Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өнөр айлын эзэгтэй

2016-06-02

Монгол Улсын нийслэлд  өнөөдөр сая гаран хүн ажиллаж, амьдарч байгаагийн 140 гаруй мянга нь Сүхбаатар дүүрэгт хамааралтай гэхээр өнөр өтгөн айлтай зүйрлэж болохоор.  Их айлын үүд өдөржин нээлттэй өнжинө. Хүүхдүүд нь орж гараад л. Эцэг эх хоёрын  хэн нь ч  хаалга үүдээ онголзууллаа хэмээн зэмлэхгүй. Харин ч эдний маань сураг л дуулдаж байвал боллоо гэсэн шиг амар амгалан сууцгаах.  

Хөвгүүд нь өсч, охид нь айлын болцгоосон ч амьдрал л юм хойно  эцэг, эхээ хормойдон хошуугаа унжуулах  нэгэн ч байна.

Амьдралд хөл алдан туйлдаж, өмөг түшиг эрэх  хүү ч бий, охин ч байх.   Үрс нь юм хойно, тэднийгээ ялгах сэтгэл  эцэг эхэд үгүй  юм хойно, болж яваагаас нь авч бүтэлгүй яваад нь өгнө. Заримдаа  ижийд нь хэрэг болоод байна хэмээн заль хэрэглэж байгаадч болов нөгөө хүүгийнхээ хэргийг бүтээнэ. Хүний хорвоогийн амьдрал ингэж л буцалдаг.  Дүүрэг ч ялгаагүй.  Тэр  хэсэгт бүтээн байгуулалт өрнөн, иргэд нь шинэ орон сууцанд орон аз жаргалдаа умбаж байхад нөгөө хэсэг нь  мөнөөх л 30 жилийн түүхтэй хашаандаа, Гэр хорооллын дахин төлөвлөлт хэзээ хаалга тогшихыг нь хүлээж цөхнө.   Аргаа барсан нь дүүрэг рүүгээ харайна.  Азаар хүлээж авах албан тушаалтнууд нь тодорхой.  

    Гэвч иргэдийн санаа амрахгүй.  Өөрийг нь хамгийн сайн сонсох хүнийг эрэлхийлнэ.  Зарим нь   бүсгүй хүнийг зовлон мэдэх юм гээд онцолж уулзахыг хичээнэ. Мэдээж тэр нь СБД-ийн Засаг даргын орлогч Х.Болормаа. Ер нь түүнийг сүхбаатарчууд анддаггүй.  “ Манай Болормаа  дарга” хэмээн өмчлөх хороо ч  бий.  Үнэндээ тэрбээр  амьдралынхаа  багагүй хугацааг XI, XII, XIII  хорооны иргэдийн сайн сайхны төлөө зориулсан нэгэн.  Жаргал зовлонгоос нь хуваалцаж явсан, эдүгээ ч  тэдэнтэйгээ, тэднийхээ  дунд бужигнаж  яваа болохоор арга ч үгүй биз.  Дүүрэг дэх өрөөнийх нь хаалга онголзохгүй, хүний хөлд дарагдахгүй өнжих өдөр гэж үгүй.  Тэр л жижигхэн өрөөнд дүүргийн 140 гаруй мянган иргэний амьдрал  ямар нэг байдлаар буцална. Баяр баясгалангаа Х.Болормаа даргадаа дуулгах гэсэн нэгэн байхад оршуулгын зардал өгөөч гээд зогсох иргэн ч  байж л байна.  
    Хамгийн гол нь тэрбээр хэзээ ч хэнийг ч түвэгшээж байгаагүйд хэргийн учир оршино. Ер нь Х. Болормаа дарга хүүхэд байхын ийм л байсан. Тэдний орцонд  хоёр өндөр настан, нэг  хөгжлийн бэршээлтэй иргэн амьдардаг байж. Өглөө босоод  үүрэг юм шиг өнөөх гурван айлаараа орж, сүү авах бидон эсвэл махных нь мөнгөөд аваад дэлгүүрийн зүг нисчихнэ.   Тухайд үед мах, сүү өнөөдөртэй адил элбэг дэлбэг байгаагүй.  Тархин дээгүүр гурав, таван литрийн бидонууд “зодолдож”,  дугаарлаж зогсох багачуудыг томчууд түрээд гаргачих юу ч биш.  Нүүрээ улайтал зүтгэсэн бяцхан Болормаа тэр дундаас сүү, махаа тэвэрсээр гарч ирэх. Өнөө цагт бол хэн ч тийм дараалал руу хүүхдээ илгээхгүй л болов уу. 

    Харин тэр бусдад туслах чин хүсэл, тусархуу зандаа хөтлөгдөн томчуудын дундуур зүсч ороод л санаснаа гүйцээнэ. Үүнийг  хүнлэг сэтгэл, дайчин чанар ч гэж ойлгож болохоор.  Тэр  энэ бүх сайхан чанарыг ааваасаа өвлөсөн гэнэ билээ.  Удам угсаа нь ч тийм юм.  Боломаа  дарга аавынхаа талыг хөөх аваас Увс аймгийн Өндөр хангай сум, эхийн талаараа  Говь-Алтайн  Төгрөг сумынх болоод явчихна. Өөрийнх нь хүний хорвоод дуугаа хадаан мэндэлсэн  газар нь Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу олны нэрлэж заншсанаар Зүүнхараа хот.  Харин  хүүхэд нас нь нийслэлийн СХД, Таван шарын таван шар байрны хүүхдийн  тоглоомын талбай, арван жилийн XII дунд сургуульд өнгөрсөн. 

    Тэр цагдаагийн даргын охин. Найман хүүхэдтэй өнөр өтгөн айлын тав дахь нь.   Цагдаагийн дэд хурандаа Ө.Хөххүү  агсан охин шигээ  гялалзсан түргэн хөдөлгөөнтэй, бусдын сайн сайхны төлөө оюун бодол, сэтгэл зүрхээ зориулсан нэгэн байсан юм.  Тагнуул, Цагдаа гээд хууль сахиулах байгууллагад  хэсгийн төлөөлөгчөөс газар, хэлтсийн даргаар олон жил ажилласан энэ эрхмийг салбарынхан нь эдүгээ хүндлэн дурссаар байдаг.  Ижий  ч мөн л дарга. Төмөр замын хүүхдийн секторын фондын дарга.    Засаг даргын орлогчийн үндсэн мэргэжил нийтийн хоолны технологич инженер. 

    Тэр бас бусдын адил ганзага үүрч, амьдралаа босгосон ижий бурхан.   Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн он жилүүдэд залуу хосууд  эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу компани байгуулан, улсынхаа хөгжил цэцэглэлтэд   чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулсан бизнесмен.   Эдүгээ  СБД-ийн XI, XII, XIII  хорооны иргэдийг нийслэлд  төлөөлөх хариуцлагатай бөгөөд нэр төртэй  үйлсэд зүтгэх даалгавар авсан Ардчилсан  намын   ҮЗХ-ны гишүүн “байлдагч”.   Мөн унаж босч үзсэн улстөрч.  Түүний  СБД-тэй болон  улстөрд хөл тавьсан он жил цаг хугацааны хувьд давхцдаг юм билээ. Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзсэн он жилүүдэд Х.Болормаа   оюутан байв. 
    Жанжин Сүхийн талбайд өлсгөлөн зарласан залуучуудын үзэл бодлоо илэрхийлж байгааг сонсох бүрийд  ардчилалд татагдсаар байлаа. Харин  үзэл бодол нэгтэй гэдгээ ямар замаар илэрхийлэхээ мэдэхгүй байлаа.  Цаг хугацаа ван цэнгээрээ өнгөрч, эрхэлсэн бизнес нь хөл дээрээ босч эхэлсэн тэр нэгэн хавар  өөрийнх нь орон зай улс төрд  буйг олж харсан байна.  Өөрөөр хэлбэл,  СБД-ийн Ардчилсан намд гишүүнээр элсч,  XI, XII, XIII  хорооны иргэдийн сайн сайхны төлөө зүтгэхээр сэтгэл шулууджээ.   Энэ бол 2004 он.  Иргэдтэйгээ танилцах, иргэдийнхээ амьдрал байдлыг мэдрэхийн тулд хариуцсан айл, өрх бүрийн хаалгыг тогшчээ.  Эхлээд хүмүүс цэрвэсэн шинжтэй байснаа өөрсдийнх нь төлөө зүтгэх чин хүсэл, эрмэлзэл байгааг нь олж хараад  дэмжээд зогсохгүй  сайн сайхны төлөөх  их үйлсэд хамтдаа зүтгэхээр жагсаалд нь нэгдэв.  
    Хамтдаа урагшилсан хорооны иргэд  залуу улстөрчийг 2004, 2008 оны орон нутгийн сонгуульд НИТХ-д төлөөлөгчөөр илгээн итгэл үзүүллээ.  Харин өнгөрсөн сонгуульд тэр өөрөөс шалтгаалахгүй шалтгаанаар өвдөг шороодсон ч  Ардчилсан нам гишүүнээ Сүхбаатао дүүрэг гэх их айлын гал тогоо, санхүүг хариуцуулжээ.  Ингэж тэрбээр дөрвөн жилийн турш 140 гаруй мянган хүн амтай дүүргийг хоолтой байлгах уу,  гадуур хувцастай явуулах уу,  эрүүл мэнд, боловсролын салбарт ямар санхүүжилт хэрэгтэй байгааг, төсвийн орлогоо хэрхэн яаж бүрдүүлэх , хурааж хуримтлуулснаа хамгийн оновчтой байдлаар хуваарилах гээд толгой өндийх завгүй ажиллаж, дөрөв биш арван жил завгүй ноцолдох их бүтээн байгуулалтын ард гарч чадсан гавьяатай  Санхүү эрхэлсэн орлогч.  

    Ялангуяа, өөрийн тойргийн иргэдийг  Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулах, дэд бүтцийн шинэчлэлд хамруулах,  худас ус, гудамж талбайн гэрэлтүүлэг, явган хүний зам, өрхийн  болоод нэгдсэн эмнэлгийн үйлчилгээ, тоног төхөөрөмжийн шинэчлэл, сургууль цэцэрлэгийн  орчин нөхцлийг  нь сайжруулах  гэх мэт нийгмийн асуудалд өөрийн зүгээс санаачилга гарган ажиллаж байгааг уншигч танд дуулгахад таатай байна.     Сүхбаатар дүүрэг өнөөдөр хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтаараа нийслэлд удаа шалгарсанд ч  түүний хувь нэмэр, үүрэг оролцоо буй билээ.  Гэвч тэр сэтгэлийн л амьтан.   Бусдын зовлонг өөрийн мэт хүлээн авч түүндээ шаналан нойргүй хонох нь ч бий. Бас  ойр дотны хэн нэгэн нь амжилт гаргахад гүйж очоод халаасаа нэг ч төгрөггүй  болтол тэмтэрч  орхино. 

    Өвдөж шаналсан ч хийе бүтээх гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн залуу хөвүүнийг ороод ирэхэд өөрийн хүү шиг санаж, чадах бүхнээрээ тусалж байсныг би мэднэ. Түмэн ч бас мэддэг юм билээ. Ийм нэгэн  гайхамшигтай  бүсгүйн дотоод сэтгэлийн өнгийг уншигч танд өргөлөө.  Та түүний гараас хөтлөөд хөгжлийн зүг хамтдаа алхаарай. Танд түшиг болохын төлөө тэр ажилладаг юм. 

Эх сурвалж: www.mminfo.mn

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 237
48 / 20%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%