Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн Хараагүйчүүдийн холбооны тэргүүн Б.Чагцалням: ХАРААГҮЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ БАЙНА

2016-11-29

Хэзээ ч зүсийг нь үзээгүй хэрнээ бие биенийхээ хоолойг сонсох төдийд таньдаг, ертөнцийн өнгийг харж чадахгүй ч хүний сэтгэлийн өнгийг илүүтэйгээр мэдэрч чаддаг гайхамшигтай хүмүүс бол хараагүйчүүд гэж би боддог. Эдгээр иргэдийнхээ эрүүл, аюулгүй тав тухтай амьдралын төлөө шат шатны удирдлагууд, иргэд санал санаачилгыг гаргах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл бид хараагүй иргэдийн өмнө тулгамдаж байгаа явган хүний зам, ажиллах нөхцөл зэрэг олон асуудлыг төдийлөн шийдээгүй хэвээр байна. Тиймээс Хараагүйчүүдийн холбооны тэргүүн Б.Чагцалнямтай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-  Энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд ярилцлагаа Хараагүйчүүдийн нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар эхлүүлье.

Манай нийгэмлэг нь хараагүйчүүдэд чиглэсэн эрүүл мэндийн сургалтуудыг зохион байгуулдаг.  Харааны бэрхшээлээс шалтгаалаад цөөнгүй хүмүүс төмс арилгах, аяга угаахыг чаддаггүй. Тиймээс ялангуяа эмэгтэйчүүддээ ахуйн сургалт болон “Амьдралын зөв адал хэвшилд алхам алхмаар” сэдэвт сургалтуудыг үе шаттайгаар явуулдаг. Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо маань Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй болсон. Түүний үр дүн сүүлийн хоёр жилд хөдөө орон нутгийн гишүүдэд ихээхэн мэдрэгдэж байгаа. Тухайлбал, манай аймгаас бариа заслын сургалтанд таван хүн хамрагдаж төгссөн. Өнөөдрийн байдлаар эмчилгээний анги болон компьютерын хоёр жилийн сургалтанд тус тус нэг хүн суралцаж байна.

-  Дархан-Уул аймгийн хэмжээнд харааны бэрхшээлтэй хэдэн иргэн байдаг вэ? Тэдгээр хүмүүс маань танай нийгэмлэгт бүгд хамрагдаж чадаж байна уу?

Манай нийгэмлэгийн үйл ажиллагаа 2009 оноос тогтмолжсон. Тус онд намайг анх ажил авч байхад Дархан-Уул аймгийн хэмжээнд тогтмол эмчийн хяналтанд байдаг, бүртгэлтэй харааны бэрхшээлтэй 30 орчим хүн л байсан. Тиймээс манай нийгэмлэг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, тухайн үеийн НХҮХ зэрэг байгууллагуудтай хамтран шинэчилсэн судалгаагаа гаргасан. Энэ судалгаагаар 500 гаруй харааны бэрхшээлтэй иргэд бүртгэгдсэн юм. Үүнээс 16-аас доош насны 62 хүүхэд, 17-55 насны халамжаас тэтгэмж, нийгмийн даатгалаас групп авдаг 232 хүн байдаг. Ахмад настай 210 гаруй хүн байна. Эдгээр хүмүүс маань нүдний эмчийн хяналтад байдаг учраас бүгд нийгэмлэгтээ бүрэн хамрагдсан гэж үздэг.

-  Ямар үзүүлэлтээр тухайн хүнийг харааны бэрхшээлтэй гэж үзэх вэ. Нүдний хараа муудах, хараагүй болох гол шалтгаан нь юу байна?

-5 эсвэл +5 ба түүнээс дээш харааны шил зүүдэг хүнийг харааны бэрхшээлтэйд тооцогддог. Түүнээс доогуур заасан ч тэр хүн ямар нэгэн байдлаар харах чадвараа алдаж байна гэсэн үг. 10 жилийн өмнөх судалгааг харж байхад төрөлхийн, өвчний улмаас хараа мууддаг байсан бол сүүлийн жилүүдэд нүдний дасгал хөдөлгөөн зөв хийгээгүй, нүдээ хайрлаагүйгээс хараа муудах, бүр хараагүй болж байна. Энэ бас технологийн хөгжилтэй их хамааралтай. Манай аймагт харааны бэрхшээлтэй 62 хүүхэд байдгийн 20 гаруй хувь нь дэлгэцийн донтолт өвчнөөс болж нүдээ гэмтээсэн байх жишээтэй. 40-өөс дээш насныхны хувьд чихрийн шижин, даралт ихсэх өвчний улмаас харааны бэрхшээлтэй тулгараад байна. Мөн насны доройтлоор харааны бэрхшээлтэй ахмадуудын маань тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс хүүхэд залуус маань эртнээс л нүдээ хайрлаж, урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг хэлмээр байна.

-  Нийгэмлэгийн зүгээс гишүүдээ мэргэшил олгох сургалтанд харуулдаг тухай та дээр дурдсан.  Эдгээр хүмүүс ажлын байртай болж чадаж байна уу?

Бариазаслаартөгссөн таван хүний дөрөв нь өнөөдрийн байдлаар хувийнбайгууллагуудадтүрээс төлөх эсвэл цалинжиххэлбэрээр ажлын байртай болсон.Тухайлбал, Компорт зочид буудлаас Ш.Мөнхбаяр ахад маань ажлын байр гаргаж өгсөн. Л.Мижиддорж, Ц.Булган хоёр маань Скай зочид буудалд бариа засалчаар ажиллаж байна. Гэхдээ манай аймагт хараагүй бариа засалч дэлгэрээгүй учраас хүмүүс сайн мэддэггүй. Хэвлэл мэдээллээр сурталчлах гэхээр бид халамжийн 216 мянган төгрөг авдаг хүмүүс учраас сурталчилж олонд таниулах боломж хомс байдаг.

-  Хараагүй хүмүүс бариа засалчаар ажиллахын онцлогийн талаар?

Мэдээж мэдрэмж илүү байдаг. Сул хараатай бүрэн хараагүй хоёр хүнийг зэрэг сургахад бүрэн хараагүй хүн нь түрүүлж тэр мэдлэгийг эзэмшдэг жишээтэй. Учир нь хараагүй хүний чадвар гартаа байдаг ч гэж багш нар үздэг юм байна лээ. Улаанбаатар хотод “Best massaj”-н төвүүд үйл ажиллагаа явуулдаг. Энэ төвүүдэд МХҮХ-ны Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн хүмүүс ажилладаг, бусад массажны төвүүдтэй харьцуулахад үнийн хувьд хямд байдаг. 

-  Брайль бичгийн боловсролыг гишүүддээ олгох тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

Манай аймагт брайль бичгийн боловсролтой хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс өнгөрсөн жил бид МХҮХ-нд хүсэлт өгч брайль бичгийн багшаа сургаж авсан. 2010 онд аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр аймгийн ЗДТГ-аас санхүүжилтийг нь гаргаж 10 хүнийг брайль бичгийн анхан шатны сургалтанд хамруулсан. Л.Мижиддорж багш маань тэдгээр хүмүүстээ зориулж гүнзгийрүүлсэн сургалтыг эхлүүлээд байгаа. Мөн бусад гишүүддээ хуваарь гарган брайль бичгээ захаар төлөвлөсөн. Ингэснээр гишүүд маань  тоо, үсэг сурахаас гадна манай нөхцөлд цахилгаан шатны товчлуур, авто машины хаалганы бариул, мөнгөний автомат машин зэрэг зүйлсийг хурууныхаа өндгөөр мэдрэх боломжтой болж байгаа юм. Мөн цагаан таягаа хэрхэн эзэмших тухай Орон зайн чиг баримжааны багшийг бэлтгэсэн. Энэ хоёр багш маань  22 хоногт  хоёр хүн сургадаг хөтөлбөртэй. Дарханд цагаан таяг барьж яваа хүмүүс Улаанбатар хоттой харьцуулахад бага байдаг. Энэ нь цагаан таягаа эзэмшээгүйтэй ихээхэн холбоотой. Энэ сургалтаар гэрээсээ Хараагүйчүүдийн нийгэмлэг, нийгэмлэгээсээ эмчийн өрөө, банк орох зэрэг гэрээсээ гараад явах гол гол маршрутыг яг тухайн обьектуудад таягийг нь бариулаад заадаг байгаа. Үүний үр дүнд хүмүүс маань цагаан таяг маш хэрэгтэйг ойлгодог болсон.

-  Хараагүй иргэд зориулсан халамжийн хуулийн хэрэгжилт ямар байдаг вэ?

Халамжийн хуулийн үндэслэлийг хүмүүс зөв ойлгомоор байна. Хуулинд  харааны чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан Харааны бэрхшээлтэй хүн харилцаа холбоо, түлээ нүүрсний хөнгөлөлтөд хамрагдана, 80 дээш хувьтай бол асаргаанд хамрагдана зэрэг ангилалтай байдаг.  Эдгээр үндэслэлээ зөв ойлгоогүйн улмаас нэг хууль сонсвол нийт харааны бэрхшээлтэй хүмүүст хамааралтай юм шиг ойлгож барьцах тохиолдол цөөнгүй байдаг.  Үүнээс гадна Халамжийн хуулинд ахмадуудын эрх зөрчигддөг. Жишээлбэл, жилд нэг удаа олгогддог түлээ нүүрсний хөнгөлөлтөнд бүрэн хараагүй, хэлгүй дүлий, одой иргэд хамрагдана гэж заасан байдаг. Гэтэл бүрэн хараагүй ахмадууд маань бүрэн хараагүй гэсэн халамжийн хуулиндаа хамрагдах уу, ахмадын хуулиндаа хамрагдах ёстой юм уу гээд маргаантай асуудал гарч эрх нь зөрчигдөөд байдаг.

-  Аймаг, орон нутгийн зүгээс хараагүй иргэдэд бодитой дэмжлэгийг үзүүлж чадаж байна уу?

Аймгийн удирдлагууд, аймгийн ЭМГ-ын дарга Батцэнгэлийн дэмжлэгтэйгээр бид Эрүүл мэндийн газарт байрлаж сургалт мэдээллээ гишүүддээ тогтмол хүргэдэг болсон. Аймаг, орон нутгийн удирдлагуудад хандсанаар орон нутгийн телевизээр цаг агаарын мэдээг уншдаг болсонд бидний зүгээс маш их талархаж байгаа. Телевизүүд маань бас цаг агаарын мэдээгээ тогтмол уншиж байгаасай гэж хүсэж байна. Цаашид мэргэшүүлэх сургалтанд хамрагдаад ирсэн хүмүүсээ нэгдсэн журмаар ажилтай болгох нь чухал байгаа. Энэ асуудалд удирдлагуудын зүгээс дэмжих хамтран ажиллахыг хүсэж байна. Мөн хараагүй иргэд цагаан таягаа бариад явах орчин нөхцөл манайд маш муу байдаг. Олон улсын стандартад явган хүнд зориулсан зам тавихдаа гол хэсэгт шар өнгөөр хараагүй иргэдэд зориулсан товгор шулуун хавтанг суурилуулдаг. Энэ товгор нь бөөрөнхий хэлбэртэй бол урд нь ямар нэг саад байгааг буюу  уг зам дуусгавар болж байгааг мэдэхэд нь зориулагдсан байдаг. Гэтэл манай аймагт Дархан сумын ЗДТГ-ын үүд хэсэг, 16 давхрын урд хэсэгт байдаг. Иймд холбогдох албаныхан цаашид ХБИ-д зориулсан орчин нөхцөлийг сайжруулахад анхаараасай гэж хүсэж байна.

Манай нийгэмлэг “Цагаан шөнө” нэртэй хамтлагтай. Хамтлаг маань хөгжимгүй учраас ямар нэгэн тоглолт хийхэд хөгжим хүнээс гуйх түрээслэх болдог. Тиймээс ирэх онд бид энэ хамтлагаа хөгжимтэй болгох зорилго тавьсан байгаа. Хөгжимтэй болчихвол цаашид бид Дархандаа төдийгүй өөр аймаг, орон нутгаар тоглолт хийхийг хүсэж байгаа. Энэ зорилгоо ажил болгохын тулд бид ОУ-ын байгууллагад төсөл бичсэн. Энэхүү төсөл маань дэмжлэг авбал хамтлагийн найман хүний амьдралд өгөөжөө өгнө шүү дээ. Энэ мэтчилэн бид өөрсдийнхөө хөдөлмөрөөр холбоондоо тодорхой хэмжээний бичиг цаасны ч болов төсөвтэй болчих зорилготой байна даа. Сүүлийн жилүүдэд төр засаг биднийг сонсож дэмждэг болсон. Тиймээс төр, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа уялдаж ХБИ маань нийгэмших томоохон гарц болж өгч байгааг хэлмээр байна.

ЯРИЛЦСАН: М.ГҮНЖИЛХАМ

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%