Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг үг, энэ нэр томьёо биднээс их хол санагддаг байсан цаг саяхан. Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх иргэдийн ойлголт, хандлага эерэг тал руугаа харьцангуй өөрчлөгдсөн. Учир нь жилдээ ганц удаа хуралдсан нэр зүүж (хагас дутуу ирцтэй), тэгэхдээ иргэдийн ажил амьдралд тустай, дорвитой асуудал хэлэлцэхгүй оромдоод өнгөрдөг байсан ИТХ одоо түүх болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээсэн бэ гэдэгт сонгогчид удахгүй бодитоор дүн тавина. Тиймээс иргэдэд зөв сонголт хийхэд нь тусалж, хэрэгцээт мэдээллээр хангах зорилготой “Хэн нь хэн бэ” булангаараа энэ удаа Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Балжиннямын Ган-Эрдэнийг “сонжиж” байна.
Тэрбээр есөн хүүхэдтэй өнөр өтгөн айлын найм дахь хүүхэд болж найрамдлын Дархан хотод 41 жилийн тэртээ мэндэлжээ. Эрдэнэт хотод дунд сургуулиа дүүргэн, мэдээлэл технологи, холбооны электроник инженер мэргэжил эзэмшиж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. Монголын Цахилгаан холбоо компанид ажиллах хугацаандаа шинэ цагийн Монгол Улс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх үндэс болсон олон ажлыг нөхдийн хамт амжуулсны дотор орон нутагт анхны өндөр хурдны интернетийн сүлжээ нэвтрүүлж, хөдөөд интернет үйлчилгээний цэгүүд байгуулах үндсийг тавьсан нь хамгийн чухал юм.
Мөн2005-2012 онд “Монгол шуудан” ТӨХК-д сүлжээний инженер, Мэдээллийн технологийн албаны даргын алба хашихдаа шуудангийн солилцоо, бүртгэл, хяналтын систем бий болгож, үйлдвэрлэлийн дамжлагыг бүрэн автоматжуулсан Б.Ган-Эрдэнэ хэмээх энэ залуу өнгөрсөн дөрвөн жил 140-өөд мянган иргэнтэй Сүхбаатар дүүргийн гал голомтыг тулах баганы нэг нь болж ажиллажээ.
Энэ дүүрэгт хэзээнээс өндөр боловсролтой, соёлтой, оюунлаг сэхээтнүүд хийгээд үе үеийн төр, засагт дээгүүр алба хашиж явсан сайхан буурлуудаараа гайхуулдаг. Тиймээс идэр насны залуу дүүргийн ИТХ-ын даргаар томилогдоход эхэндээ зарим хүн “Энэ залуу олигтой юм хийж чадах болов уу” гэсэн нүдээр хардаг байж. Харин одоо бүх зүйл өөрчлөгдөж, дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид хороодоороо ажиллах сургаар иргэд идэвхтэй цуглан, жилийнхээ төсвийг юунд, хэрхэн зарцуулах тухай өөр өөрийн санаа бодлоо хэлж, тусгуулахыг хичээх болжээ. Боловсролтой, соёлтой, оюунлаг хүмүүс бусдын авьяас чадвар, хичээл зүтгэлийг олж хардаг, бас үнэлж, дэмжиж чаддагийн жишээ биз. “Залуучууд чадахгүй, тэдэнд туршлага байхгүй” гэсэн өнгөц хандлагаасаа хэтэрч, цаадах мөн чанарыг нь олж харахгүй, Монголчуудын өөрсдөдөө зориулж зохиосон тамын тогооны үлгэрээ яриад суусан бол өнөөдөр Сүхбаатарчууд олон олон бүтээн байгуулалтын гэрч болохгүй ч байж мэдэх байлаа.
Энэ баг ахмадынхаа үгийг сонсож, иргэдтэйгээ ойр ажилласны хүчинд тус дүүргийн VII дугаар хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах тухай олон жил ярьсан “үлгэр” өдгөө бодит ажил болоод буйг бид харж байгаа.
2013 оноос хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай шинэ хууль иргэд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар гурвыг ойртуулах нэг хөшүүрэг болсныг Б.Ган-Эрдэнэ дарга онцолдог. Учир нь энэ хуулиар Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт хэмээх ойлголт бий болж, тус сангийн хөрөнгийг хэрхэн, яаж зарцуулахыг иргэдийн саналаар шийддэг болсон нь Нутгийн өөрөө удирдах байгууллагыг олон түмэнд таниулах, тэдэнтэй хамтарч ажиллахад ихээхэн дөхөм болгожээ. Тухайлбал, ирээдүй хойчийнхоо боловсролд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай гэсэн иргэдийн санал хүсэлтийн дагуу 2013-2014 онд 1.4 тэрбум, 2014-205 онд 3.9, 2015-2016 онд 3.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Сүхбаатараар овоглодог 36 мянга гаруй өрх болгоноос санал авч, түүнийгээ эрэмбэлэн, хэнд, хаана, юу хэрэгтэй байгааг олж харсны үндсэн дээр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хуваарилахыг тэд хичээдэг гэсэн.
Түүний аав С.Балжинням, ээж С.Лхамсүрэн нар хоёулаа эдийн засагч, Дарханы нэхий эдлэл, Эрдэнэтийн хивсний үйлдвэрийн нэр хүндтэй ажилтан байсныг нутаг усныхан нь андахгүй. Өөрөө ч сурагч байхын математикт “гавал” учраас улсын олимпиадад Эрдэнэтийг төлөөлж оролцдог байсан, мөн аав, ээжийн эзгүйд гэрийнхээ бүхий л аж ахуйн ажлыг ерөнхийд нь зохицуулж, зургаа хоногийн хүнс болон бусад зүйлд зарцуулах даалгавартай мөнгийг хэрхэн яаж хуваарилахыг багаасаа шийдэж сурсан нэгэн. Ерөөс математик энэ хүнд их зүйл өгсөн гэлтэй. Математикийн ярвигтай хэцүү бодлогуудыг хэдэн цагаар ч хамаагүй “нухаж” суудаг байсны ачаар хүний үгийг хүлээцтэй сонсож сурсан гэдгээ Б.Ган-Эрдэнэ хэлсэн.
Мэдээлэл холбоо, харилцааны салбарт ч тэр өөрийн гэсэн зам мөрөө үлдээсэн. Тэгвэл улс төрд өнгөрсөн сонгуулиар гэнэт ороод ирээгүйг нь батлах ганц баримт дурдъя. Дунд сургуульд байхдаа олон сонгуульт ажилтай, үлгэр жишээ ч сурагч байсан тэрбээр 1988 онд “Залгамжлагч” VI чуулганд оролцохоор ирэхдээ “Пионерын үнэн” сонинд “Монголын пионерын байгууллагад эдийн засгийн өөрчлөлт хэрэгтэй байна” хэмээн ярилцлага өгч байсан гэхээр холыг хардаг хүү байсан байгаа биз. Монголд ардчилсан хувьсгалын салхи сэвэлзэн, Сүхбаатарын талбайд залуучууд өлсгөлөн зарлаж байгааг радио, телевизээр мэдчихээд, ангийнхаа ханын самбаруудыг эргүүлэн ар талд нь “Бид ардчиллыг дэмжиж байна” гэж бичээд, захирлын өрөөнд чихдүүлж зогссон удаа ч түүнд бий.
“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг үгийг эрхэм болгодог тэрбээр одоо “манай дүүрэг, миний дүүрэг” гэсэн халуун сэтгэлээр Сүхбаатарчуудыг нэгтгэн, хамтдаа урагшлахаар зорьж буй.
Түүний инженер ухаан улс төрийн өрөгт шинэлэг санаачилга, зөв нүүдэл, оновчтой гаргалгаа, хурдтай ажиллагаа, ил тод, шударга шийдвэр болж буух болтугай.
Эх сурвалж: Өнөөдөр сонин 2016 оны 6 дугаар сарын 6-ны дугаар
/Хэн нь хэн бэ булан/ Л.Ганчимэг А2 дугаар нүүр