Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хийгдсэн Дамбадаржаагийн уулзвар, Шаргаморьтын төмөрбетон гүүр, Хандгайт чиглэлийн 16,3 км автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлын нээлт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд болон Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа нар иргэдийн хамтаар оролцлоо.
Энэхүү томоохон бүтээн байгуулалтын замын ажлыг Эрдэнэ зам, Тэгш плант, Төгс зам, Наранбулаг, гүүрийг нь Мотор сервис ХХК-иуд гүйцэтгэж хугацаанд нь чанарын өндөр түвшинд хүлээлгэн өглөө.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “ Юуны өмнө энэхүү бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн компаниуддаа, хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн багийнхандаа, нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж болон сэтгэл зүтгэл гаргасан бүх хүмүүстээ иргэдийнхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн бол дүүргийн Засаг дарга Д.Бадарсан “ манай дүүргийн 19 дүгээр хорооны 1000 гаруй суурин өрхийн иргэд, зуны улиралд зусланд гардаг нийслэл хотын маань 100 мянга гаруй өрхийн иргэд тав тухтай зорчихын зэрэгцээ хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар сайжирч байгаа юм” гэдгийг онцлоод авто замчид болон газраа чөлөөлж хашаа , байшингаа буулгаж өгсөн иргэддээ баярласнаа илэрхийллээ.