ХХААХҮЯ-аас өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар
цахим хурал зохион байгууллаа. Цахим хуралд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, сайдын
зөвлөх Мөнхбаясгалан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Энх-Амар, МАА-н
бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Чой-Иш, Хүнсний үйлдвэрийн
бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Гантогтох, Газар тариалангийн
бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Алтансүх, Хөнгөн үйлдвэрийн
бодлогын дарга Батхүү, Жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан газрын дарга
Дондогдорж, Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга Сувд, Мал эмнэлэг,
үржлийн газрын дарга Батцэнгэл, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал
Үнэнбат, Мал хамгаалах сангийн захиралын үүргийг гүйцэтгэгч Ганзориг болон яам,
агентлагийн холбогдох мэргэжилтнүүд оролцсон бол хөдөө, орон нутгаас 21-н
аймгийн Засаг дарга, орлогч дарга, АЗДТГ-ын хэлтсийн дарга нар, ХХАА-н газрын
дарга, Онцгой байдлын газрын дарга нар, холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд
оролцлоо.
Хурлаар мал өвөлж, хаваржилтийн бэлтгэл, ургац
хураалт болон малын гоц халдварт өвчлөлийн байдал цаашид анхаарах асуудлын
талаар бүх аймгууд мэдээлэл хийсэн юм.
Улсын хэмжээнд 2015 оны эцэст 55,9 сая толгой мал
тоологдсон бөгөөд 2016 онд 23,8 сая хээлтэгчийн 81,7% буюу 19,4 сая хээлтэгч
мал төллөж 19 сая төл хүлээн авч одоогийн байдлаар 70 орчим сая мал намаржиж
байгаа бөгөөд 60 орчим сая мал өвөлжих төлөвтэй байна.
Одоогийн байдлаар малчдын түвшинд 1,2 сая тонн
буюу 60 сая боодол өвс, 100 000 тонн гар хадлан болон хужир, шүү, эрдэс
тэжээл бэлтгэхээс 485 300 тонн гар хадлан буюу 38,9%-ийн бэлтгээд байна.
Засгийн газрын 2016 оны 322 тоот тогтоолын дагуу
аймаг,сумын аюулгүйн нөөцөд 32 000 тн өвс, 12 100 тн тэжээл
бэлтгэхээс 7 700 тн өвс, 1 100 тн тэжээлийг бэлтгээд байна.
Энэ намар улсын хэмжээгээр 501 100 тонн үр
тариа, 174 700 тонн төмс, 117 500 тонн хүнсний ногоо 32 500 тонн
тосны ургамал, 43 400 тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар тус тус
урьдчилсан төлөв гараад байна.
Малын гоц халдварт өвчний талаар:
Хонины цэцэг өвчин одоогийн байдлаар Сүхбаатар
аймгийн 11-н сум, Хэнтий аймгийн 9-н сум, Дорнод аймгийн 7-н сум, Төв аймгийн
10-н сум, Дорноговь аймгийн 8-н сум, Дундговь аймгийн 5-н сум, УБ хотын
Баянзүрх дүүрэг зэрэг 7-н аймаг, нийслэлийн 51-н сум, дүүрэгт цэцэг өвчин
оношлогдон 10182 мал өвчилж, 215 мал хорогдож нийтдээ 5837-н малыг устгалд
хамруулан, 3717-н мал эмчлэгдэж өвчний шинж тэмдэггүй болсон байна. Одоогийн байдлаар
4-н аймгийн 8-н суманд хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байгаа бөгөөд
Говьсүмбэр, Төв аймгуудад шүлхийн А хэвшлийн өвчин илэрч 150 гаруй үхрийг бүрэн
устгалд хамруулж дахин дэгдэлтийг зогсоогоод байна.
Малын гоц халдварт өвчний дэгдэлт нь махны экспортод муугаар нөлөөлж байна.