Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БИДНИЙ СЭТГЭЛГЭЭНИЙ ХОЦРОГДОЛ БА ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

2015-11-20

“Танд асуудал бий болгосон сэтгэлгээ чинь хэвээрээ байх юм бол та асуудлуудаа шийдэж чадахгүй” – Алберт Энштейн

Эрх чөлөө гэж юуг хэлнэ вэ? Юу дуртайгаа хийж байх эрхийг хэлнэ гэж зарим нь тодорхойлно. Юу хүссэнээ хэнээс ч хамааралгүй хийх боломжийг бас хэлнэ гэх нэг хэсэг ч бас байна. Ер нь бол дураараа дургихыг эрх чөлөө гэж ойлгодог нь давамгайлдаг бололтой. Тэгвэл эрх чөлөө дураараа дургих хоёрын хоорондын ялгаа нь юу юм бэ? Олон олон янзын тайлбарууд гардаг юм байна лээ. Гэвч хэн ч маргахгүй нэг ялгаа бол дураараа дургихын үр дагаврын төлөө хэн ч ямар ч хариуцлага хүлээдэггүй бол эрх чөлөөгөө эдэлсний үр дагаврын төлөө хэн нэг нь заавал хариуцлага хүлээдэгт байгаа юм. Өнөөдөр энд би хариуцлага хүлээдэг эрх чөлөөний тухай өгүүлэх гэж байна.

Та бид улс төрийн тийм эрх чөлөөгөө эдэлж, бас хариуцлагыг нь үүрч сурч байна. Үүгээрээ та бид бахархах эрхтэй бас тэрхүү эрхээ хамгаалах үүрэгтэй. Одоо бид эдийн засгийн хариуцлагатай эрх чөлөөгөө эдлэх талаар ярих цаг нь болжээ. Ярихаар барахгүй энэхүү эрх чөлөөнийхөө тэмцэх цаг нь болжээ. Ийм эрх чөлөөгүй бол жагсах, шүүмжлэх, үг хэлэх эрхээр та бид яах юм бэ?

Эдийн засаг гэж юу юм бэ? Зузаан зузаан номуудаар, статистикийн байгууллагуудаас эмхлэн гаргадаг дотоодын нийт бүтээгдэхүүн гэх мэт төвөгтэй нэр томьёонуудаар эдийн засгийг төсөөлдөг хүмүүс бий, бас тийм зузаан номуудыг уншихаас төвөгшөөгөөд эдийн засгийн ухааныг ойлгохоос зугтаадаг нэг нь ч бас бий. Энгийнээр тайлбарлах гээд оролдьё.

Иргэн хүн хөдөлмөрлөх, түүнийхээ үр шимийг хүртэх эрхийг Монгол улс Үндсэн хуулиараа баталгаажуулж, энэхүү эрхийг нь баталгаатай эзэмшүүлэх бүх нөхцөлийг хангах үүргийг Монгол улсын Төрд ногдуулсан байдаг. Иргэн хүний хөдөлмөрийн үр шим гэдэг нь юуны өмнө тэр иргэн бусдад тустай зүйл хийж олсон орлогоороо хоол хүнс, өмсөх хувцас, амьдрах байр авч, сургууль, эмнэлэгээр үйлчлүүлж байгааг хэлж байгаа юм. Ийм үр шимийг зөвхөн уйгагүй, урт хугацааны хөдөлмөрөөр л бий болгодог жамтай. Тэр жамаас монголчууд бид гажих учиргүй.

Хөдөлмөр бол та бид бие биендээ хэрэгтэй зүйлийг нь хийж өгч, өөртэй хэрэгтэй зүйлээ олж авахын төлөө гаргаж байгаа хичээл зүтгэл, цаг зав, хөрөнгө хүч юм. Манайхан хөрөнгө оруулагчид гэж их ярьдаг даа. Олон улсад тогтсон өргөн ойлголтоор бол хөрөнгө оруулалт гэдэг нь өөртөө байгаа аливаа нөөц, боломжоо өөртөө хэрэгтэй байдлаар ашиглах үйл ажиллагааг хэлээд байдаг. Энэ нөөц гэдэгт зөвхөн мөнгөн хөрөнгө биш харин цаг хугацаа, мэдлэг, хичээл зүтгэлүүд хамгийн эхэнд хамаардаг байна. Энэ талаас нь авч үзвэл хөдөлмөр эрхэлж байгаа иргэн бүрийг хөрөнгө оруулагч гэж үзэж болох бөгөөд тэгэх ч хэрэгтэй гэж үзэж байна.

Эвдэрсэн машинаа засаж чаддаггүй Доржийн машиныг засварын газар ажиллуулдаг иргэн Дондог засаж өгөөд олсон орлогоороо хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа бол талх хийдэг Саран, ногоо тарьдаг Наран, хайрганы эсвэл нүүрсний уурхай ажиллуулдаг Бат нар иргэн Дондогт бараагаа борлуулаад олсон орлогоороо мөн л бусдаас бараа үйлчилгээ худалдан авч байгаа жишээг энд авъя. Ингэж иргэн хүн бусдын хэрэгцээг чанартай бараа ,ажил үйлчилгээгээр хангаж түүнийхээ үр шимийг хүртэх үйл ажиллагааг бүхэлд нь эдийн засаг гэж томьёолоод байгаа юм. Бусдад хэрэгтэй зүйлийг нь хийж өгөөд оронд нь өөрийн хэрэгтэй зүйлээ олж аваад байх чадвартай, хүсэл эрмэлзэлтэй төдийгүй ийм эдийн засгийн үйл ажиллагааг тууштай, уйгагүй эрхэлж үр шимийг нь хүртэж байгаа иргэд манай нийгэмд олонхыг бүрдүүлж байгаа.

Тэгвэл өнөөдөр Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэхэд нь иргэдэд ямар саад бэрхшээл яагаад учирч байна вэ ? Улаан дээлтэй л бол манай авгай гэдэг шиг буруутан хайвал л Төр рүү заадаг шиг хялбархан оношлогоо хийх хүмүүс гарах л байх. Гэвч энэ удаад хэдүүлээ ул суурьтай , сэтгэлийн хөдлөлд авталгүй оношлох гээд үзье. Эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэхэд ямар нэг байдлаар саад тотгор болж болзошгүй хүчин зүйлүүдийг хүнээс хамааралтай, хүнээс хамааралгүй гэж хоёр хувааж ангилж болно. Байгаль цаг агаар, газар зүйн байршлаас үүдэлтэй олон хүчин зүйлүүд эдийн засгийн үйл ажиллагаанд янз янзаар нөлөөлдөг.

Монгол орны хувьд сөрөг нөлөөлөл нь эерэг нөлөөллөөсөө давамгайлна. Далайд гарцгүй, хуурай уур амьсгалтай, усны нөөц багатай, өвөл хүйтэн, зун богино гээд л биднээс хамааралгүй олон олон хүчин зүйлүүдийг энд нэрлэж болно. Хүний хүчин зүйлүүдэд бидний сэтгэлгээ, алсын хараа , сахилга бат, мэдлэг , ур чадвар, хүсэл зорилго, зохион байгуулалт гэсэн суурь ойлголтууд багтдаг байна. Сонирхолтой нь бусад олон оронд хүнээс хамааралгүй хүчин зүйлүүдийн сөрөг нөлөөллийг буруулахад хүнээс хамааралтай хүчин зүйлүүдээ давуу тал болгон ашигладаг юм билээ. Бид тэгж чадаж байна уу? Чадахгүй төдийгүй харин ч бүр нэрмээс болж байна гэж хэлэх хүмүүс давамгайлах байх. Эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэхэд учирч буй саад бэрхшээлүүдийг үгүй болгохын тулд бид саад болж байгаа учир шалтгаануудыг танин мэдэх хэрэгтэй байна.

Ингэж танин мэдэхийн тулд эдийн засгийн эрх чөлөөнд нөлөөлдөг аливаа асуудалд шинэ сэтгэлгээгээр хандаж сурах шаардлагатай байна. Шинэ сэтгэлгээ гэж юуг хэлээд байна вэ ? гэдэг дараагийн асуулт нь аандаа гараад ирнэ. Энэ нь нийгэм эдийн засгийн талаарх ойлголтуудаа шинэчлэхээс эхэлнэ. Жишээ болгож эдийн засгийн эрх чөлөөнд хамгийн ихээр нөлөөлдөг нэг хүчин зүйл болох төрийн тухай ойлголтоо авч үзье. Идэх уух, өмсөх зүүх , эдлэх хэрэглэх бүхий л юмаа, тэр битгий хэл хайрлах дурлах, харамсан гашуудах эрхээ хүртэл нам, төрийн хэмээх нэрлэгдэх хэсэг бүлэг хүмүүсээс авдаг, түүнийхээ төлөө амаа үдүүлдэг, тэдний үйлдэл болгоныг хүлцэнгүй даган баясдаг байсан хуучин нийгэмд бидний оюун санаанд төлөвшсөн төрийн тухай загвар та бидний ухамсарт гүн бат суусан хэвээр л байна.

Та бидний оюун санааны энэхүү хуучин загвар нь хариуцлагатай, үр өгөөжтэй төрийг Монголын нийгэмд төлөвшүүлэхэд хамгийн том садаа болж байна. Том дарга, сайд болж биш, аль нэг өөр хялбар аргаар биш харин тууштай , уйгагүй хөдөлмөрөөр амар амгалан, сайн сайхан амьдралд хүрч болдог, бас тэгэж амьдрах нь хэрэгтэйг хүн бүр амьдралынхаа зорилго, итгэл үнэмшил болгох хэрэгтэй байна. Ийм замаар замнаж амжилтанд хүрсэн, тэгсэн хирнээ чимээгүйхэн тайван амгалан, бас аз жаргалтай амьдарч байгаа иргэд бидний дунд олон олон байгаа шүү дээ. Ажилтай , орлоготой Дорж, Дондог, Саран, Наран, Бат нарын хажуугаар өндөр настай Должин, өвчтэй Болд, өсвөрийн насны Тэмүүлэн, мэргэжилгүй бас ажилгүй Гочоо нар бас манай нийгмийн нэг бодит хэсэг нь.

Өсвөр насны Тэмүүлэнг сургуультай байлгах, өвчтэй Болдыг эмчлэх, өндөр настай Должин болон ажилгүй Гочоо нарыг халамжлах, бас дээр нь зодоонч Батаас , бас гаднаас ирж болзошгүй элдэв аюул гамшгаас хамгаалах шаардлагын үүднээс л иргэд нь өөрсдийнхөө буурьтай, туршлагатай, чадалтай хэсгийг сонгож өөрсдөдөө үйлчилдэг төр хэмээх үйлчилгээний тогтолцоог бий болгох гэдэг нь хүн төрөлхтний мөнхийн хүсэл, мөрөөдөл бас олон улсын орчин цагийн нийтлэг хандлага юмаа. Бид ч гэсэн тийм төртэй болох гэж, түүгээрээ хамгаалуулаад хэнээс ч айж эмээлгүй ажил төрлөө эрхэлж , үр шимийг нь хүртдэг болохоор шийдэж, сонголтоо хийсэн билээ. Гэвч нөгөө залхуу зангаараа, хуучин сэтгэлгээгээрээ бүхнийг төрийн хэмээх бүлэг хүмүүст даатгаж орхив. Тэд маньдаа үйлчилж байгаа эсэхийг нь хянадаггүй, бас дээр нь тэднийгээ даган баясдаг болж эхлэв. Ингээд л та бид залхуу зан, хуучин сэтгэлгээ, зөвхөн ашиг орлого хөөсөн хүсэл эрмэлзлэлээсээ болж төр хэмээх бүтцийг ажиллуулж ч чадахгүй , Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө ч бүтэн эдэлж чадахгүй байдалд орж байна.

Төр бол үнэ цэнийг бүтээгч биш, харин дахин хуваарилагч юм. Өндөр настан, өвчин хуучтай иргэд, хүүхдүүдийг асрамжлан халамжлах , хамгаалах нэрээр төсвөө нэмнэ, түүний тулд хөдөлмөр эрхэлдэг иргэдийн бизнесийн орлогоос авдаг татвараа нэмнэ. Зээл авна. Засгийн газарт яагаад зээл амархан олддог вэ гэхээр та биднээс авах татвараар барьцаалдагт хамаг учир нь байгаа юм. Татвар эсвэл зээл нэмэгдэхийн хирээр хөдөлмөрлөдөг иргэдийнх нь эрх чөлөө тэр хирээр хязгаарлагдана, харин тэр хирээр нийгмийн өмнөх асуудлууд улам бүр ужигарч хуримтлагдсаар л байна. Дэг журамтай байх шаардлагын үүднээс шинэ хууль гаргана, шинэ байгууллага байгуулна, шинэ тусгай зөвшөөрлүүдийг бий болгоно, хяналт шалгалтыг олшруулна. Тэр хирээр л нөгөө хэдэн хөдөлмөр эрхэлдэг иргэдийн эрх чөлөө хунигдана. Үүний хажуугаар сүүлийн жилүүдэд төр ашгийн төлөө бизнес эрхлэх нь нэмэгдэж төрийн зүгээс үйлчилгээ, халамж хүсэмжлэн суугаа иргэдтэйгээ өөрсдийнх нь төлсөн мөнгөөр өрсөлдөн бизнес эрхлэх хандлага нэмэгдэж байна. Төр гэж хэнийг хэлээд байгаа юм бэ хэмээн хорин хүнээс асуухад 20 янзаар хариулж байгаа төдийгүй 50 хүнээс асуувал мөн л тийм тооны хариулт ирэх шинжтэй.

Төр бол тогтолцоо болохоос хариуцлага хүлээдэг, эрх эдэлдэг хуулийн этгээд биш гэдгийг та бидний хэд нь мэддэг билээ? Тийм хуулийн ч, ёс суртахууны ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоог төлөөлж байгаа нэг хэсгийгээ та бид хир сайн мэддэг билээ? Бас хир хянадаг билээ? Үндсэн хуулиар та бидэнд үйлчлэх үүрэгтэй төрийн маань тогтолцоо аажмаар өөртөө нийгмийг үйлчлүүлдэг, иргэдийнхээ эрхийг хязгаарладаг тогтолцоо болон хувирч байна. Ийм чанарын өөрчлөлт гарсаар байтал та бид дуугүй хараад суусаар байх уу? Монголын нийгмийн өмнө тулгарч байгаа олон олон асуудлуудыг ганцыг нь ч атугай барьж аваад шийдвэрлэхийн төлөө тэмцэхийн оронд үлгэрт гардаг шиг ямар ч асуудлыг нэг дор нэг мөр бас тэгээд зөв шийдчихдэг нэг мундаг хаан, эсвэл ерөнхийлөгчтэй болчихвол өөрийнх нь олон олон асуудлууд шийдэгдчих мэтээр төсөөлж хүчтэй гарыг хүсэмжилдэг хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд өсөөд байгаа мэт. Миний үгийг хэн тоох юм бэ гэж тэдний зарим нь учирладаг. Юм мэддэггүй, залхуу хүмүүсийг л хэн ч тоодоггүй шүү дээ.

Хүчтэй төр гэж ямар төрийг хэлэх юм бэ? Лав л хэнд ч захирагддаггүй хаантай, хаандаа л захирагддаг түшмэлүүдтэй, асар их мөнгөтэй, цагдаатай, шоронтой төрийг л лав хэлдэггүй байх. Ардчилсан нийгэм дэх төрийн хүч нь түүнийг дэмждэг иргэдийн итгэл, дэмжлэгт л оршдог гэж сургадаг. Тэгвэл та бид өнөөгийн төрийг ийм итгэж болох хэмжээнд нь хүртэл өөрчлөх ажил та бидний санал санаачилгаас л хамаарна. Та бидний эрх ашгийг хөндсөн , хязгаарласан олон олон хуулиуд, шийдвэрүүдийг та бидэнтэй огт зөвлөлдөхгүй, хэлэлцэхгүй үйлдвэрлэн гаргасаар л байна. Монгол улсын нийгмийн харилцааг зохицуулдаг нийт 8300 орчим эрхийн актуудыг Legalinfo.mn сайтаас олж үзэж болно. Дунджаар нэг хуулинд 70 гаруй заалт байдаг хэмээн судлаачид гаргасан байдаг бол түүнээс 25 орчим нь төрийн тогтолцооны салаа мөчир бүрд янз бүрийн эрх олгосон заалтууд байгааг юу гэж үзэх вэ? Засгийн газрын тухай хууль гэж нэх хуулийг хэд хоногийн өмнө сөхөж үзлээ. Тэр хуулийн 3.2-д Засгийн газар Монгол улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байх юм. Үндсэн хуулиар иргэддээ үйлчил гээд заасаар байтал, дээрх хуулиар Засгийн газар манийгаа удирдах болоод байгаа биз.

Эндээс та бидний сэтгэлгээний хоцрогдол тодорхой харагдаж байна. Ийм л заалтуудыг маш овжин ашигладаг хүмүүс бас их олширч байгаа нь нууц биш. Илт төрийн байгууллагуудын үүрэг байж болох функцуудыг эрх болгон оруулсан тохиолдлууд олон байх юм. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг тэр эрх гээд нэрлээд байгаа үйлдлүүдийг хийсэн, үйлдсэн төрийн байгууллагууд, түшмэлүүдэд хүлээлгэдэг хариуцлагыг нь тогтоож өгөхгүй байгаагаас тэр эрх нь дураараа дургих үйлдлүүд болчхоод байна. Өчигдөр Их Хурлын тухай хуулийг сөхөж үзлээ. Уг хуулиар Их хурлын гишүүн нь “ Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн , улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая “ хэмээн тангараг өргөнө гэсэн байхыг олж мэдлээ. Тэгээд ямар үүрэг байдаг юм бол доо гээд хайсан чинь нөгөө хуулинд л лав тусгайлан заасан зүйл анги олж чадсангүй. Харин гишүүний бүрэн эрх гээд 27 заалттай зүйл олдож байх юм.

Бусдын нэр хүнд , алдар нэрт халдахгүй байх, хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу гаргах гэх мэтийн илт үүрэг байвал зохих заалтууд эрх дотор нь цохиж явна лээ. Монгол улсын аль ч хуулинд байдаг хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага гэдэг нэртэй зүйл ангийг хайсан боловч тийм заалт бас л олдсонгүй. Ийм л хуулиудыг гаргаж байгааг зогсоох хэрэгтэй байна. Гишүүний тангаргийн үгэнд байгаа Улсын ашиг сонирхол гэдэг ойлголтыг анхааралдаа аваарай. Үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдал гэдэг том том халхавчийг ашиглан төрийн тогтолцоог улам бүр данхар болгох хандлага газар авсаар байна. Үндэсний эрх ашиг гэж юу юм бэ, үндэсний аюулгүй байдал гэж юу юм бэ ? Энэ бол Монгол улсын иргэдийн нийтлэг эрх ашиг юм. Түүнээс биш хэнд ч харагддаггүй хар хайрцаганд хийчихсэн хадны мангаа биш.

Та бид эдийн засгийн эрх чөлөөгөө алдсаар байгаагийн бас нэг шалтгаан бол бид буруу гэдгийг нь мэдсээр байж бүхий л юмыг идэж уух, инээх баясах, уурлах бухимдах эгээтэй л баах шээхээ хүртэл мөнгөөр хэмждэг болчихсон байна. Үүнийг сайн мэдэрсэн улс төрчид , намууд зүсэн зүйлийн нэртэй бэлэн мөнгө амлаж, бид тэр мөнгөнийх нь төлөө тэднийг засгийн эрхэнд гаргадаг. Харамсалтай нь түүнийхээ төлөөсөнд нь та бид эрх чөлөөгөө боомилуулсаар байгаа. Мөнгө олж байвал юу ч хийж байсан болно хэмээн сэтгэлгээгээр хүний өөрийн хүнийг хуурах, молигдох, хүчирхийлэх нь энүүхэнд байдаг зүйл болоод “Нэр хугарахаар яс хугар” “ Хүн нэрээ Тогос “ гэдэг өвөг дээдсийнхээ эрхэм нандин үнэт сургаалыг огоорчээ. Тийм ч учраас төрийн нэрээр байна уу , хувийн нэрээр байна уу хамаагүй луйвар хийх, хуурах, төөрөгдүүлэх, хүний, өөрийн хүнийг дарамтлах явдалууд нүдний маань өмнө болоод байхад та бид болох ёстой зүйл нь болоод өнгөрч байгаа мэтээр өнгөрөөдөг болж байна. Үүний улмаас та бид төрд битгий хэл бие биендээ итгэх итгэл алдарчээ.

Товчхондоо хэлбэл бид : – Залхуу буюу хялбар аргаар үр дүнд хүрэх эрмэлзэлтэй – Мэдлэггүй буюу аливааг сурч танин мэдэх хүсэл эрмэлзэлгүй – Хэн нэгний төлөө амьдарч байгаа мэтээр сэтгэж амьдрал ахуйгаа хэн нэгэнд харанхуй даатгадаг – Зах зээлийн харилцаа бол мөнгө олох харилцаа , мөнгөний төлөө бүхнээ золиослоход бэлэн байх ёстой хэмээн буруу ойлголттой – Амьдралын бодит тодорхой зорилго тавьж түүндээ захирагддаггүй, мухар сүсэгт захирагддаг болжээ. Ийм л сэтгэлгээ, зангаасаа болж та бид эдийн засгийн эрх чөлөөгөө улам бүр алдсаар л байна. Хялбар арга гэдэгт нь богино хугацаанд хүсэмжилсэн үр дүндээ хүрэх зорилгоор хэрэглэдэг аргууд, тухайлбал, хуурах, мэхлэх, хулгайлах, залилах, хахуульдах, төөрөгдүүлэх, аливаа юмыг үнэгүй эсвэл хямд хүртэх зэрэг сүүлийн үед өргөн хэрэглэгддэг болсон аргууд юм.

Төрөөс үнэгүй үйлчилгээ, хямд үйлчилгээ, мөнгө нэхнэ гэдэг бол та бид ажил хөдөлмөр эрхэлдэг хэсгээсээ мөнгө нэхэж, тэр хөдөлмөрч хэсгийнхээ эрх чөлөөг боомилж байна л гэсэн үг. Үүнийг ойлгож залхуугаасаа сална гэдэг бол юуны өмнө худлаа амлалт өгөх, залилах, төөрөгдүүлэх, хулгайлах, хахуульдахаа, ер нь л хялбар аргаар амьдрахаа болино гэсэн үг дээ. Мэдлэггүй буюу аливааг танин мэдэж чаддаггүй гэдэг нь хэн нь худлаа хэлж хуураад байгаа, яагаад худлаа хэлж байгаа, яагаад хэн нэг нь танд хайртай царайлаад байгаа , амлаад байгаа зүйлс нь биелэх боломжтой эсэхийг, хамгийн гол нь яагаад өөрөө бүтэлгүйтээд байгаагаа мэдэхгүй байна л гэсэн үг. Дээр нь нэмээд юм мэдэхгүйгээ нуух гэж бөөн худлаа ярих хэрэгтэй болно. Тэгэхээр та бид мэдэхгүйгээ хэн нэгнээс нуухгүйгээр, аливаа танин мэдэх арга барилыг аль болох хурдан эзэмшиж чадвал энэ муу зуршлаасаа салж, адаглаад хэн худлаа яриад, бүтэхгүй зүйл амлаад байгааг нь таньж мэддэг болно л гэсэн үг.

Нөгөө мянган үгний таглаа гэгддэг мэдэхгүй гэдэг үгнээсээ хагацна л гэсэн үг. Өөрийнхөө бүтэлгүйтэлд хамгийн түрүүнд бусдыг буруутгадаг зуршил та бидний өдөр тутмын амьдралд мөн ч гүнзгий суусан байна. Худлаа ярьдаг амладаг улс төрчдийг мэдсээр байж л хэдэн төгрөг аваад саналаа өгчихдөг, хуудуутай хууль гаргадаг гэдгийг нь мэдсээр байж юу ч хэлэлгүй , юу ч хийлгүй байсаар байгаад хуудуутай хууль гаргахыг нь тэвчээд л байдаг, та бидний , татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийгээд байгааг нь мэдсээр байж түүнийг зогсоохын төлөө тэмцдэггүй нүдэн балай чихэн дүлий байсаар байгаад худалч улс төрчдийн , хоосон толгойтой түшээдийн, авилгач түшмэлүүдийн балагтай үйлдлийн улмаас учирдаг аюул заналхийлэл өөр дээр нь тулаад ирсэн үед өөрөөсөө бусдыг бүгдийг нь буруутган бухимдана. Сүүлдээ бүр байчхаад тэр улс төрчдийн төлөө, хоосон толгойтой түшээдийн төлөө, авилгач түшмэдийн төлөө амьдарч байгаа мэтээр загнана. Бүр сүүлдээ өмх хоолоо өвчүүнийхээ цаагуур давуулж байгаагаа бусдын төлөө хийж байгаа мэтээр аяглаж, үхэх , өлсөхөөрөө айлгана , далайлгана.

Бид ийм л араншинтай болчхоод байгаа бус уу. Ингэж өөрийн бүтэлгүйтэлдээ тэднийг буруутгаж суухын оронд улс төрчдийн биелэгдээгүй амлалтуудын, худлаа мэдэгдлүүдийн , хуудуутай хуулиудын, хамгийн их мөнгөний их мөнгө төгрөгийн асуудалд орооцолддог түшмэлүүдийн бүртгэлийг нэн даруй хөтөлж эхэлбэл яасан юм бэ? Тэр Их хурлын тухай хууль болон түүнтэй адил бөөстэй, цоорхойтой хуулиудын цоорхойг бөглөж, бөөсийг нь түүхээр амлаж байгаа хүмүүсийн төлөө саналаа өгдөг байвал яасан юм бэ? Сонгох саналаа мөнгөөр эсвэл хоосон амлалтаар худалдахаа больж , хоосон толгойтой түшээдийн хууль гаргах үйлдэл бүрийг нь, авилгач түшмэлүүдийн алхам гишгээ болгоныг ил тод болгох талаар боломж бүрийг ашиглаж, өөрсдийнхөө , үр хүүхдүүдийнхээ төлөө санаачилга гаргаж ажиллавал яасан юм бэ? Хууль санаачлах талаар эрхийг минь бас хааж, зөвхөн өөрсдөдөө олгосон байна, тэр эрхээ эргүүлэн олж авахын төлөө хамтдаа ажиллацгаая. Та бидний харанхуй бөгөөд юм мэддэггүй байдал, бас дээрээс нь нэмээд хуудуутай хуулиудыг манай нийгмийн сонор сэрэмжийн цоорхой гэж үзвэл тэр цоорхойг ашиглаж өөрсдийн эрх ашгаа ил, далдаар нийгэмд тулгадаг , түүнийгээ хэрэгжүүлдэг нэг хэсэг байнаа.

Тэднийг буруутгаад ч яах юм бэ ?. Харин ч тэд бол ядаж л маниасаа илүү овсгоотой, мэдээлэлтэй, бас залхуурдаггүй, дайчин хүмүүс төдийгүй манай нийгмийн сул цоорхойг ил гаргаж өгч байгаа хүмүүс юм. Бид тэднийг буруутгаж суухын оронд тэр цоорхойнуудыг бөглөх ажлуудыг нэн даруй хийх шаардлагатай. Төрийн салаа мөчир болгоныг ил тод тунгалаг болгохын чухлыг ойлгож, бас ихээхэн санаачилга гаргаж ажиллаж байгаа улс төрчид, түшээдүүд байгааг бас хэлэх нь зүйтэй. Тэдний хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны хууль, Хуулийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг төрийн салаа мөчир бүрийн үйл ажиллагааг ил тод байлгахад чиглэгдсэн чамбай хуулиуд батлагдан гарсан.

Зарим нь хэрэгжээд зохих үр дүнгээ өгөөд эхэлсэн бол зарим нь хэрэгжиж эхлээгүй л байна. Гэвч иргэдийн эрхийг бодитойгоор эдлүүлэхэд чиглэсэн эдгээр хуулиуд нь урт хугацаанд манай нийгэм улам бүр эрүүлжиж бид бүхний Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөг баталгаатай хангахад дорвитой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. Эдгээр хуулиудыг санаачилан боловсруулж, батлуулах, мөрдүүлэхэд итгэл зүтгэл гарган ажилласан бүх улс төрчид, түшээд, түшмэлүүдэд энэ боломжийг ашиглаад “ Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх хууль эрх зүйн үндэслэлийг бүрдүүлж өгсөнд тань баярлалаа” гэж хэлье.

Ийм л хүмүүсийн төлөө саналаа өгдөг баймаар байна. Ямааны, тэмээний, хүүхдийн, хөгшиний, залуусын гээд ямар ч нэртэй байсан хамаагүй, бэлэн мөнгө амалж байгаа хүмүүсээс өөрсдийгөө ч , төрийг ч аль болох холхон байлгамаар байгаа юм. Эдгээр хуулиудын хүрээнд төрийн аливаа салаа мөчрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, чухал шийдвэрүүдийг гаргахад иргэдийн оролцоог хангах , төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжууд нээгдэж байгаа гэж үзэж байна. Хуулийн хэрэгжилтийг зөвхөн цагдаа, шүүгч, хуулийнхан хариуцан албадлагын журмаар хангадаг гэсэн бас нэг хуучин сэтгэлгээнээсээ иргэд та бид нэн даруй салж, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө , бизнесийн эрх чөлөөнийхөө төлөө дээрх хуулиудаар бий болгосон боломжуудыг үр дүнтэй ашиглахын төлөө хамтран ажиллахыг байна.

Та бид үүнийг хийхгүй бол хэн хийх юм бэ ? Өнөөдөр хийхгүй бол хэзээ хийх юм бэ? Хуучин сэтгэлгээний загвар, мухардал руу хөтлөх ааш араншингаасаа та бид эртхэн салахгүй бол хуулийн цоорхойг ашиглан та бидний энэхүү сэтгэлгээний хоцрогдол дээр тоглолт хийдэг элдэв улс төрчид, ардын баатрууд, популистуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр , тэд Дагдангийн эхнэр шиг таргалсаар, бид Цэрмаа шиг турсаар байх нь байна шүү . Таминь ээ. Олон юм нуршиж та бүхнийг чилээсэндээ хүлцэл өчөөд харин цаг зав гарган тэвчээртэй сонссон та бүхэнд талархал илэрхийлж үүгээр өндөрлөе. Баярлалаа.

Улаанбаатар , 2015-09-03 . Дисковер Монголиа хурал.

Уул уурхайн эдийн засагч

Ду.Жаргалсайхан

- See more at: http://blog.mongolforum.mn/?p=1450#sthash.JliTtLF1.yI7By9xD.dpuf

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%