Монгол улсын Засгийн газрын Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас санаачлан алдуул болон олдсон малыг бүртгэх, малын гоц халдварт өвчин, байгаль цаг агаарын талаарх мэдээ, мэдээллийг малчдад шуурхай хүргэх зорилгоор "Малчны лавлах-109" тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн байна.
Уг тусгай дугаар руу харилцаа холбооны бүх оператор компаны утаснаас үнэ төлбөргүй холбогдох бөгөөд 24 цагийн турш ажиллах юм байна. Иргэд, малчдаас ирүүлсэн алдуул болон олдсон малын зарыг "Молор" телевиз, ФМ 88.8 радио, www.todsurag.mn зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлан мэдээллэж байхаар болсон байна.
Мөн дээрх лавлах утсаар хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдаж байгаа малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханш, цаг агаарын мэдээ, гамшгаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авах болон бусад хэрэгцээт мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөг хүргэх аж.