс шалгарч тэргүүн байранд орсон 1 дүгээр сургуулийн “Уулзвар” баг нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдлэгээрээ өрсөлдөх юм.
Энэ удаагийн тэмцээн нь шинээр дагаж мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах, хүүхэд багачуудын мэдлэгийг дээшлүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцож, зөв дадал суулгах чухал ач холбогдолтой боллоо.